С.Ариунболор: 2.5 тэрбум төгрөгийн хохирол үүсгэсэн цахим гэмт хэргүүдийг шалгаж байна

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 11 сарын 07

 “Фэйсбүүкээ хакердууллаа. Фэйсбүүкээр маань нэвтэрч, найз нөхдөөс минь мөнгө зээлсэн байна” гэх иргэдийн мэдээлэл сүүлийн үед цахим орчинд нэлээд харагдах болов. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр олон бүртгэгддэг, шалгах, шийдвэрлэх байдал ямар үр дүнтэй хийгддэг, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч С.Ариунболортой ярилцлаа.

Цахим гэмт хэрэг гэдгийг бид хэрхэн ойлгох нь зөв бэ?

Цахим гэмт хэрэг нь цахим аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, цахим орчин дахь  гэмт хэрэг гэсэн хоёр ойлголттой. Цахим аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлд заасан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах, хор хөнөөлтэй программ хангамж ашиглах гэсэн гэмт хэргүүд байдаг. Энэ нь байгууллагын мэдээллийн сан, сүлжээг хакердах, мэдээлийг нь хулгайлж авах ойлголт юм.

Харин цахим орчин дахь гэмт хэрэг гэдэг нь цахим орчин хөгжөөгүй байхад иргэд  бие биенээ доромжлох, худлаа ярьж залилах, оюуны өмчийг хулгайлж аваад өөрийн болгох зэрэг хэлбэрээр үйлдэгддэг байсан нь цахим орчин луу шилжсэн хэлбэр юм. Цахим орчинд хүмүүс бие биеэ гүтгэх,  доромжлох, фэйсбүүк ашиглан залилан мэхлэх, садар самуун сурталчилах, оюуны өмчид халдах хэргүүд гарч байна.

Иргэний фэйсбүүкийг хакердаж, нууц үгийг нь солих, үргэлжлүүлэн найз нөхдөөс нь мөнгө зээлэх нэрээр залилах хэргүүд гарч байгаа мэдээлэл байна. Энэ талаар?

Цахим орчинд фэйсбүүк ашиглан залилан мэхлэх хэргүүд давамгайлж байна. Ийм хэрэг ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ гэвэл ихэнх тохиолдолд мэдээллийн урсгал фэйсбүүкээр дамждаг, фэйсбүүкийн хэрэглээ маш өндөр болсонтой холбогдож байна. Гэмт этгээдүүд тодорхой нэг мэдээллийн сайт, хүмүүсийн сонирхол татсан мэдээллийн зургийг ашиглан мэдээллийг дэлгэрүүлэн үзэх холбоосыг байршуулдаг. Иргэд мэдээлийг авахын тулд тухайн холбоосоор нэвтэрч, дараагийн сайт руу дамжин ордог. Тэр сайт нь гэмт этгээдүүдийн зохиомол буюу хуурамч сайтууд байдаг. Холбоосоор нэвтэрсний дараа танаас фэйсбүүкийн нэр,  нууц үгийг нэхдэг. Ихэнх хэрэглэгчид нэр, нууц үгээ хийгээд нэвтэрчихдэг. Тэр тохиолдолд хуурамч сайт нь таны оруулсан нэр, нууц үгийг автоматаар хадгалж авдаг. Ингээд гэмт этгээд таны фэйсбүүкийн нэр, нууц үгийг ашиглан таны фэйсбүүкт нэвтэрч, найз нөхөд, хамаатан садан зэрэг таны фэйсбүүкийн чатад байгаа хүмүүс рүү чинь “Би ийм хүнд байдалд орлоо. Яаралтай мөнгөний хэрэг гарлаа” хэмээн мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулж байна. Гэмт этгээдүүд  ихэнх тохиолдолд төдийлөн их биш, дунджаар 50-100 мянган төгрөг хүсч байна.

“Яаралтай мөнгө зээлээч” гэсэн мессеж явуулахдаа тодорхой дансны дугаар, данс эзэмшигчийн нэр өгсөн байдаг. Энэ нь хэрэгтнийг илрүүлэх сэжүүр болдог уу?

Цагдаагийн байгууллага хэргийг шалгах хэрэгтнийг илрүүлэхдээ олон төрлийн аргаар ажилладаг. Гэмт этгээдийн явуулсан дансны дугаар нь өөр нэгэн хохирогчийн данс байх тохиолдол ч бий.

Тухайн иргэний фэйсбүүкт нэвтэрч, найз нөхдөөс нь мөнгө зээлснийг хожим зээлдэгч мөнгөө нэхэхэд мэдэж, цагдаагийн байгууллагад хандах тохиолдлууд гарч байна. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна.

Иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

Иргэддээ сэрэмжлүүлж хэлэхэд хэрвээ фэйсбүүк аккаунтаа ашиглан мэдээлэл авах гэж байгаа бол заавал албан ёсны веб сайт, албан ёсны аппликейшнээр хандах хэрэгтэй. Фэйсбүүк дэх линкээр дамжих нь танд эрсдэл учруулж байгааг анхааруулъя.

Хоёрдугаарт хэрвээ цахим орчин, фэйсбүүкийг өдөр тутамдаа ашигладаг бол аккантынхаа нууц үгийг долоо хоногт, арав хоногт зэргээр тодорхой хугацаанд заавал сольж байхыг зөвлөж байна. Ингэснээр, та пишинг сайтаар фэйсбүүкийнхээ нууц үгийг алдсан ч тухайн гэмт этгээд таны нууц үгийг ашиглаж амжаагүй байхад нь сольж, өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна.

Цахим орчинд пишинг буюу хуурамч сайт, холбоос байршуулаад байгаа этгээдүүд программм хангамжийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэгтэй хүмүүс байна уу. Энэ талаар судалгаа байгаа юу?

Одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайн сэжигтэнтэй холбоотой хэргийг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр өгөх ёстой. Нийтлэг харагдаж байгаа зүйлийн тухайд пишинг сайт үйлддэг этгээдүүдийн тухайд веб сайт хийх чадвартай байхад пишинг сайт хийж болж байгаа нь харагдаж байна. Веб хуудас хийх чадвартай хэчнээн залуус байгаа билээ, тэр хэмжээнд пишинг сайт үүсэх боломж байна.

Пишинг сайтыг яаж таних боломжтой вэ?

Аливаа сайттай төсөөтэй хэлбэрээр, тухайлбал, нэг цэг таслал илүү эсвэл дутуу, нэг үсэг илүү эсвэл дутуу хэлбэрээр пишинг сайт үүсгэж, хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна. Үүнээс үүдэн тухайн байгууллагын албан ёсны сайт мөн эсэх асуудлаар маргаан ч үүсэж байна. Иймэрхүү байдлаар хуурамч сайт үүсгэх нь хүндрүүлэх заалттай, эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөлтэй байдаг. Тиймээс программ хангамжийн мэдлэгтэй, цахим орчинд ажилладаг залуус маань цахим орчинг гэмт хэргийн замаар ашиглах юм бол хүндрүүлсэн заалтайгаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас залуус сонирхож, ур чадвараа бусдад гайхуулах, бие биенээ давж гарах гэсэн байдлаас болоод гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд ч байна.

Цахим орчин дахь гэмт хэргийн талаар тоо баримтаар мэдээллэвэл?  

Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилан мэхлэх болон бусад төрлийн гэмт хэргүүд жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Сүүлийн таван жилийн хугацаанд фэйсбүүк, и-мейл хаяг ашиглан бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг 73 бүртгэгдсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд цахим орчин дахь гэмт хэрэгт 23 иргэн 860 орчим сая төгрөгөөр, 28 аж ахуйн нэгж 1.7 тэрбум төгрөгөөр, нийтдээ 2.5 тэрбум төгрөгөөр хохирсон хэргүүд бүртгэгдсэн.

Хохирлын 2.5 тэрбум төгрөгөөс эргэн төлөгдсөн мөнгөн дүн нь хэд вэ?

Одоогоор 80 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Гэхдээ цахим гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын хувьд бусад төрлийн гэмт хэргээс илүү цаг хугацаа зарцуулдаг тул удах хандлагатай байдаг. Компьютерийн цаанаас гэмт хэрэг үйлдэж буй этгээдийг тогтоон илрүүлэх, түүнийг ашигласан данс, мөнгөн гүйлгээг шалгах гээд цаг хугацаа их шаарддаг.

Аж ахуйн нэгжүүд цахим гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

Гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд албан бичгээ имейлээр явуулдаг, төлбөр тооцоогоо цахимаар гуйвуулдаг болсон. Энэ нь цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг үүсгэж байна. Эрсдэлийг яаж багасгах вэ гэхээр аж ахуйн нэгжүүд  компьютерийнхээ суурь програмууд, ялангуяа Windows-ийн програмуудаа албан ёсны лицензтэй програм авч ашиглах хэрэгтэй. Хэрвээ албан ёсны лицензтэй windows, kasperski, untivirus зэрэг програмуудыг ашиглаж байгаа бол танд ирж буй хуурамч и-мейл, пишинг сайтын хандалтыг компьютер өөрөө илрүүлэх, эрсдэлийг бууруулах боломж байдаг.

Манай байгууллага  фэйсбүүкт “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” гэсэн хуудсыг ажиллуулдаг. Энэ хуудсанд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санал шүүмжээ ирүүлж, зөвлөгөө мэдээлэл авч болно.

Фэйсбүүкээ хакердуулсан иргэний ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.