“Ахлах тогоочийн заавраар” шоуг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр хийнэ

Канадын Food network-ийн бүтээл, "Chef in your ear" шоуны Монгол хувилбар болох "Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ хүргэхээр нэвтрүүлгийн зураг авалтаа хийж эхэлжээ. 

Анх 2008 онд Канадын телевизээр үзэгчдэд хүрч байсан энэхүү нэвтрүүлэг бол хоёр ахлах тогооч, хоёр туслах тогоочийн хооронд өрнөдөг өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг юм. Тэмцээнд уригдсан ахлах тогооч нар зориулалтын бүхээг дотроос дэлгэц, микрофон ашиглан мэргэжлийн гал тогоонд, хоолны бүх материалаа аван хүлээж байгаа хоёр туслахдаа хоол хийхийг чихэвчээр дамжуулж заана. Өгөгдсөн меню-ний дагуу 60 минутын хугацаанд рестораны түвшний хоол хийж, төгсгөлд нь мэргэжлийн шүүгч нар дүн тавих юм.  

Энэхүү шоу нэвтрүүлгийг үзснээр үзэгч та бүхэн шилдэг тогооч нарын өрсөлдөөн, тэдэнд тулгарах өвөрмөц сорил, мэргэжлийн гал тогоонд ажиллаж байгаагүй хүмүүс хэрхэн амт чанартай хоол хийж сурч буйг сонирхолтой байдлаар хүлээн авах юм. Мөн та дээд зэрэглэлийн рестораны хэмжээний амт чанартай хоолыг гэртээ дуурайн хийх боломжтой. 

Тэмцээний оролцогчоор олны танил хүмүүс, эгэл жирийн хүмүүс оролцож байгаа бол хөтлөгчөөр кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо ажиллаж байна. Шоу нэвтрүүлгийн  “Ахлах тогооч”-оор хоолны салбарт олон жил ажилласан туршлагатай, мэргэжлийн тогооч нар ажиллана. Туслах тогооч нартаа чихэвчээр зааварлаж хоол хийлгэх эдгээр хүмүүс нэвтрүүлэгт оролцогчоос гадна шүүгчээр ажиллана. 


Ингээд ахлах тогооч нарыг танилцуулж байна.

Г.ТЭНГИС 
АХЛАХ ТОГООЧ

Зан төлөв: Алиа хошин зантай, бусадтай нийтэч, шударга үгтэй
Нас: 40 
Итали улсад Тогоочийн мэргэжил эзэмшсэн
Томоохон ресторануудад зөвлөхөөр ажиллаж байгаа
Итали хоолны тогооч нарын холбоог ахалдаг
Т-цаг хэмээх өөрийн нэрийн хоолны нэвтрүүлгээрээ алдартай

 


Ш.ЭРДЭНЭХҮҮ
АХЛАХ ТОГООЧ

Зан төлөв: Зарчимч, бусдад заах арга сайн эзэмшсэн
Нас: 50
Тогооч, хоол судлаач мэргэжилтэй
“Гүн Шим” сургалтын төвийн захирал
Өөрийн нэрийн хоолны нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан туршлагатай

 

 


П.ГАНБАТ
АХЛАХ ТОГООЧ

Зан төлөв: Даруу төлөв, тийм ч нээлттэй бус, ажилч хичээнгүй
Нас: 44
Blue Fin рестораны үүсгэн байгуулагч, захирал
Тогооч мэргэжилтэй, ажлын гараагаа АНУ аас эхлүүлж байсан 
Хоолны салбарт ажилласан 20 иод жилийн туршлагатай

 


Б.АРИУНБИЛЭГ
АХЛАХ ТОГООЧ

Зан төлөв: Тайван, нухацтай, ул суурьтай
Нас: 55 
Энэ салбарт 35 жил ажилласан туршлагай. 2000 оноос хойш одоог хүртэл  “Номадс турс

Экспедишнс” ХХК-д ажиллаж байна. Энэ хугацаанд  Хөвсгөлийн тайга, Дархадын хотгорын морин аялалууд, Хэрмэн цавын аялалууд, “Peaking to Paris ” 2007, 2010, 2013, 2016 Авто Ралли уралдаануудын олон олон жуулчдад үйлчилж, үндэснийхээ хоолны амт чанарыг танилцуулж явна.


Б.ТЭМҮЛҮН
“СВИЙТ КИТЧЕН”  ГРУППИЙГ ҮҮСГЭН   БАЙГУУЛАГЧ

Зан төлөв: Нийтэч, шаргуу, зорилгынхоо  төлөө тууштай тэмцэгч
Нас: 29 
Шинийг сэдэх, бүтээлч байх  нь түүний  ажиллах арга барил. Тэрбээр группээ  удирдахын зэрэгцээ хоолны сургалтууд  явуулж, C1 телевизээр хоолны нэвтрүүлэг  хөтөлж, VTV-гийн Master Chef тогооч нарын  тэмцээнийг шүүж, олон шинэ санаан дээр ажилладаг. 

 


Г.МӨНГӨНДОЛГИО
АХЛАХ ТОГООЧ

Зан төлөв: Хөдөлмөрч, шаргуу
Нас: 40 
Олон төрлийн сонирхолтой, цаг ямагт өөрийгөө хөгжүүлэгч нэгэн. 2011 онд Ирландад болсон олон улсын тогооч нарын тэмцээнээс хүрэл медаль авсан нь Монголдоо Европ  тивээс авчирсан анхны медаль байсан. Санхүүч мэргэжилтэй. Гэвч хоол хийх сонирхолдоо хөтлөгдөн ямар ч мэргэжилтнээс дутахгүй болгон хөгжүүлж чадсан.