Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 8, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 08

1. Ерөнхийлөгчийн талаар хуурамч мэдээлэл гаргасан сайтуудыг шалгана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголд байгаа БНХАУ-ын иргэдийг албадан гаргах шийдвэр гаргасан гэсэн агуулгатай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж байгаа билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг мэдээллийг ор үндэсгүй, худал мэдээлэл хэмээн няцаалаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын тэргүүний нэр хүндэд халдаж ор үндэсгүй, худал мэдээлэл тарааж буй Linkmn page, linkmn.net сайтыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсноо Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгджээ. [Eagle.mn]  

2. Гадаадад эмчилдэг 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчлэх боломжтой болов

Мэдрэлийн мэс заслын 2, зүрхний мэс заслын 1, хавдрын 2, гэмтлийн 1, үргүйдлийн 2 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо гэж ЭМЯ-наас мэдээлэв. Сүүлийн хоёр жилийн судалгаанаас харахад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамран, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулжээ. Дээрх өвчний улмаас эмчилгээнд хамарсан иргэд нийт эмчилгээнд хамарсан иргэдийн 71.2 хувийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68.9 хувийг эзэлж байна. [Montsame.mn]

3. Д.Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэх шаардлагатай

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцэж, мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсныг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Бид 2018 оны Улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага тавьж байна. Статистикийн мэдээллээр улсын дундаж цалин 966 мянган төгрөг гэж зарласан. 180 мянган төрийн албан хаагчдын дундаж цалин улсын дунджаас 239 мянган төгрөгөөр бага байна. Хуульд заасан цалингийн шатлалын дагуу цалинг нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ. [Gogo.mn]

4. “Ахлах тогоочийн заавраар” шоуг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр хийнэ

Канадын Food network-ийн бүтээл, "Chef in your ear" шоуны Монгол хувилбар болох "Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ хүргэхээр нэвтрүүлгийн зураг авалтаа хийж эхэлжээ.  Анх 2015 онд Канадын телевизээр үзэгчдэд хүрч байсан энэхүү нэвтрүүлэг бол хоёр ахлах тогооч, хоёр туслах тогоочийн хооронд өрнөдөг өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг юм. Тэмцээнд уригдсан ахлах тогооч нар зориулалтын бүхээг дотроос дэлгэц, микрофон ашиглан мэргэжлийн гал тогоонд, хоолны бүх материалаа аван хүлээж байгаа хоёр туслахдаа хоол хийхийг чихэвчээр дамжуулж заана. Өгөгдсөн меню-ний дагуу 60 минутын хугацаанд рестораны түвшний хоол хийж, төгсгөлд нь мэргэжлийн шүүгч нар дүн тавих юм. [Time.mn]

5. Н.Төгсцогтын өрсөлдөгч тулаанаас татгалзжээ

Мэргэжлийн боксын рингэн дэх арав дахь тулаанаа Лас Вегас хотноо арваннэгдүгээр сарын 18-нд хийхээр болсон KING TUG буюу Н.Төгсцогт өрсөлдөгч тулаанаас татгалзжээ. Түүний өрсөлдөгч АНУ-ын Хавьер Аугустин Мартинес түүнтэй тулалдахаас татгалзсан ч Филиппиний боксчин Хармонито Дела Торре түүнтэй тулалдахаар болсон байна. Өрсөлдөгч тамирчны х увьд 19 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан бол  Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст есөн тулаан хийж бүх өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялсан юм. [Ub.life]