Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг барих төсвийг хасаж суулгах гэж байна

Эдийн засаг / Time Admin
2017 оны 11 сарын 09

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ясли цэцэрлэгийн 10 дугаар цогцолборт хүүхэд нь хүмүүждэг эцэг эхчүүд, тус цэцэрлэгийн удирдлагууд жагсаал зохион байгууллаа. Тэд 10 дугаар цогцолборын барилгыг барих мөнгийг улсын төсөвт хасаж суулгах гэж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн жагссан юм.  Тодруулбал, 10 дугаар цогцолборын барилгын техник эдийн засгийн үндэслэл гарч, 5.3 тэрбум төгрөгөөр барих зураг төсөл гарсан байтал 2018 оны улсын төсөвт барилгын ажилд зориулж 2.5 тэрбум төгрөг суулгах санал ороод байгаа юм байна.

2.5 тэрбум төгрөг нь энгийн хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний мөнгө бөгөөд дээрх мөнгөөр  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг барих нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг зөрчиж буй асуудал гэдгийг эцэг эхчүүд онцолж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд стандартад нийцсэн, шаардлага хангасан өрөө танхимд хүмүүжснээр өөрт хэрэгтэй эмчилгээ үйлчилгээг авч, цаашлаад эрүүл хүүхдүүдийн хэмжээнд эмчлэгддэг гэдгийг тус цэцэрлэгийн нийгмийн ажилтан н.Энхцэцэг хэлсэн юм. Түүнчлэн “ТЭЗҮ нь 5.3 тэрбум төгрөг гэж гарсан байхад ямар шалтгаанаар 2.5 тэрбум төгрөг болгон бууруулж төсөвт суулгах гэж байгааг ойлгохгүй байна. Энэ асуудлаар салбарынхаа сайдтай уулзах гэсэн боловч амжаагүй байна. Биднийг хүлээн авч, асуудлыг нааштайгаар шийднэ гэдэгт итгэж байна” гэлээ.