Д.Ундраа: 2017 онд хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 157 дуудлага ирсэн

Ярилцлага / Time Admin
11 өдрийн өмнө

Сүүлийн үед хүүхэд хүчирхийлэд өртсөн, хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээлэл олноор гарч, иргэд, улстөрчдийн анхаарлын төвд байх болсон. Тиймээс ч УИХ-ын нэр бүхий гишүүд нэгдэн 2018 оны төсөвт хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулах төсвийг таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал хүргүүлэн, УИХ-ын байнгын хорооны дэмжлэгийг аваад байгаа билээ. Ингэснээр ирэх онд хүүхэд хамгааллын ажилд төсөв хүрэлцээгүй гэх асуудал үүсэхээргүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгаалын асуудалд зөрчил гарвал тухайн салбарын мэргэжилтнүүдийн чадавхи, хичээл зүтгэлтэй шууд хамаарах боллоо.

Хүүхэд хамгааллын үйлчилгээний чухал нэг салбар нь “Хүүхдийн тусламжийн утас-108”.  Байгуулагдаад гурван жил болж буй тус байгууллага ажлын үр дүнгээ хэлэлцэж байна.

Анх 2014 оны зургаадугаар сарын 1-ний өдөр зөвхөн дуудлага мэдээлэл хүлээн авах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол 2016 оны наймдугаар сараас “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” болон өргөжсөн юм. Ингэснээр хүлээн авсан дуудлагаа  21 аймаг, есөн дүүргийн салбар хэлтсүүд, сум, хороодын хамтарсан баг, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, орон нутгийн цагдаагийн газар, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг холбогдох бүхий л байгуулагатай нь холбон өгч, төрийн үйлчилгээний чиргэдсэн, олон дамжлагат байдлыг тусламж хүссэн иргэнд хөнгөвчилж өгсөн юм. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сараас 108 утасны үйлчилгээний төвийн дэргэд өндөр эрсдэл бүхий хүүхдэд 72 цагийн хугацаанд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Түр хамгаалах байр”-ыг туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн.

Улсын хэмжээнд хийгдсэн хүүхэд хамгааллын нийт кейсийн 85 хувь нь 108 дугаараар дамжсан байна. “Хүүхдийн тусламжийн утас 108”төвийн захирал Д.Ундраагаас цөөн асуултад хариулт авлаа.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Хүүхдийн тусламжийн утас 108” дугаарт хэчнээн дуудлага ирсэн бэ? Дуудлагыг төрлөөр нь ангилбал?

Нийт 730 мянга гаруй дуудлага ирсний 450 мянга гаруй нь зорилтот дуудлага байсан. Үүнээс хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага 45 мянга 800 орчим ирсэн байна.  Ялангуяа 2017 онд хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүүхдэд хамгааллын чиглэлээр, хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаар дуудлага өмнөх оныхоос 1.5 дахин нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлтийг хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний талаарх иргэдийн ойлголт сайжирсан байна гэж дүгнэж байна.

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэд өртсөн мэдээлэл олноор гарах боллоо. Танай байгууллагад яг энэ төрлийн дуудлага энэ онд хэчнээн бүртгэгдсэн, та бүхэн яаж ажилласан бэ?

2017 он гарсаар бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 157 ирсний 122-ыг нь цагдаагийн байгуулагад холбож өгсөн. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн тухайд хамтарсан багийн дүнэлт гарч, шат шатны арга хэмжээ, үйлчилгээнүүдийг үзүүлэн ажиллаж байна. 

108 дугаар 24 цагаар иргэдэд үйлчилдэг. Нэг ээлжиндээ хэдэн хүн ажилладаг, нэг өдөрт хэчнээн дуудлагад хариу үйлчилгээ үзүүлдэг вэ?

Одоогоор хүүхдийн тусламжийн 108 дугаарт өдөрт 450-500 дуудлага ирдэг бөгөөд түүний 62 хувь нь зорилтот дуудлага байна. Ирсэн нийт дуудлагыг өмнөх оныхтой харьцуулбал хамгааллын дуудлага 1.5 дахин, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага 1.7 дахин, зөвлөгөө хүссэн дуудлага 1.4 дахин, мэдээлэл авах дуудлага 1.5 дахин өссөн байна.  Харин тоглож залгасан дуудлага 1.5 дахин буурчээ.

108 утас ашиглалтад орсоны үр дүнг та яаж дүгнэх вэ?

Хүүхдийн тусламжийн 108 дугаар эрсдэлт нөхцөлд байгаа 7900 гаруй хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, цагдаа, эмнэлэг, хамтарсан багуудад холбож, үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллажээ.

108 үйлчилгээний төвийн дэргэд “Түр хамгаалах байр”-ыг ажиллуулж эхэлсэн. Тус байраар үйлчлүүлсэн хүүхдийн тоон мэдээлэл өгөөч?

Өнгөрсөн хоёрдугаар сараас “Түр хамгаалах байр”-ыг туршилтаар  ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд эрсдэлт нөхцөлд орсон 230 гаруй хүүхдийг хамгаалах байрандаа авч, эрүүл мэнд, сэтгэлзүй, нийгмийн тусламж үзүүлэн, гэр бүлд нь эргэн нэгтгэх, эсвэл асрамж халамжийн газарт хүргэх үйлчилгээг үзүүлсэн.

Танай байгууллагын боловсон хүчний хүртээмжтэй байдал,  мэдлэг, ур чадварын талаар та юу хэлэх вэ?

Улсын хэмжээнд санхүү эдийн засгийн байдал санйгүй байгаа тул боловсон хүчнээ нэмэх асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа. Бид нэг ээлжиндээ ахлах нийгмийн ажилтан нэг, сэтгэлзүйч гурав, шуурхай дуудлагын ажилтан нэг гэсэн бүрэлдэхүүнтэй 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна. 108 утсанд дуудлага өгч буй иргэд ихэвчлэн айж түгшсэн, уйлж орилсон байдлатай байдаг. Тиймээс тэдэнд үйлчилгээ үзүүлж буй дуудлагын сэтгэлзүйчид маань давхар стресст ордог. Цаашдаа ажилчдынхаа стресс менежментийн чиглэлээр ажиллах, тэднийг ахисан түвшинд бэлтгэх, сургалтуудад хамруулах төлөвлөгөө, хүсэлтүүд бий.