УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Төсвийн хүрээний есөн үзүүлэлтийн тавынх нь шаардлага хангаагүй

Улс төр / Э. Сайнзаяа
10 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Засгийн газрын өргөн барьсан хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрээс 30 хувийн татвар авна гэснийг тайлбарлана уу?

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

Эдийн засгаа хурдтай томруулах асуудал бидний өмнө үлдсэн. ХАОАТ дээр эрх шилжүүлсний 30 хувийг авна гэсэн муу тогтоол оруулж ирлээ. Тусгай зөвшөөрлийг ингэж авах болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдыг зугатаалгах юм. Эрх шилжүүлэх татвар нь шууд борлуулалтын  орлогоос авдаг. Найман нэрийн дэлгүүр эзэмших зөвшөөрөлтэй жижиг компани энэ объектоо 240 сая төгрөгөөр зарлаа гэхэд 80 сая төгрөгийн татвар авахаар болж байгаа юм. Тиймээс энэ 30 хувь гэсэн заалтыг ажлын хэсэг дээр ярьж байгаад 10 хувь болгосон. Засгийн газар 36 тэрбум төгрөгийн орлого олно гэж үзсэн юм билээ. Гэхдээ 36 тэрбум төгрөгийг олох гэж байгаад 3.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээх вий гэж гишүүд шүүмжилсэн.

Ажлын хэсгийн ахлагч Б.Тогтохсүрэн:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрээс авна гэж байхгүй. Зөвхөн газар эзэмших, ашиглах асуудал л орж байгаа. 30 хувийг бид 10 хувь болгож оруулж ирсэн. Цаашдаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасан байгаа. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үүнийг тусгасан. Энэ татварын хүрээнд 36 тэрбум төгрөгийг хурааж авах юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Газрын наймаа хоёр хүний хооронд явдаг. Үүнийг л таслан зогсооё гэсэн. Хууль хэвээрээ байгаа, юу ч өөрчлөгдөөгүй.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Бид уг нь ирэх жилүүдийн төсөөллөө хэлэлцэж байгаа. Тиймээс урт хугацааны дүр зургаа харж  байж хийж байгаа юу. Яагаад гэвэл бид байнгын хороогоор хэлэлцэхэд тойргийн асуудлаа л хэлэлцэж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

Төсвийн хүрээний мэдэгдлийг бид дараагийн гурван онд л ярьж байна. Хэрвээ улс төр тогтвортой, эдийн засаг сайн бол 2025 он хүртэл ярьж болно. Гэтэл эдийн засаг хүнд учир ирэх гурван оноор харж ярьж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Эрүүл мэндийн даатгалын хуулин дахь иргэнд хэрэгтэй гол гол заалтууд хэзээ хэрэгжих вэ? Эрүүл мэндийн даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаа сонгож үйлчлүүлнэ, тухайн зардал даатгалаас нь хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн зөвшөөрснөөс түүний даатгалаас шилжүүлж үйлчлүүлж болно гэсэн заалт байна. Энэ хэзээ хэрэгжих вэ?

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

Гэр бүлийн гишүүн ЭМД-ийн төлбөрөө шилжүүлэх асуудал хэрэгжээд явж байгаа.  ЭМД-ын шилмтгэлийн талаарх цахим бүртгэл шийдэгдээд явах боломжтой. Монгол Улсын иргэн сонголтоо хийж, дурын эмнэлэгтээ бүрдэх боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

Өөрдсийн барьсан төслөө дуртай өөрчлөх юм. Нийгмээ ердөө сонсохгүй байна, Засгийн газар. Цалин нэмье гээд байна. Багш нар ажил хаялт зохион байгуулна гэнэ. БСШУС-ын сайд нь сандарчихсан, ХНХ-ын сайд Эрүүл мэндийн даатгалын сангаа алдаад бухимдчихсан. Цаашдаа Засгийн газар яаж явах вэ? Ерөнхийлөгчийн өрөөг 500 сая төгрөгөөр засна гэж юу гэсэн үг вэ?

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Төсвийн хүрээний есөн үзүүлэлтийн тавынх нь шаардлага хангаагүй. Төсөв хэлэлцэж байх үед манай гишүүд өндөр шаардлага тавьж байсан. Сая Засгийн газар 1300 тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрээс татвар авах төсөл оруулж ирлээ. Үүнийг Төсвийн байнгын хороонд хэлэлцээд газар эзэмшигч, ашиглагч нараас л 10 хувийн татвар авахаар болгосон. Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-д шилжүүлэх нь буруу байсан. Эрүүл мэндийн үндэсний зөвлөл нь ЭМ-ийн сайдад хамааруулаад, даатгалын сан нь бие даах хэрэгтэй.  Сангийн сайд энэ асуудалд ямар байр суурьтай байсан бэ?

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

Ч.Хүрэлбаатар сайд худлаа яриад болдоггүй ээ. ХХОАТ-т өөрчлөлт оруулах тухай төсөлд 1600 төрлийн 100орчим мянган тусгай зөвшөөрөл эзэмшигч болгоноос 30 хувийн татвар авахаар оруулж ирсэн. Сангийн сайдын өөрийнх нь тайлбар, оруулж ирсэн хуулийн томъёолол хоёр зөрүүтэй байсан гэдгийг хэлье.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Тусгай зөвшөөрлийг аж ахуй нэгж эзэмшдэг. Газрын наймааг алга болгоё гэж оруулж ирсэн. Газрын бэлэглэлийн журмаар оруулж ирдгийг зогсоох гэсэн юм. Газрын наймааг дагасан далд бизнес хийхийг хориглосон. 
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.