2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Улс төр / Э. Сайнзаяа
11 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.11.10/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед төсөлд тусгагдсан эдийн засгийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, зарлагын өсөлт, тэнцвэржүүлсэн тэнцэл, хөрөнгийн зардлын хэмжээг бодитойгоор тооцож, холбогдох өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын даргын 156 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Цогтбаатар, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг нарын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.  

Гишүүд хэлэлцэж буй 2018 төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 төсвийн төсөөлөл үндсэн есөн шалгуур үзүүлэлтийн дөрвийнх нь шаардлагыг хангаагүй байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар гаргажээ гээд үүнд тайлбар өгөхийг хүссэн.

 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийг 2017 оны хавар баталсан. ОУВС-тай хийсэн хөтөлбөрт хамрагдсаны дараахь байдлыг харахад хавар баталсан тоонууд бодит байдлаасаа зөрсөн учир өөрчлөн оруулж байгаа гэлээ. Цаашид төсвийн төсөөллөө дунд хугацааны нөхцөл байдалтай холбон зөв дүгнэж байж төсөл зохиох ёстой гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төсвийн сахилга хариуцлагад онцгой анхаарч ажиллах болно хэмээн хариуллаа.

Түүнчлэн гишүүд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлоготой холбоотой заалт нэмж оруулах, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд эцсийн эзэмшигч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шууд бусаар шилжүүлсэн тохиолдолд  татварын албанд 10 хоногийн дотор мэдэгдэх тухай заалт нэмэх талаарх саналын талаар асууж, тодруулга авсан.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.