Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 10, 2017

Нийтлэл / Time Admin
11 өдрийн өмнө

1. Ирэх даваа гарагаас эхлэн багш нар хугацаагүй ажил хаяна

“Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ны тэмцлийн үр дүнд БСШУСЯ-наас багш, ажилчдын цалин дээр 516 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон билээ. Тэгвэл Үйлдвэрчний эвлэлтэй бүх нэгжүүдийн багш ажилчид дээрх урамшууллыг эсэргүүцэн ирэх даваа гарагаас буюу 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хугацаагүй ажил хаяхаар болжээ. Тэд “Нэг удаадаа олгох 516 мянган төгрөгний урамшуулал бол амжилт биш. 300 мянган төгрөгийг угаасаа төрийн албан хаагчдад олгох шийд гарсан байсан. 216 мянган төгрөгний тухайд бид 45 хувиар бодуулаад урамшуулал авдаг өмнө нь байсан зүйл” гэжээ. [Time.mn]

2. Өдөрт 180 хүн халтиргааны улмаас бэртэж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өдөрт ойролцоогоор 400 гаруй өвчтөн ирж эмчилгээ үйлчилгээ авч байна. Үүний 47 хувь нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан байгаа аж. Насны хувьд 45-аас дээш насны иргэд зонхилж байгаа бөгөөд гэмтлийн гол онош нь  дээд доод мөчдийн хугарал, толгойн гэмтэл эзэлж байна. Сүүлийн өдрүүдэд цас их хэмжээгээр орсны улмаас хотын халтиргаа гулгаа, замын түгжрэл, осол, аваар бэртлийн тоо эрс нэмэгджээ. [Gogo.mn]  

3. БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулжээ

БНСУ-ын Цагаачлалын алба холбогдох бусад байгууллагатай хамтран tнэ сарын 7-ны өдөр Кёнги аймгийн Ичон хотод байрлах аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт хийж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй 191 гадаад иргэнийг илрүүлэн нутаг буцаажээ. Солонгос иргэдийн ажлын байрыг хадгалахын тулд шалгалтыг цаашдаа тогтмол хийх ажээ. Мөн БНСУ-ын Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн биржээс санал болгосон албан ёсны ажлын байранд хууль ёсны дагуу ажиллахыг анхааруулав. Иймд тус улсад гурван сарын хугацаагаар нэвтэрсэн Монгол иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байхыг хүсчээ. [Medee.mn]  
 
4. Хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлжээ

Өнгөрсөн наймдугаар сараас хойш олгогдоогүй хүүхдийн мөнгөний Сангийн яамнаас санхүүжилтийг нь шийдсэнээр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын данс руу шилжүүлж эхэллээ. Хэдэн сарын хугацаанд тасалдаад байсан хүүхдийн мөнгийг төсвийн тодотголоор шийдэхийн тулд, нийт 104,5 тэрбум төгрөгийг суулгасан юм. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар хүүхэд бүрийн нэрийн данс руу 8-10 дугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлэх ажлыг хийж байна. Нийт 62.5 тэрбум төгрөг зохих данс руу орж байгаа аж. [Montsame.mn]  

5. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүргэдчин охин” хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүргэдчин охин” нэрээр олон улсад алдаршаад буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Айшолпан Нургаевийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. 10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино энэ сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагнал хүртсэн байна. [Eagle.mn]  

6.АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Ази-Номхон далайн орнуудын Эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалт Вьетнам улсад эхэллээ. Энэ уулзалтад АНУ, БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, Тайланд гэхчлэн Ази-Номхон далайн томоохон төлөөлөл болсон орнууд оролцдог юм. Уулзалтын эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японтой худалдааны тэнцлээ тэнцвэржүүлэх зорилготой гэсэн бол Хятад улсад айлчлах үедээ 250 тэрбум ам.долларын худалдааны гэрээ байгуулсан юм. Мөн ОХУ-ын хувьд энэ удаагийн чуулга онц ач холбогдолтой болж байна. Тус улс Азийн зах зээлд илүүтэй чиглэсэн эдийн засгийн бодлого баримтлахаар ажиллаж буй юм. [BBC]

7.Францын төрийн тэргүүн Саудын Арабт гэнэтийн айлчлал хийлээ

Францын Ерөнхийлөгч Эмануэл Макрон Саудын Араб улсад гэнэтийн айлчлал хийлээ. Энэ айлчлалаар Ливанд үүсээд байгаа улстөрийн тогтворгүй нөхцөл байдлын асуудлаар түлхүү ярилцах үүднээс уг айлчлалыг эхлүүлсэн байна. Түүнийг Саудын Арабын ханхүү Мохамед Бин Салмен хүлээн авсан бөгөөд сүүлийн хэдэн сарын турш Ливан, Йемений эсрэг Саудын Араб улс ширүүн тэмцэлдэх болсон учраас гурван орны хооронд улстөрийн тайван бус нөцхөл байдал үүсээд байгаа юм. [BBC]

8.93 настай ахмад дайчин Нью-Жерсигийн захирагч болов

Дэлхийн II дайнд оролцож явсан 93 настай ахмад дайчин Витто Перилло АНУ-ын Нью-Жерси мужийн захирагчаар сонгогдлоо. Тэрбээр одоогийн захирагч Жералин Мюллинтэй өрсөлдөж, арьс өнгөөр ялгаварлах үзэл, нийгмийн халамжийн ижил тэгш бодлогын хувьд сонгогчдод илүүтэй таалагдсан учраас 53 хувийн саналаар ялалт байгуулжээ. Витто 1944-1947 оны хооронд АНУ-ын Тэнгисийн цэргийн флотод алба хааж байсны сацуу Нормандын эрэгт явагдсан Холбоотны цэргийн давшилтад оролцож байсан гэнэ. Ухаан саруул, үг хэл одоо ч цэцэн Витто Перилло нь түүхэн дэх хамгийн ахмад настай амбан захирагчаар нэрлэгджээ.[CNN]

9.Их Британи 2019 онд Европын холбооноос гарна

Brexit буюу Их Британи улс Европын холбооны гишүүнчлэлээс албан ёсоор татгалзах хуулин төсөл батлагдаж, олон нийтийн санал асуулгаар дэмжигдсэн учир тус улсын Ерөнхий сайд Тереса Мэй ирэх 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Европын холбооноос албан ёсоор гарах болно гэж мэдээллээ. Уг мэдэгдлийг Их Британийн парламент хянаж үзээд, нэгдсэн шийдэлд хүрвэл Их Британи Евро бүсээс нэг мөр гарах юм. Хэдийгээр Европын холбооны эрх баригчид Их Британийг үлдэхийг ятгасаар байгаа ч тус улсын дээд эрх мэдэлтнүүд нэгдсэн шийдэлд хүрснээ ийнхүү зарлаж буй бололтой. [BBC]

10.Хазардын мөрөөдөл Зиданы удирдлагад очих

Челсигийн хагас хамгаалагч Эден Хазард ирээдүйд Реал Мадридын босс Зинадин Зиданы удирдлага дор тоглох мөрөөдөлтэй гэдгээ нуусангүй. Мөн тэрбээр Зиданыг шүтэн биширдэг нэгэн бөгөөд Зиданы багийн төлөө Европын аваргын тэмцээнүүдэд орж, Ла Лигт түрүүлж үзэхийг хүсдэгээ ярьжээ. Түүнчлэн Бельгийн шигшээн од Манчестер Юнайтедын босс Жозе Моуриньотой дахин гар нийлэх хүсдэг талаараа ч цухуйлгаад авсан байна. [Sky Sports]