Р.Байгал: Ямар ч насны хүмүүс иог, бясалгалаар хичээллэж, аз жаргалтай, урт удаан наслах боломжтой

Ярилцлага / Time Admin
10 өдрийн өмнө


Монголд иогийн ухааныг анх дэлгэрүүлж, хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн иогийн их эмч, Монголын иогчдын холбооны Хүндэт ерөнхийлөгч, “Дагинас” иогийн төвийн багш Р.Байгалтай ярилцлаа.

-Монголд анх удаа иог дэлгэрүүлсэн хүмүүсийн нэг бол та. Таныг “Иогийн Байгал” гэдгээр чинь хүмүүс андахгүй. Анх иогийн эмч болсон тухайгаа сонирхуулахгүй юу?

-Би 1969 онд АУДС-ийн эмчилгээний ангийг төгсөөд Улсын клинкийн нэгдсэн I, II эмнэлэгт дотор, Эндокринологийн их эмчээр ажиллаж байлаа. Тэр үед 1984 онд Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас Монгол эмч нарыг Энэтхэгийн уламжлалт иогийн эмчилгээний арга барилд сургах анхны санал ирэхэд нь би явж суралцсан юм. Би өмнө нь иогоор хичээллэдэг байсан болохоор үргэлжлүүлэн сурахыг хүссэн. Тэгээд Энэтхэг улсын шинэ Дэли хотод Вишьваяатан Иогашрам институтэд гурван сарын хугацаатай суралцаж ирээд эмнэлгийнхээ нөхөн сэргээх тасагт анхны Ха-Тха иогоор эмчлэх кабинет нээж байлаа. Сувилагчаа бас сургаад, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийнхээ өвчинд тохируулан хамар, ходоод, гэдсийг давстай усаар угааж цэвэрлэх аргуудыг хэрэглэж, давхар иогийн дасгал хөдөлгөөнүүдээр эмчилж, их үр дүнтэй ажиллаж байсан. Мөн амбулаторийн үйлчилгээнд ирсэн эрүүл болон өвчтэй хүмүүст иогоор хичээллэх аргуудыг зааж дасгал эмчилгээг хэрэглэж байлаа. Дараа нь 1987 онд Энэтхэгээс ирсэн иогийн мэргэжлийн багш гурван сарын хугацаатай сургалт зохион байгуулахад бас хамрагдсан. Тэр сургалтанд 18 эмч, сувилагч суралцаж, бэлтгэгдээд Нэгдсэн эмнэлгүүдэд иогийн эмчилгээний кабинетийг нээж ажиллуулж байлаа.

Иогийн эмчилгээ хэр үр дүнтэй вэ?

-Иогийн эмчилгээ бол амьсгалын замын, ходоод гэдэс, цөсний өвчтэй хүмүүсийг эм хэрэглэхгүйгээр эмчлэн, биеэс хорыг гадагшлуулах үр дүнтэй эмчилгээ. Иогийн дасгалаар хичээллэснээр сэтгэл санааны хямралаас гарч амар амгалан болж, сэтгэл ариусан ажил амьдралын идэвхи мэдэгдэхүйц сайжирдагаараа маш онцлог үр дүнтэй. Мөн бүх төрлийн үе мөчний өвчнийг хөдөлгөөн, дасгалаар аажмаар эмчлэхэд хялбар байдаг гэх мэт ер нь иог, бясалгалын аргууд ямар ч өвчнийг биед нь тохируулан эмчлэхэд үр дүнтэй. Харамсалтай нь 1996 оноос хойш энэ эртний Веди уламжлалт иог эмчилгээ Монголд хийгдэх нь багассан. Гэхдээ одоо дахин сэргэж олон хүмүүс сонирхон суралцаж эрүүл мэнд, гоо сайхандаа анхааран бясалгалаар хичээллэх болсон нь үнэхээр баярлууштай.

-Өрнийн анагаах ухааны эмч хүн мөртлөө уламжлалтын эмч бас хийж явсан гэсэн. Уламжлалт анагаах ухаанд хаана суралцсан бэ?

-Манай улс 1980 оноос улс даяараа эмийн бус эмчилгээгээр хүн ардаа эмчлэх аргууд сонирхон янз бүрийн сургалтуудыг эмч нарын дунд зохион байгуулж байсан юм. Сургууль цэцэрлэгүүдэд эрүүл амьдрах арга барилыг зааж сургаж байсныг санаж байна. Улсын клиникийн 1-р эмнэлэгт ажиллаж байхдаа уламжлалт анагаах ухааныг их сонирхож өвчтөнүүдээ Европ эмчилгээгээр эмчлэхээс гадна уламжлалтын эм тан уулгах, бариа засал хийх, ханах төөнөх эмчилгээнүүдийг давхар хийж эхэлсэн. Манай хоёр өвөө уламжлалт эмчилгээ хийдэг лам маарамба хүмүүс байсан. Тэднээс тан барихыг сурч, өөрөө ч тан уудаг байлаа. Тэгээд 1990 оны эхээр өвөөгийнхөө зөвлөснөөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Туваан гэдэг маарамбатай танилцан судас барин шинжлэх, шээсээр оношлох арга, хануур төөнүүр эмчилгээнд суралцсан юм. Тэр үеийн маарамбууд эм танг өөрсдөө гараараа бэлтгэдэг байсан болоод ч тэр үү цөөхөн тоогоор тан барьдаг, тэр нь их үр дүнтэй байсан нь надад урам өгч байлаа. Уламжлалт анагаах ухаанд суралцаж байхдаа би Нэгдсэн эмнэлэгтээ ажиллаж байсан юм. Тухайн үед манай нөхөн сэргээх эмчилгээний тасагт дорно дахины анагаах ухааныг нэвтрүүлэхээр уйгагүй ажиллаж байсан Должин-Очир эмчийгээ дурсахгүй байхын аргагүй. Тэр үед олон янзын архаг өвчтэй хүмүүст хануур, самнуур, төөнүүр, зүү, бариа засал хийхийн зэрэгцээ тасгийнхаа залуу эмч нарт эдгээр эмчилгээнүүдийг зааж сургаж байсан нь уламжлалт ангаах ухаанаар хүн эмчлэхэд минь их тус нэмэр болсон гэж боддог. Ингээд ойр зуур хүн эмчилдэг болоод байж байтал 1991 онд манай нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн эмч, хүний гавъяат эмч Төмөрбаатар намайг хамт уламжлалтын эмнэлэг байгуулъя гэж санал тавилаа. Төмөрбаатар бас өрнийн анагаахын эмч байсан мөртлөө уламжлалт анагаах ухааныг их сонирхдог хүн байсан. Тэгээд бид хоёр дотрын эмч Бямбаатайгаа гурвуулаа эмнэлэг байгуулж байлаа. Эмнэлэгтээ ажиллаж байхдаа би уламжлалтын эмчилгээнд шамдан суралцсан. Гэхдээ би уламжлалт ангаах ухааныг төгс эзэмшсэн мэргэжлийн эмч бол биш. Эмчээр ажиллахын зэрэгцээ иогийн багш, эмчээ хийсээр өдий 70 насыг зооглож байна. Би одоо ч багшилдаг. Хүний амьдралд яриад ч барагдахгүй сонирхолтой зүйлүүд тохиолдсон байдаг шүү дээ. Би уламжлалт анагаах ухаанаар өөрөө эмчлүүлж, ач тус, давуу талыг нь мэдэхийн хувьд одоо ч уламжлалтаар байнга эмчлүүлдэг.

-Олон жил идэвхитэй хөдөлгөөн хийж, уламжлалтын эм тан ууж ирсэн болохоор тэр үү, таныг 70 настай гэж хэлэхээргүй эрч хүчтэй байна. Таны амьдралын хэвшлийг сонирхъё?

-Баярлалаа. Үнэндээ иогийн эмчийн мэргэжилд суралцсан нь надад их олон талын мэдлэг боловсрол олгож хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллахад минь тус болсонд бахархан баярлаж явдаг. Мөн хийж байгаа ажил маань миний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлж, өдий насыг наслуулж байгаа байх. Би уламжлалтын эм тан ууж, төрөл бүрийн засал эмчилгээнүүдийг нэлээд хийлгэдэг байсан нь ч тус болсон. Ер нь уламжлалт анагаах ухаан, иог бясалгал бол хүний бие махбодын хий, шар, бадган, хүний энергэн бие болон хүрд, хийн гүйдэл гүйх сувгуудын саад бөглөөсийг арилгаж эмчлэхэд чиглэгдсэн цогц эмчилгээ байдаг. Тиймээс ямар ч насны хүмүүс иог бясалгалаар хичээллэж аз жаргалтай урт удаан наслах боломжтой. Хүн бүр өөрийнхөө эрүүл мэндийг анхаарч, аль болох өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, өвчин эмгэг туссан ч өөртөө хатуу дэглэм баримтлан, сэтгэл санаагаа ариусган тайван амьдрах ямар нэгэн арга ухаанд суралцах хэрэгтэй. Монголын уламжлалт анагаах ухаан эртний уламжлалт Аюур Вэдийн гүн ухаан хоёр салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн учраас орчин үед хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа асуудлуудыг гэтлэн давахад энэ хоёр ухаан гарцаагүй туслаж чадна.

-Та уламжлалт анагаах ухааны ач тусыг хүртсэн, өөрөө сонирхон судалсан хүний хувьд хэлэхэд уламжлалт анагаах ухаан юугаараа онцлог вэ?

-Манба Дацан эмнэлгийн зөвлөх оточ, Хамба лам Д.Нацагдорж манай өвөөгийн шавь юм. Өвөөг маань ганданд суудаг байх үеэс бид танилцаж, 30 гаруй жил ах дүү шиг нөхөрлөн, багш, шавийн барилдлагатай болсон хүмүүс. Би хамба лам Д.Нацагдоржоос тан их залдаг, Манба Дацан эмнэлэг анх байгуулагдсан цагаас л үйлчлүүлж ирсэн хүн. Би Манба Дацан төвийн түүхтэй холбогдсон хүн. Манба Дацан хийд байгуулагдахад анхны хуралд нь сууж байлаа. Тэр үед Манба Дацан хийдийн лам нарын ихэнх нь залуу лам нар байсан. Одоо тэд уламжлалтын их эмч, эрдэмтэн, доктор болж гадаад дотоодод нэр хүндтэй ажиллаж байгаа нь бахархалтай санагддаг. Өөрөө хүн эмчлээд, уламжлалтаар эмчлүүлээд явж байгаа хүний хувьд харахад уламжлалт эмчилгээ хөгшин, залуу ямар ч хүнд тохирдог. Их үр дүнтэй. Өвчин эхэлж байх үед бол бүр амархан эдгэдэг. Манай Монголчууд нэг хэсэг уламжлалт анагаах ухаанаа орхиод энэ талаарх мэдлэг, мэдээлэлгүй болчихоод одоо эмчилгээний үр дүнд нь итгэж ядаад байгаа юм. Түүнээс биш Монгол хүн болгон уламжлалт эмчилгээг залуу наснаасаа хийлгээд явбал эрүүл байж чадна. Уламжлалт анагаах ухааны таван махбодын онол, өвчин сэтгэлтэй холбоотой гэдгийг ойлгоод, уламжлалтаар үйлчлүүлдэг болвол уламжлалт анагаах ухаан хүний биеийг цогцоор нь эмчилдэг маш онцлогтой анагаах ухаан. Энэ бол хамгийн том давуу тал нь. Европ анагаах ухаан эмчилж хүч хүрэхгүй байгаа өвчнийг уламжлалт анагаах ухаан эдгээчихээд байгаа шүү дээ. Уламжлалт анагаах ухааны гайхамшиг нь юунд оршиж байна гэхээр уламжлалтын эмч, маарамбууд судас оношилгооны тусламжтайгаар хүний биед орчихож байгаад юм. Ийм л дотоод авъяас чадвартай хүмүүс байдаг. Ийм чадвартай мундаг эмч нарыг нь Оточ Манрамба Их сургуулийнхан төрүүлж байгаа. Манба Дацан эмнэлгийн эмч нар бүгд Оточийн төгсөгчид. Бүгд чадвартай сайн эмч нар. Манла бурхан шигээ энэрэнгүй, өвчтөнийхөө төлөө гэсэн сэтгэлтэй. Эмч хүний хувьд энэ бүхнийг хараад их баярлаж, бахархаж явдаг. Тиймээс хүний гавъяат эмч, Хамба багш Д.Нацагдорж, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Манба Дацан төвийн хамт олондоо баярлалаа, та бүхний ажил үйлс арван зүгтээ дэлгэрэн хөгжих болтугай.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №10 (39)