Ойлгомжтой хэллэгээр олон хүнд хүргэхсэн

Бурхан багшийн тууж зохионгуй хийгээд түүний гэгээн ариун сургаал номлолуудыг олон түмэнд ойлгомжтой хэллэгээр түгээн дэлгэрүүлмээр санагддаг. Хятад, Япон зэрэг азийн хөгжингүй улс орнуудын төр засгаас энэ тал дээр ихээхэн анхаардаг нь ажиглагддаг л даа. Ингээд дор өөрийн уншсан нэгэн домгийг та бүхний таалалд хүргэхээр шийдлээ. 

Бурхан багшийн үед Кусоло нэрт жижиг ханлигийн хаан Капилавасту улсын гүнжийг эхнэр болгон авахаар гуйж гэнэ. Бурхан багшийн эцэг Ариун идэшт хаан Капилавасту улсыг захирч байгаад өөд болсон үе бөгөөд төрийн эрхийг барьж байсан Шагжа язгуурын нэрт жанжин Маханама тэр асуудалд хэрхин хариу өгөхөө шийдэж ядан байжээ. Тэгсээр эцэс сүүлдээ өөрийн гэрийн Мори нэрт нэгэн үзэсгэлэн гоо шивэгчинг гүнжийн дүрээр гоёж гоодоод илгээтэл Кусоло улсын хаан Пасенади ихэд баярлан том хатнаа болгосон нь удаж төдөлгүй нуган үр төрүүлсэн гэдэг.

Вирудхака нэрт тэр хөвгүүнийг зургаан нас хүрдэг жил Пасенади хаан шадар сайдынхаа хамтаар түүнийг өвөөгийнх нь гэрт зочлуулахаар явуулжээ. Үнэн чанартаа өвөө нь биш гэдгийг дээр өгүүлсэн шүү дээ. Нөгөө учир мэдэхгүй жаахан амьтан чинь энэ тэрүүгээр тоглож явсаар Шагжа угсааныхан Бурхан багшид зориулан барьж байгуулаад байсан шинэ сүмийн үүдээр алхан оржээ. Түүнийг харсан үүдний харуул ихэд хилэгнээд: «Муу хар гэрийн боолын хүү чи! Манай Шагжаа овгийн Аугаа их Богдод зориулан босгосон ариун сүмд аймшиггүй алхан орж зүрхлэнэ гэнэ ээ?» хэмээн хилэгнэн хөөж гаргаад шадар сайддаа хов мэдүүлтэл дээр доргүй ихэд бачимдан уурлаж Вирудхака хүүгийн хөлийн мөр гишгэсэн газрын хөрсийг гурван тохой ухуулж шинэ шороогоор дүүргээд гантиг чулуугаар өнгөлүүлсэн гэдэг. Тэр бүхнийг харсан зургаахан настай хүү ихэд уурлан хорсож: «Би эрийн цээнд хүрч эцэг хааны сэнтийд заларсан даруйдаа нааш цэрэглэн халдаж Шагжа овгийнхныг хүйс тэмтрэн устгах болно.» хэмээн хатуу тангараг тавьж түүнийг цаасан дээр бичүүлээд химэрлэг торгон уутанд хийж шадар сайддаа хадгалуулжээ.

Кусоло улсын Пасенади хаан уг нь Бурхан багшид чин сүжигтэй гэдгээрээ зартай хүн байсан гэдэг. Гэтэл хүү нь эрийн цээнд хүрдэг өдрөө төрийн эргэлт гаргаж эцэг, эх хоёроо шоронд өлбөрүүлэн үхүүлээд их цэргээ босгон Капилавасту улс руу хөдлөхийг Бурхан багш Рид хувилгааныхаа хүчээр урьдчилан мэджээ. Тэр үед их цэргийн замд Богд лам завилан сууж байх бөгөөс буцаж явдаг дэг жаягтай байсан гэдэг. Мөнөөх жаягийн дагуу эх орон элгэн садандаа тулгарсан их аюулыг түр ч атугай холтгон зайлуулахын тулд Бурхан багш гурван өдөр дараалан Вирудхака хунтайзын их цэргийн замыг тосон сууж буцаасан аж. Харин дөрөвдөх өдөр олигтой юм болохгүй гэдгийг мэдээд царай барайлган суухыг Рид хувилгаанаар тэргүүн гэгддэг шавь Мангалжийбуу ажиглаад учрыг асуужээ.

«Манай Шагжа овгийнхон ертөнцийн жаргал цэнгэлд ташуурч, буян номын мөрийг хөөх нь ховор байсны гороор их айхтар аюул тэдэнд нүүрлэх нь тодорхой боллоо.» хэмээн Бурхан багш айлдахад түүний хариуд Мангалжийбуу өгүүлрүүн: 

«Бурхан багш аа! Түүнд санаа зовоод байхын хэрэг юусан билээ. Би дайсны цэргүүд хүрч ирэх агшинд манай Капилавасту улсын нийслэл хотыг бүхэлд нь гараараа дээш өргөөд агаарт өлгөчихвөл тэд яаж чадах билээ дээ?» гэжээ. Бурхан багш хариу зарлиг болруун: 

«Рид хувилгаан хичнээн айхтар мундаг байлаа ч гэсэн хийсэн үйлийн үр биежихийг хариулж дийлдэггүй гэж би сургадаг байсныг мартаа юу?» гэжээ. Мангалжийбуугийн рид хувилгаан асар гайхамшигтай болохоор нэгэн цагт Бурхан багшийн айлдсан ном хэр зэрэг хол дуурсдагийг мэдэх гээд орчлонгийн хязгаарт зорчин хүрч байсны сацуу, өөр бусад Бурханы орноос уул мэт том биетэй дөрвөн хуврагийг аваад ирдэг хүн байж л дээ. Гэтэл хийсэн үйлийн үрийг тийм гайхамшигтай рид хувилгааны хүчээр дийлэхгүй гэдгийг анзаарч байна уу? 

Хоёр талын тулаан ид ширүүсч байх үеэр өөрийн рид хувилгааны хүчинд дэндүү эрдсэн Мангалжийбуу нийслэл хотын хана хэрмэн дээгүүр дүүлэн нисэж ороод Шагжа язгуурын үзэсгэлэн гоо таван зуун идэр залуу настай охид хөвгүүдийг эрдэнийн бумбанд багтаан хийгээд буцан нисчээ. Тэгээд Бурхан багшийн залран суугаа газар оронд хүрч ирээд нөгөө бумбыг нээж үзтэл дүүрэн бялдсан цус болон хувирсан байхыг үзээд орь дуу талбин уйлсан гэдэг юм.Бодвол ачит багшийнхаа сануулан хэлсэн үгэнд итгэхгүй тэр олон сайхан залуугийн алтан амийг талаар үрчихлээ гэж харуусан бодоо байлгүй. Түүнээс хойш үйлийн үрийг рид хувилгаан ч дийлэхгүй гэдэг ёс үнэн болохыг хатуу ойлгосон ажгуу.

Вирудхака хунтайзын цэргүүд хотын хэрмийг эвдлэн ороод урьд хожид үзэгдээгүй айхтар хядлага явуулжээ. Эр эм гэлтгүй барьж аваад амьдаар нь нүдийг ухаж, хамар чихийг нь огтлож байсан нь нүд халтирмаар. Тэр үед өвгөн настай болсон Маханама жанжин уг нэрэн дээрээ зээ хүү нь болох учиртай Вирудхака хунтайзын өмнө хүрч ирээд: «Хүү минь! Би яадаг ч байсан чиний өвөө билээ. Би энэ урд байгаа цөөрмийн усанд ороод амьсгаагаа түгжих хооронд чи амжиж зугтсан хүмүүсийн амийг хэлтрүүлээч!» гэж гуйжээ. Тэр нь Вирудхака хунтайзад ихэд зугаатай санагдсан болохоор тэр гуйлтыг зөвшөөрчээ. Өвгөн ч цөөрмийн ус руу амьсгаагаа түгжин ороод далдарчээ. Тэр хооронд амьд үлдсэн хүмүүсээс чамгүй олон нь зугтан зайлж амжив. Гэтэл өвгөн гарч ирэхгүй байхыг үзээд хоёр барлагийг тийш оруулж үзүүлтэл усан доор байсан модны дархинд гэзгээ уяад түүнээс тас тэврэн үхсэн байхыг олж гаргасан байна. 

Вирудхака хунтайз сая жаахан сэхээ ороод зугтан зайлсан хүмүүсийг барьж хүйс тэмтэр гэж тушаах гэтэл Бурхан багшийн элч тэрхэн мөчид залран ирээд: «Хийсэн үйлийн үрийн хариуд чинь маргааш өдөр гэхэд чамайг таван аянга ниргээд завсаргүй тамд унагаах нигууртай болохыг Бурхан багш зарлиг боллоо.» хэмээн дуулгажээ. Хунтайз сая л нэг юм үйлийн үрийн хүнд хариуг амсах болсноо ухааран ойлгоод эд хөрөнгө эмс хатдаа дагуулан усан онгоцонд суугаад далайн мандал руу гарсан гэдэг. Тэгээд маргааш нь бүтэн өдрийн турш цэлмэг, тогтуун сайхан өдөр байсаар нар жаргах дөхөхөд Вирудхака хунтайз тас тас хөхрөөд: «Буддагийн сүр бадраагаад байдаг үйлийн үр гээч нь энэ үү?» хэмээн басамжлан хашгирах агшинд цэлмэг тэнгэрээс таван аянга бууж ирээд түүний суусан онгоцыг ор мөргүй ниргэж живүүлсэн гэдэг юм.