ЭРИХ ФРОММЫН “СОНСОЖ СУРАХ” 6 ДҮРЭМ

Нийтлэл / Ц. Ариунсанаа
8 өдрийн өмнө

Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм (1900–1980)-ын номуудаас одоогоор “Хайрлах урлаг”, “Эрх чөлөөнөөс дайжихуй”, “Бий эсвэл байх”, "Найдвараа хувьсгахуй" зэрэг номууд нь монгол хэлнээ орчуулагдаад байгаа билээ. Эдгээр бүтээлээс нь хүмүүний болон нийгмийн хоорондох сэтгэлзүйн болон бусад уялдаа холбоо, хувь хүний зорилго, амьдралын утга учрын талаар маш сонирхолтой, дэлгэрэнгүй тайлбар гаргалгаатай танилцаж болно.

Сонсох тухайд Фромм, “Энэ бол яруу найргийг ойлгохтой ижилхэн урлаг” , бусад урлагийн нэгэн адилаар өөрийн гэсэн дүрэм, хэм хэмжээтэй  хэмээн маргаж байжээ. 

Сэтгэц судлалаар ажилласан хагас зууны туршлагадаа үндэслэн Фромм хувиа бодолгүйгээр хүнийг ойлгох урлагийг төгс эзэмших зургаан аргыг санал болгосон байна. Энэ зургаан арга нь түүний 1974 онд Швейцарт зохион байгуулагдсан лекцийн тэмдэглэл болох The Art of Listening номонд нь багтсан билээ.

Энэ номонд хүмүүний хоорондох харилцаанд тохирох сэтгэлгээнүүдийг бий болгох аргачлалуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. За ингээд тэдгээр зургаан аргатай танилцацгаая.

1. Энэ урлагийг сурах хамгийн чухал дүрэм бол сонсогчийн төвлөрөл бүрэн дүүрэн байх.

2. Тухайн хүн өөрийн санаа бодолдоо ач холбогдол огт өгөхгүй байж чадвал аливаа сэтгэлийн түгшүүр, элдэв шуналаас ангид чөлөөтэй сонсож чадна.

3. Сонсож байхдаа үгнүүдээр илэрхийлэгдэж буй санааг чөлөөтэй төсөөлөн бодох төлөвт өөрийгөө барих хэрэгтэй.

4. Тухайн хүн нөгөө хүнийхээ оронд өөрийгөө орлуулж чаддаг чадварлаг оюун сэтгэлгээтэй байх хэрэгтэй бөгөөд бусдад тохиолдсон явдлуудыг өөрийн мэтээр мэдэрч чадах хангалттай хүчтэй байх шаардлагатай.

5. Өөр хэн нэгний оронд өөрийгөө орлуулж чаддаг чадвар/empathy/ бол нөгөө талаараа хүнийг хайрлах бас нэгэн үндсэн чадвар болж өгдөг. Хэн нэгнийг хайрлана гэдэг нөгөө талаараа түүнийг ойлгоно гэсэн үг. Энэ нь ямар нэгэн эротик мэдрэмж биш боловч өөрийгөө алдахаас айх айдсаас давсан, нөгөө хүндээ хүрч ойртох тэмүүлэлийн мэдрэмжийг хэлдэг.

6. Ойлгох хийгээд хайрлах нь хоорондоо салшгүй холбоотой. Хэрвээ салгах юм бол, амин чухал ойлголтонд хүргэх сэхээрэх үйл ажилгааг зогсоочихтой ижил юм.

Эх сурвалж:
https://www.brainpickings.org/2017/04/05/erich-fromm-the-art-of-listening/
http://www.moonassi.com/

Хүмүүс хоорондоо хэдий нэг ижил хэлээр ярилцлаа ч төдийлөн нэг нэгэнтэйгээ ойлголцохгүй байх, харилцаж чадахгүй байх тохиолдлууд бий. Яагаад хүмүүс хоорондоо дотносон нөхөрлөж чаддаггүйн нэг шалтгаан, магадгүй “Сэтгэлзүйн дүлийрэл” байх.

Хэдий нэг нэгнийхээ өөдөөс харан хэдэн цагаар ч хамаагүй ярьж суулаа ч зүгээр л сонсож байгаа дүрийг эсгэх, дотроо өөрийнхөө юу хэлэхийг бодох зэрэг тохиолдолууд цөөнгүй. Тэрхүү ойлголт авчирч чадахгүй байгаа “Сэтгэлийн дүлийрэл”-ийн ард ер юу ч байж болох юм. Айдас, эргэлзээ, түмэн завгүй төлөвлөгөөнүүд эсвэл “Айхтар том ЭГО”

Ингээд бодохоор хүмүүс зөвхөн үгээр биш, сэтгэлээрээ хоорондоо харилцдаг гэдгийг Фроммын дээрхи зургаан аргачлал харуулж буй билээ.