Сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс хэвийн ажиллаж байна

Нийслэл / Э. Сайнзаяа
7 өдрийн өмнө

Сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ.

Багш нар цалин нэмүүлэх шаардлага тавин өчигдрөөс хугацаагүй ажил хаялт зарласан. Ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцов. Харин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Тус уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн тул өнөөдрөөс сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэллээ. БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр өнөөдөр үргэлжлэнэ.