Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 14, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
7 өдрийн өмнө

1. Цөмийн хэмжүүртэй холбоотой дүрмүүдийг баталлаа

Цөмийн энергийн комиссын хуралдаан өчигдөр Засгийн газрын хуралдааны танхимд болж “Суурин болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Суурин цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой юм. Харин зөөврийнх нь автозам, барилгын салбарт зөөврийн цөмийн хэмжүүр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, ажилчдыг нь үндэслэлгүй шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болзошгүй осол, хэвийн бус нөхцөл, байдал үүсэхээс сэргийлэх зорилго агуулжээ. [Time.mn]  

2. Баарны гадаа сэлэм эргүүлж танхайрсан хэрэг олны анхааралд өртлөө

Сэлэм эргүүлэн танхаарч буй залуугийн бичлэг цахим орчинд түгж, түүнийг НИТХ-ын дарга С.Мөнхчулууны дүү С.Бямбацогт гэх мэдээлэл гараад байна. Уг хэрэг Баянгол дүүрэгт байрлах “Castle” баарны үүдэнд энэ сарын 11-12-нд шилжих шөнийн  01:00 цагийн үед болсон нь тус барны камерт бичигдэн үлджээ. Тэрбээр баарны үүдэнд хамгаалагч нарыг зодож, сэлэм эргүүлж, эвдэлж сүйтгэж буй нь бичлэгээс харагдах бөгөөд тухайн үед баарны хамгаалагч нар цагдаад дуудлага өгсөн байна. Гэвч цагдаа нарыг ирэхээс өмнө зугтжээ. Цагдаагийн байгууллага сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна. С.Бямбацогт нь үүнээс өмнө мөрийтэй тогтоомын хэргээр шүүгдэж байсан гэх мэдээлэл байна. [Medee.mn]  

3. “Чингис хаан” одонг хэн хүртэх нь маргааш тодорхой болно

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 19-нд тохиож буй. Эл өдөр төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд хүртээдэг. Энэ жилийн хувьд хэн гэдэг эрхэм энэхүү шагналын эзэн болж буйг маргааш зарлах юм байна. 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 10 хүнийг тус одонгоор шагнасан бөгөөд анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм. [Montsame.mn]  

4. Татвар төлөгчдийг тоолж байна

Татварын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ  сарын 01- 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна. Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино. [Shuud.mn]  

5. Олон улсын математикийн олимпиадад оролцсон 8 сурагч бүгд шагнал хүртжээ

Филиппин Улсын Давао хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртжээ. Дэлхийн нийт 20 гаруй улс оролцсон олон улсын математикийн олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн, Дорноговь аймгийн Замын-Yүдсумын“Үлэмжтэнгэр”сургуулийн 6 “а”ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул, Эрдэнэ-Очирын Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн багийн ангилалд манай сурагчид 2 баг болж оролцон, хоёул "Хүрэлцом", хүрэл мeдаль хүртсэн байна. [Eagle.mn]  

6.Ираны газар хөдлөлт 2017 оны хамгийн хохирол дагуулсан гамшиг боллоо

Иран улсын хойд нутаг, Ирактай хил залгаа байрлах газар нутаг орчимд 7.4 магнитутын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд энэ үеэр 400 хүн амиа алдаж, 7000 хүн гэмтэж, бэртсэн юм. Амиа алдагсдын тоо цаашид ч өснө гэж эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн энэ газар хөдлөлт 2017 онд нүүрлэсэн хамгийн хохирол дагуулсан байгалийн гамшиг гэж нэрлэгдээд байгаа юм. Хамгийн их хохирол дагуулсан газар Ираны баруун хэсэгт байрлах Сарпол И Захаб суурин бөгөөд энд дор хаяж 200 гаруй хүн өөд болжээ.

[BBC]

7.Их Британийн парламент ЕХ-оос гарах сүүлчийн чуулганаа хийлээ

Европын холбоог орхин гарах Brexit хөдөлгөөний эцсийн шат шувтарлаа. Учир нь Европын Холбооноос гарах Их Британийн сүүлчийн чуулган тус улсын парламентад явагдсан. Brexit-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Дэвид Дэвис “Их Британи мөнгөн дэвсгэрт, иргэний эрх зүй гэх зэрэг шилжилтийн актаар Европын Холбооноос гарах болно” гэжээ. Хэрэв парламентын гишүүд Их Британийг Евро бүсээс гарах шаардлагагүй гэж үзвэл асуудал хойшлох аж. Гэвч Их Британичууд нэгдсэн санал асуулгаар Европын Холбоог орхих болно гэх шийдвэрт хүрсэн юм.

[BBC]

8.Билл Гейтс ухаалаг хотод 80 сая ам.долларын санхүүжилт хийнэ

Майкрософт компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг эр Билл Гейтс ирээдүйд Аризоно мужид цоо шинэ, ухаалаг хот байгуулах төслөө танилцуулж, эхний ээлжинд 80 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлажээ. Энэ хотод өндөр технологи бүхий төлөвлөлт хийгдсэн орчин үеийн хурдны авто замын сүлжээ, авто тээврийн шинэ шийдэл бүхий систем, өндөр хурдны тоон сүлжээн интернэт, мэдээллийн төв, технологийн үйлдвэрлэлийн төв, логистикийн төвүүд зэргийг барьж байгуулах юм байна. Аризон мужид Belmont Partners компани уг ухаалаг хотын хөгжүүлэлтийг хийх бөгөөд 182 мянган хүн амтай байхаар тооцоолжээ.

[CNN]

9.Рохинжад байдал тогтворжиж байна

Мьянмарын үндэстний цөөнх Рохинжа мужид иргэний дайны нөхцөл байдал намжмал байгааг тус улсын хэвлэлээр мэдээлжээ. Одоогоор исламын шашинт рохинжа үндэстнүүдийг шахан гадуурхаж, хөнөөх явдал багассан гэж НҮБ-ын албаны эх сурвалж бичиж байна. Рохинжа нь тусгаар тогтнох үзлийг байнга илэрхийлдэг ба Мьянмарын буддист уугуул оршин суугчид уг үзлийг эрс буруутгаж, зэвсэг ашиглаж ирсэн юм. Харин энэ удаагийн мөргөлдөөн бага зэрэг намжсан шалтгаан нь Мьянмарын засгийн газар Рохинжад нэмэлт цэргийн цуваа оруулахгүй байхаар тогтжээ.

[CNN]

10.Итали ДАШТ-ийг өнжихөөр болж, Буффон зодог тайллаа

Итали улсын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх зун болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо. Учир нь хэсгийн шатны сонгон шалгаруулалтын тоглолтод 1:0-ээр Италийн баг Шведийн багт ялагдсанаар ийнхүү ОХУ-д болох тэмцээнд оролцох эрхээ алдсан юм. Түүнчлэн энэ тоглолтын дараа Италийн шигшээ багийн хаалгач, домогт тоглогч Жианлужи Буффон зодог тайлж буйгаа зарлажээ. Буффон нулимстай нүдээр фэнүүддээ хандан “Биднийг уучлаарай, бас энэ миний шигшээ багийн төлөөх сүүлчийн тоглолт” гэж хэлсэн байна.

[Marca]