Харүмафүжи башёг өнжихөөр болжээ

Спорт / Time Admin
7 өдрийн өмнө

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башед хоёр дараалан унаад байгаа аварга Харүмафүжи энэ башёг өнжихөөр болжээ. Харүмафүжи Бямбадоржийн хувьд өнгөрсөн сарын 26-ны өдөр нэгэн үдэшлэг дээр Таканоива Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохисны улмаас ийнхүү асуудалд унаад байна. 

Таканоива Баасандоржийн хувьд Фүкүокагийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал төдийлөн сайжраагүй, эмнэлэгээс гаргасан дүгнэлтэд, "Гүйцэд эдгэхийн тулд хоёр долоо хоног шаардлагатай." гэжээ. Мөн тархины гэмтэл авсан учир сэдэрч магадгүй талаар дурджээ. 

Ояаката Таканохана ч энэ мэдээллийг бататгаж, "Биеийн байдал нь тааруу байна." хэмээн хэлсэн байна. Энэ явдлын дараа Исэгэхама ояаката болон Харумафүжи аварга нар Таканохана ояакататай очиж уулзаж, ийм зүйл болсныг хүлээн зөвшөөрч уучлалт хүссэн боловч башёг өнжихөөр болж байна. 

Түүнчлэн Японы зарим хэвлэлд Харүмафүжи аваргын энэ үйлдлийг "Бөхийн замналдаа цэг тавьж магадгүй нөхцөл байдалд ороод байна" хэмээн бичжээ.