Хуучны барилгууд олон хүний амийг авч одлоо

Дэлхий / Time Admin
7 өдрийн өмнө


Иран, Иракийн хилийн орчимд өнгөрсөн ням гарагт 21:48 цагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдагсдын тоо 400 давлаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Гамшгаас аврах газрын хэвлэлийн төлөөлөгч Бэхрам Сайди өчигдөр мэдэгдэхдээ амиа алдагсдын тоог 407, гэмтэж бэртсэн иргэдийн тоог 7156 гэжээ. Харин төр-хувийн хэвшлийн эзэмшлийн "Тасним" агентлаг өөр эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн 445 хүн амиа алдаж, 7370 хүн бэртэж гэмтсэн хэмээн мэдээлэв.

Газар хөдлөлтийн улмаас Ираны хилийн орчмын хот, суурингууд өртсөн байна. Тэр дундаа курд үндэстнүүдийн амьдардаг Сарпол-И-Захаб хот илүүтэй сүйджээ. Махмуд Ахмединежад Ираны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа тус хотод орон сууцны төслүүд хэрэгжүүлж байжээ. Төслийн барилгын тодорхой хэсэг сүйдсэн гэж хэвлэлүүдэд бичжээ. Албаныхны мэдээлснээр 1980-аад онд, түүнээс өмнө баригдсан хуучны барилгууд байгалийн гамшгийг тэсвэрлэж чадаагүй нурж сүйдсэн аж. 

Аврах албаныхан барилгын нурангиас хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Мөн гамшгийн улмаас харилцаа холбоо, цэвэр усны хангамж тасалджээ.

Ираны дээд удирдагч Аятолла Аль Хоманэй Засгийн газарт хандан газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт армийн бие бүрэлдэхүүнийг хангалттай тоогоор дайчлахыг үүрэг болгосон байна.

Иранд тус улсын түүхэн хот Бамд 2003 онд 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 23000 гаруй хүн амиа алдаж байв.