Агаарын бохирдлоос шалтгаалж Улаанбаатарт жилд 120-130 хүүхэд нас барж байгааг тогтоожээ

Нийгэм / Time Admin
7 өдрийн өмнө

0-5 хүртлэх насны хүүхдүүдийн нийт нас баралтын 33 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байгааг тогтоожээ. Тодруулбал, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг Беркелей дэх Калифорний их сургуулийн багтай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл” судалгаа хийсэн байна.

Судалгааны дүнгээс харахад 2014 оны байдлаар нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) -ийн нөлөөлөлөөс Улаанбаатар хотын 0-5 хүртэлх насны хүүхдийн нийт нас баралтын 33 хувийг амьсгалын доод замын цочмог халдвар эзэлж байгаа нь илэрчээ.

Түүнчлэн насанд хүрэгчдийн 19 хувь нь уушгины архаг бөглөрөл, 27 хувь нь зүрхний шигдээс, 24 хувь нь уушгины хавдар, 42 хувь нь тархинд цус харвах зэрэг нь агаарын бохирдлоос шалтгаалж байна гэж тооцоолсон байна.

Улаанбаатар хотод агаарын бохирдлоос шалтгаалан жилд 120 - 130 хүүхэд цаг бусаар нас барж байгааг мөн л дээрх судалгаанд дурджээ. Агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авахгүй бол 2017 - 2024 оны хооронд цаг бус нас баралт 13000-аар ихсэхийг тооцоолсон байна.