Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 13, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
8 өдрийн өмнө

МОНГОЛ:

1. Багш нар хугацаагүй ажил хаялт зарлав

Өнгөрсөн баасан гарагт сурагчдын хичээлийн амралт дуусч хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Гэвч энэ долоо хоногоос багш нар хугацаагүй ажил хаялт зарлалаа. 

Энэ хичээлийн жилийн эхнээс багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлахаа удаа дараа мэдэгдэж байсан. Харин төрийн зүгээс энэ ондоо нэг удаагийн нэмэгдэл буюу 516 мянган төгрөгийг олгохоо мэдэгдсэн билээ. Харин багш нар нэг удаагийн мөнгөн дэмжлэг бус цаашид үндсэн цалингийн хэмжээгээ 1 сая 600 мянган төгрөгт хүргэхийг шаардаж байгаа юм.  [Time.mn]

2. Айраг сумын 1200 гаруй иргэн нүүлгэн шилжүүлэх сургуулилтад оролцжээ

Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурван өдөр үргэлжилжээ. Сургуулийн хүрээнд тус аймгийн Айраг сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явуулсан байна. Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд 50  гэр, 10 майхан байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, музей, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан байна. Сургуулилтад нийт 1200 гаруй иргэн хамрагджээ. [Montsame.mn]

3. Асашёорюү, Жек Ма нарын тоглосон кино интернетэд тавигджээ

“Алибаба”-г үүсгэн байгуулагч Жек Ма-гийн кинонд хятадын тулааны урлагийн олон оддоос гадна Асашёорюү Д.Дагвадорж мөн тоглосон билээ. Энэхүү бүтээлд Жек Ма, Жет Ли, Асашёорюү нараас гадна Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Жет Ли, Донни Иен, Вү Жин, Тони Жаа, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу зэрэг алдартай жүжигчид, тамирчид оролцон тогложээ. Тэгвэл энэхүү киног Хятадын "Ганц биечүүдийн өдөр"-ийг тохиолдуулан нээжээ. Мөн киног Хятадын Youtube гэгддэг Youku сайтад бүрэн эхээрээ тавьж, олон нийтэд үзүүлж эхэлсэн байна. [Gogo.mn]

4. Замын-Үүдэд алга болсон охины сураг гараагүй байна

Дорноговь аймгийн Замын-Үүдээс Д.Сэржмядаг охин 11 дүгээр сарын 2-нд алга болсон. Охиныг эрэн хайх ажиллагааны талаар Цагдаагийн Ерөнхий Газрын холбогдох эх сурвалж "Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа алга болсон өдрөөс нь эхэлсэн  Одоогоор охиныг эрэн хайх явцад үр дүнтэй мэдээлэл олдоогүй байна" хэмээн хэвлэлд ярьжээ. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын гаргасан захирамжийн дагуу эрлийн баг гарч, эрэн хайх ажиллагаа орон даяар үргэлжилж байгаа юм. [Eagle.mn]

5. Ц.Энхжин шилдэг 40 оролцогчийн нэг болжээ

Энэ сарын 18-ны өдөр Хятадын Санья хотноо болох “Дэлхийн мисс-2017” тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд болж байна. Хэд хоногийн өмнө нь спорт шалгуурын төрөлд шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарсан Ц.Энхжин, энэ удаад “Head to Head challenge”-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч орны нэг болжээ. Энэ жилийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд шинээр “Head to Head challenge” хэмээх үндсэн шалгуур нэмэгдсэн байна. Ингэснээр бvх оролцогчид 20 группт хуваагдан, түрүүлсэн оролцогч шууд шилдэг 40-д орох эрхтэй болох юм. [News.mn]

6.Иран, Иракт 100 гаруй хүн амиа алдлаа

Иран, Иракийн газар нутгийг дамнасан газар хөдлөлтийн улмаас дор хаяж 100 гаруй хүн амиа алдсан талаар аврах албаныхан мэдээлжээ. Газар хөдлөлт 7.3 магнитутын хүчтэй байсны улмаас Ираны Керманшах мужид хамгийн ихээр мэдрэгдсэн байна.

Иран улсад 124 хүн амиа алдсан бол Иракт 4 хүн өөд болжээ. Цаашид амиа алдагсдын тоо өсөх хандлагатай байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Газар хөдлөлтийн дараа иргэд гудамжинд гарч, аюулгүй газар хайх үеэр нэлээд үймээн самуун дэгджээ.

[BBC]

7.“Би ч бас” хаштэйг бүхий жагсаал Холливудын гадна боллоо

Холливудад сүүлийн хэдэн сарын турш бэлгйн дарамтад өртөж, бусдын хүчирхийлэлд автаж байсан эмэгтэйчүүдийн мэдэгдэл ар, араасаа хүчээ авч, Харви Вэйнштэйн зэрэг нэр, хүндтэй продюсеруудын балмад үйлдлүүд ил болсон. Тэгвэл эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцсэн “#MeToo” буюу Би ч бас хаштэг бүхий жагсаал Холливудад боллоо. Жагсаалд ихэнхдээ эмэгтэйчүүд байсан ч олон хүн оролцсон байна. Лос Анжелес хотод болсон уг жагсаалд шоу ертөнцийн салбарт тогтмол бэлгийн дарамтад өртдөг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөөх зорилготой байжээ.

[CNN]

8.Ардчилсан Конгод галт тэрэг осолджээ

Галт тэрэг осолдсоны улмаас Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 33 амь үрэгдсэн байна. Осол өмнөд нутгийн Луалаба мужийн Бойфвэд болжээ. Окейба галт тэрэг зорчигч тээвэрлж явснаас гадна ачааны хэсэгт шатамхай шингэн зөөвөрлөж байсан аж. Галт тэрэг нийслэл Камассаас хотоос 2000 км-ийн зайд орших Лугудасид осолдсон бөгөөд холбосон төмөр зам тасарсны улмаас замаасаа гарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Конгод галт тэрэгний шугам сүлжээ хуучирч муудсан нь осол гарах гол шалтгаан болжээ.

[BBC]

9.Японд амиа хорлохыг уриалсан вэб сайтуудыг хаажээ

Япон улсын засгийн газраас амиа хорлох хүсэлтэй хүмүүс цугларч, үзэл бодлоо хуваалцдаг зарим вэб сайтыг хаах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн аравдугаар сард Токиогийн захын хороололд “Аймшигт байшин” гэж нэрлэгдсэн газар 27 настай Такахиро Ширайши нь 9 хүний аминд хүрч, цуврал аллага үйлдсэн юм. Такахирогийн мэдээлснээр хохирогчид бүгд амьдрах хүсэлгүй болж, үхэх “жагсаалт”-ад нэрээ бичүүлсэн хүмүүс байжээ. Тэд нөгөө ертөнцөд очихын тулд нэгэн вэб сайтаар танилцаж, Такахирогийнд ирсэн байна.

[BBC]

10.Коутиньо Ливерпүүлд аз жаргалтай байна

Английн Ливерпүүл багийн хагас хамгаалагч Филиппе Коутиньо одоогийн клубтээ аз жаргалтай байгаагаа ярьжээ. Тэрбээр ирэх нэгдүгээр сарын солилцооны цонхоор Испанийн Барселона клубт нэгдэх тухай яриа хүчтэй газар авч, өнгөрсөн зуны наймаагаар нэлээд яригдсан ч бүтэлтэй болоогүй. Улмаар түүнийг өвөл багаа орхиж, Испанид очно гэж хэвлэлүүд мэдээлсээр байгаа. Гэсэн ч Филиппе Коутиньо Энфилдэд аз жаргалтай байгаа төдийгүй, багаа солих гэж яарахгүй гэж ярьжээ.

[Sky Sports]