Эрлийн үеэр гадаад иргэдийн эд зүйлсийг хулгайлах хэрэг гарсан гэв

Орон нутаг / Time Admin
8 өдрийн өмнө

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай охин сураггүй болоод 11 хонож байна. Охиныг эрэн хайх ажиллагаанд 30 гаруй цагдаагийн алба хаагч, хоёр үнэрч нохойтойгоо ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд эрлийг Замын-Үүд сум, сумын эргэн тойрондох 15 км-т хийгээд байгаа юм байна. Түүнчлэн малчдад мессэж хэлбэрээр охины талаарх мэдээлэл, танилцуулгыг илгээжээ. Гэвч одоогоор ямар нэгэн нааштай мэдээлэл, сэжүүр олдоогүй байна.

Охиныг хайх ажилд сумын бүх төрийн албан хаагчид, иргэд сайн дураар оролцсон бөгөөд энэ үеэр далимдуулан айлын цоожтой амбаар ухах, эд зүйл хулгайлах хэргүүд гарсан байна. Энэ төрлийн гомдол сумын цагдаагийн газарт хэд хэд ирсэн байна. Түүнчлэн хятад иргэдийн байрладаг байранд иргэд дайран орж нэгжлэг хийхдээ хувцас, гар утас, эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг гарсан талаар Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр хэвлэлд ярьжээ.