Иргэд өргөдлийнхөө хариуг авч чадалгүй гурав дахь улиралтайгаа золгож байна

Улс төр / Time Admin
8 өдрийн өмнө

Нийслэлийн хамгийн том дүүрэг буюу 250 мянга орчим иргэнтэй Баянзүрх дүүрэгт тулгамдсан асуудал олон байна. Тухайлбал, дүүргийн Газрын албанд газрын гэрчилгээ гаргуулах, нэр шилжүүлэх зэрэг асуудлаар  өргөдлөө өгсөн иргэд шийдвэрээ авч чадалгүй гурав дахь улирлаа дамнаж буй аж. Өргөдлийнхөө хариуг авахаар ирсэн иргэд “Баянзүрх дүүргийн засаг дарга шийдвэрлэж өгөхгүй байна” гэсэн хариуг Газрын албаны мэргэжилтнүүдээс сонсоод буцдаг байна.

Уг нь иргэд төрийн байгууллагад өргөдөл гарган 30 хоногт багтаан шийдвэр сонсох учиртай. Тодруулбал, “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16 дугаар зүйлийн нэгд, Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” хэмээн заасан байдаг.

Тэгвэл хуулийн энэ заалт Баянзүрх дүүргийн Газрын албанд хэрэгжихгүй байна. Хууль хэрэгждэггүй учир иргэд хохирч, төрийн үйлчилгээ авч чадахгүй байна.

Ямар шалтгаанаар иргэдийн өргөдөлд хариу өгч, шийдвэрлэхгүй байгааг нийслэлийн Газрын албаны Хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Даргаар нь Д.Бат-Ундрах ажиллаж байна. Харин Газрын албанаас гаргасан иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах гарын үсгээ зурахгүй байгаагаас шийдвэрлэлт удааширч, сунжирч байна. 2000 орчим иргэний өргөдлийг шийдвэрлэн, дүүргийн Засаг даргад хүргүүлээд байна. Засаг дарга гарын үсэг зурснаар асуудал шийдэгдэнэ” гэсэн юм.

Харин уг асуудалд Баянзүрх дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтан “Дүүргийн Газрын албаны даргыг нийслэлийн Газрын албаны дарга, тухайн дүүргийн Засаг даргатай зөвшилцөн томилох хуультай. Гэтэл Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрахыг дүүргийн Засаг даргатай зөвшилцөлгүй томилсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа тул хууль бус томилгоо гэж үзэн шүүхэд хандсан. Уг асуудал шүүхийн шатанд яваа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дүүргийн Газрын албанаас иргэдийн өргөдлийг шийдвэрлэхэ асуудлаар 350 орчим иргэний материалыг ирүүлсэн байна. Иргэдийн өргөдөл, газрын албаны шийдвэрийг Хуулийн алба хянаснаар Засаг дарга гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Манайд ирүүлсэн 350 иргэний материалыг хуульчдын баг хянах шатандаа явж байна. Засаг дарга гарын үсгээ кзурахгүй Газрын албаны ажлыг уяж, сунжруулж байгаа асуудал байхгүй. Хууль бус томилгооноос үүдэлтэй иргэд хохирсон асуудлыг 100 хувь хариуцна гэдгээ нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдсэн шүү пдээ” гэлээ.

Дүүргийн Засаг дарга Т.Баясах нь түр орлон гүйцэтгэгч тодотголтой, Газрын албаны дарга Д.Бат-Ундрах нь хууль бус томилгоо гэх тодотголтой хоёр даргын зөрчлөөс үүдэн иргэд хохирч байна. Суудал, эрх ашгаа хамгаалан улайрахаас илүүтэй иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тасралтгүй байлгахыг өргөдлөө өгсөн иргэд хүсч байна.