Ажил хаяж буй сургууль цэцэрлэгийн тоо цаашид нэмэгдэнэ гэв

Нийгэм / Time Admin
8 өдрийн өмнө

Цалингаа нэмүүлэх зорилготой багш нар өнөөдрөөс хугацаагүй ажил хаялт зарлаад байна. Ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцож байгааг МБШУҮЭ-ээс мэдээлсэн.Тэгвэл энэ тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг хэллээ. Учир нь ажил хаях шийдвэрийг хожимдож гаргасан сургууль, цэцэрлэг маргааш, нөгөөдөрөөс ажил хаялтад нэгдэх юм байна. Ажил хаях шийдвэр нь багш нарын санал, тухайн нэгжийн Үйлдвэрчний эвлэлийн дэмжлэг, сургууль, цэцэрлэгийн удирдлагын шийдвэр, эцэстээ хамт олны санал хураалтаар шийдвэрлэгддэг бөгөөд уг саналаа ирүүлснээс тав хоногийн дараа ажил хаялтад оролцдог аж. Тиймээс зарим сургууль, цэцэрлэг өнөөдрөөс ажил хаялтад нэгдэж амжаагүй гэлээ.

Тэгвэл багш нарын ажил хаялтыг харьяа яам нь хууль бус хэмээн үзсэн юм. Энэ талаар БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа харьяа газрууддаа хүргүүлсэн албан бичигт “Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаварыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна” хэмээн онцолсон юм.