Ажил хаялтын талаарх талуудын байр суурь

Нийгэм / Time Admin
8 өдрийн өмнө

Нийслэлд ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэг ажил хаясан бол хөдөө орон нутагт ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг ажил хаяад байна. Энэ тоо ирэх өдрүүдэд нэмэгдэнэ гэдгийг ажил хаялт зохион байгуулагчид хэлж байна.

Ажил хаялтад талууд ямар байр суурьтай байгааг хүргэвэл:

БШУҮЭ-ийн дарга Ж.Батзориг: Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 85 хувь нь ажил хаялтад оролцож байна. Цалингаа нэмүүлэх гурван талт хэлэлцээрт ойлголцож чадаагүй тул ажил хаялт зарлахаар шийдвэрлэсэн. Засгийн газар 56 тэрбум төгрөг хөдөлгөхгүй гэсэн байр суурин дээрээ байна. Багш нарын нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох асуудлаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн ажилчид, шинжлэх ухааны байгууллагуудын ажилтнуудын цалинд өөрчлөлт орохгүй байгаа нь ажил хаялт зохион байгуулах бас нэг үндэслэл болж байна.  Ажил хаялтыг яамны зүгээс хууль бус гэж дүгнэж байна. Асуудлыг шийдэх хугацаанд шийдээгүй. Хуулийн хугацаа болсон. Маргааныг шийдвэрлэх талаар яамнаас оролцохгүй гэдэг үндэслэлийг барьж, хуулийн дагуу ажил хаялтаа зохион байгуулж байна. Бидний ажил хаялтыг хууль бус гэж үзэж, ажил хаялтаа зогсоохыг тулган шаардаж байна. энэ нь хуульд харш шүү гэдгийг хэлмээр байна.

БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр: Яамны зүгээс багш нарын цалинг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. ОУВС-аас үндсэн цалинг нэмж болохгүй гэсэн шаардлагатай тул боломжгүй болчихоод байна. Багшийн ажлыг дүгнэх журам, мэргэжлийн ур чадварыг дүгнэх журмууд дээр бид санал нэгдээд байгаа. Цалинг нэмэх асуудлыг ганц БСШУСЯ шийдэхгүй. Засгийн газартаа асуудлаа тавьж шийдүүлнэ. Энэ хугацаанд ажил хаяж, хүүхдүүдийг хохироож болохгүй. Заавал хүүхэд хохироох арга замыг битгий сонгооч гэсэн байр суурьтай байгаа.