Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 16, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 16

1. 120 метрийн гүнд нурангид даруулсан иргэдийн амийг аварчээ

Энэ сарын 14-ний өдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн  уурхайд нуралт үүссэн гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн шуурхай бүлэг ослын газар очиж ажиллан уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 19,5 хувь, 25 градусын налуутай, 120 метрийн гүнд дөрвөн иргэн нурангид даруулсан байжээ. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан нийт гурван цаг орчим ажиллаж, нурангид дарагдсан иргэдийг уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгчээ.[Time.mn]    

2. Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд өдөрт 30 мянган хүн үйлчлүүлж байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон сүлжээ дэлгүүрүүдэд давхардсан тоогоор өдөрт дунджаар 30 мянган хүн үйлчлүүлж байна. Энэ салбарт өрсөлдөгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм. Эхний салбараа 10 дугаар сард нээсэн АНУ-ын "Circle K" сүлжээ дэлгүүр 200 гаруй салбар нээхээр төлөвлөж байгаа гэж мэдээлсэн. Харин ОХУ-ын "Absolute" сүлжээ дэлгүүрийн хувьд одоогоор нийслэлд гурван салбартай. Мөн энэ онд багтаан салбарынхаа тоог нэгээр нэмэхээр төлөвлөжээ. "Absolute" сүлжээ дэлгүүр нь сард дунджаар 140 орчим тонн бараа бүтээгдэхүүн ОХУ-аас импортолдог байна. [Gogo.mn]  

3. Өнгөрсөн сард ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ

Улаанбаатар хотод 2017 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр нийт 248 тохиолдол улсын хэмжээнд илрээд байгаа аж. Энэ оны эхний 10 сарын хугацаанд 36.695 хүн ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилсөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед 62.459 хүн халдварт өвчин тусч байсантай харьцуулахад илт буурчээ. Одоогийн байдлаар улаанбурхан өвчнөөр 30.243, сүрьеэгээр 256, вируст гепатитаар 30, трихомониз халдвараар 99 хүн халдварлан, эмчлүүлж байна. [Medee.mn]  

4. Монгол-Хятадын хил дээрх нүүрс ачсан машинуудын талаар Ройтерс сурвалжилжээ

Монгол-Хятадын хил рүү чиглэсэн ачааны машины урт дарааллын талаар Ройтерс агентлаг сурвалжилжээ. Тэд нүүрс тээвэрлэсэн мянга мянган ачааны машины цуваа 30 орчим километр үргэлжилсэн дараалал үүсгэж, 7-10 хоног хүлээдэг болохыг уг видеогоор харуулсан байна. Мөн нүүрс ачсан машины жолооч нар зарим хориотой барааг хилээр гаргах гэж оролдож байгаа тул Хятадын хилийнхнийг хяналтаа чангатгаж байгаа талаар өгүүлжээ. Мөн жолооч нар машиндаа унтаж, хооллож дарааллаа хүлээдэг, нойр дутуу, согтуу жолооч нар осол гаргах нь түгээмэл байдаг талаар харуулжээ. [Ikon.mn]  

5. Бөхчүүдийн чансааг Улсын харцага О.Хангай тэргүүлжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргахад Монгол Улсын харцага О.Хангай тэргүүн байр эзэлжээ. Уг чансааг 2017 оны цагаан сарын барилдаанаас хойшхи нийт 19 барилдааны дүнг тооцож гаргасан аж. Чансааны эхний 10-д эрэмбэлэгдсэн бөхчүүдийг оноотой нь танилцуулахад,  25108 оноогоор улсын харцага Оргихын Хангай чансааны нэгд шалгарсан бол 18029 оноогоор улсын харцага Б.Бат-Өлзий хоёрт эрэмбэлэгджээ. Чансааны гуравт улсын гарьд Ө.Бат-Орших 16663 оноогоор шалгарлаа. [Montsame.mn]  

6. “Subaru” Японы зах зээлээс 400.000 орчим автомашинаа эргүүлэн татжээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” компани үйлдвэрүүддээ хяналт шалгалт оруулаагүй гэх шалтгаанаар дотоодын зах зээл дэх 400.000 орчим автомашинаа эргүүлэн татжээ. Эдгээр автомашин нь 2014 оны нэгдүгээр сараас 2017 оны аравдугаар сарын хооронд үйлдвэрлэгдсэн 9 загвар аж. “Subaru” дахин стандартын хяналт шалгалтаар орох ёстой гэж албаныхан мэдээлсэн байна. Өмнө нь “Nissan” компани 1.5 сая автомашинаа үйлдвэрүүд рүүгээ татаж байсан юм. [RT.com]

7. Доналд Трамп Азид хийсэн 11 хоногийн айлчлалаа дүгнэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Азийн улс орнуудад хийсэн 11 өдрийн айлчлалаа дүгнэж, Цагаан ордонд мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Ирээдүйдээ итгэлтэй байж, улсынхаа үнэт зүйлс, түүх, дэлхий дахины өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаараа дахин бахархах хэрэгтэй” хэмээн иргэддээ хандан онцолсон байна. АНУ-ын бусад улс оронтой хийж буй худалдааны алдагдлын хэмжээ 800 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа асуудлыг даруй зохицуулж, алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллахаа амлажээ. Мөн Доналд Трамп БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох асуудалд ахиц гарсан гэж мэдэгдэлдээ цохон тэмдэглэлээ. [Bloombergtv.mn]

8. Өмнөд Солонгост газар хөдлөлтийн улмаас 1500 хүн орон гэргүй болов

БНСУ-ын Похан хотод лхагва гарагт болсон газар хөдлөлтийн улмаас 1500 хүн орон гэргүй болжээ. Газар хөдлөлт 5.5 магнитудын хүчтэй байсан аж. Газар хөдлөлтийн чичиргээ нийслэл Сөүлд мэдрэгдсэн байна. Похан нь БНСУ-ын боомт хот бөгөөд 1978 онд ийм хэмжээний газар хөдлөлт болж байжээ. [News.mn]

9. Цэргийнхэн Роберт Мугабег баривчиллаа

Зимбабве улсад армийн бие бүрэлдэхүүн цэргийн эргэлт зохион байгуулж, улсынхаа Ерөнхийлөгч Роберт Мугабег лхагва гарагийн шөнө гэрээс нь баривчилжээ. Гэвч цэргийнхэн төрийн хэвлэл мэдээллийн сувгуудаар цацагдах мэдээллийг нарийн хянаж, Ерөнхийлөгчтэй холбоотой бизнесийн бүлэглэлүүд рүү дайрсан мэдээлэл цацаж байгаа аж. Өдгөө 93 настай Роберт Мугабе Зимбабве улсыг 37 дахь жилдээ удирдаж байна. [France24.com]

10. Да Винчигийн бүтээл дуудлага худалдаагаар дээд амжилт тогтоолоо

Италийн суут зураач Леонардо Да Винчигийн зурсан Христийн хөрөг Нью-Йоркийн дуудлага худалдаагаар орж 450 сая ам.доллараар худалдагджээ. Энэ нь дуудлага худалдаагаар болон хувиараа зарсан урлагийн бүтээлүүдээс үнийн дээд амжилт болж байгаа аж. Христийн хөрөг зургийг Оросын тэрбумтан Дмитрий Рыбовлев 2013 онд 127.5 сая ам.доллараар худалдаж авч байсан аж. [Ikon.mn]