Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 17, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 17

1. Налайхын уурхайд хоёр хүн нурангинд даруулжээ

Налайх дүүргийн иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайд хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн дарагдсан тухай дуудлага өчигдөр 04:02 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04:10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүссэн байжээ. Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлсэн бөгөөд тус дүүргийн 47 настай иргэн О, 28 настай иргэн Э нарыг аврахаар маш давчуу орон зайд ажиллаж 16.00 цагийн үед нэг иргэний цогцсыг гаргажээ. Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш осол болсон энэхүү уурхайн хонгилд 10 орчим удаагийн нуралт үүссэн байна [Time.mn]  

2. Монголбанкны алт худалдан авалт түүхэн дээд амжилт тогтоов

Монголбанк уржигдар 18.4 тонн алт худалдан авснаар өнгөрсөн онд үзүүлсэн түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давжээ. Он гарснаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулбал тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрчээ. Энэ нь   өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.3 тонноор өссөн үзүүлэлт гарчээ. Монголбанк жилийн эцэст  алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд Монгол алт аяныг амжилттай хэрэгжүүлж, үр дүн нь алт тушаалтын идэвх сэргэж байгаагаар илэрч байгааг мэргэжилтнүүд онцолж байна. [Montsame.mn]  

3. Харүмафүжигийн хэргийг Японы цагдаа нар шалгаж байна

Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Бямбадорж өнгөрсөн сарын 26-ны өдөр нэгэн үдэшлэг дээр нутаг нэгт сүмоч Таканоива Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохисны улмаас энэ сарын башёг өнжихөөр болсон талаар бид өмнө мэдээлсэн. Энэ хэрэг явдал Харүмафүжи аваргын нэр хүндийг унагаасан төдийгүй, ард түмний дунд сэргээд байсан сүмо бөхийн нэр хүндийг унагааж байгаа талаар Японы зарим хэвлэлээр бичиж байгаа юм. Мөн Японы цагдаа нар Лхагва гарагт ёкозуна Харумафүжигийн хэргийг шалгаж байгаагаа албан ёсоор зарлажээ. [Ub.life]  

4. Нийтийн орон сууцанд ус савлан худалдаж байжээ

Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийтийн орон сууцны байранд ус савлаж “Хусхан” нэрээр цэвэр ус худалдаанд нийлүүлж байсныг илрүүлжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулж үзэхэд цэвэршүүлсэн усны шаардлагад нийцээгүй аж. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, Баянгол дүүргийн прокурорын газрын 01 тоот актаар үйл ажиллагааг нь  зогсоосон байна. [Mnb.mn]  

5. Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус  1-р хуралдаанаар  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа.  Үндсэн чиглэл нь  5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан  байна. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийн  “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт  олон жилийн турш яригдаж байгаа  Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон  шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тусгасан байна.  Тухайлбал, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн хувьд эхний ээлжинд  10 үйлдвэрийг сонгон шалгаруулалт хийнэ.  Үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын  эхний үе шат хэрэгжсэнээр  4000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тусгасан байна. [Gogo.mn]  

6. Оросын эрх баригчид гадаадын хэвлэлүүдийг тагнуул гэж үзнэ

ОХУ-ын Төрийн дум Гадаадын тагнуулын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санал нэгтэй баталлаа. Ингэснээр тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай, эзэмшилтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тагнуул гэж албан ёсоор үзэхээр болж байна. Гадаадын хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллага тагнуулын шинжтэй үйл ажиллагаа явуулснаас үүдэж уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа аж. Тэдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд хөрөнгө оруулалт, санхүү, үйл ажиллагааныхаа тайланг Оросын эрх бүхий байгууллагуудад тогтмол гаргаж өгөх ёстой. Хэрэв зөрчвөл үйл ажиллагаа явуулах эрхийг нь түтгэлзүүлэх арга хэмжээ авах юм. [Theguardian.com]

7. 1700 жилийн настай Буддагийн хөшөөг нийтэд дэлгэлээ

Пакистан улс өөрийн нутаг дэвсгэрээс олдсон 1700 жилийн настай “Нойрсож буй Будда”-гийн хөшөөний үлдэгдлийг нийтэд дэлгэлээ. Эртний Буддын шашны соёлын бүтээлүүд ихээр олддог Хибер Пахтунхва мужаас 88 жилийн өмнө олдож байсан уг хөшөөний өндөр нь 14 метр аж. Маурын хаан Ашокийн захиргаан байх үедээ Буддын шашинтнуудын төв байсан тус бүс нүтгийн буддын шашин 2300 гаруй жилийн түүхтэй гэнэ. Буддын соёлын өв болсон хөшөөг ийнхүү нийтэд дэлгэж буй нь исламын хатуу уламжлалтай пакистанчуудын шашин хоорондын харилцааг зөөлрүүлэх, мөн жуулчды урсгалыг нэмэгдүүлэх давхар зорилготой ажээ. [Eagle.mn]

8. Амьдрал байх боломжтой гараг илрүүлжээ

Европын сансар судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд амьдрал байх боломжтой гараг илрүүлсэн тухайгаа Шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлжээ. “Ross 128b” хэмээх нэртэй уг гараг нь харагдах байдлаараа сар шиг хэдий ч ирээдүйд хүн төрөлхтөн суурьшин амьдрах боломжтой гэж эрдэмтэд итгэлтэй байгаа аж. Одоо гарагийн гадаргууг нарийн судлах ажил үргэлжилж байна. Эрдэмтдийн тайлбарласнаар гараг нь тэнхэлгээ эргэх хурд нь өндөр, шинэ гараг аж. Тэрчлэн гарагийн гадаргуу ус агуулсан байх өндөр магадлалтай гэнэ. [Time.mn]

9. БНСУ-д элсэлтийн шалгалтыг хойшлуулжээ

Өмнөд Солонгос улсын Пуханг хотод хүчтэй газар хөдлөлт болсон. Харин өчигдрөөс тус улс  даяар эхлэх ёстой байсан их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг долоо хоногоор хойшлуулжээ. Өчигдрийн газар хөдлөлтөөр элсэлтийн шалгалт өгөх зарим их, дээд сургуулийн барилгын хана нурснаас гадна дахин газар хөдлөх магадлалтай байгаагаас ийнхүү хойшлуулсан байна.[News.mn]

10. Францад бэлгийн харьцаанд орох насны доод хязгаарыг 13 болгож магадгүй

Францын эрх баригчид бэлгийн харьцаанд орж болох насны доод хязгаарыг 13 болгож бууруулах тухай хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. Одоо тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар уг хязгаар 15 нас байгаа аж. Шинээр гарах хуулинд насны хязгаарыг 13 болгон багасгаж, түүнээс доош настай бол шууд эрүүгийн хариуцлага хүлээгэдэг байхаар зохицуулалт хийхээр болсон байна.[Eagle.mn]