Ахлах тогоочийн заавраар: Lamb chops (Хонины шарсан хавирга)

Канадын "Chef in your ear" шоуны Монгол хувилбар болох "Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ хүргэж эхэллээ. Нэвтрүүлгийн эхний дугаарт “Хөх баг” буюу тогооч П.Ганбат, оролцогч Никель Ганбаа нарын эсрэг “Улаан баг”-ийн тогооч Г.Тэнгис, оролцогч МУГЖ Б.Сарантуяа нар өрсөлдлөө. Тэд энэ дугаарт Lamb chops буюу Хонины шарсан хавирга хийсэн юм. Ингээд хоолны жорыг та бүхэнд хүргэе. 

Хоолны нэр: 

Хонины шарсан хавирга, амтласан кускус, амтат төмсний нухаш, дарстай мөөгний сүмстэй


Орц:
1. Хонины хавирга 8 ширхэг
2. Талхны хатаамал 100гр
3. Сонгино шарлот 50 гр
4. Сармис 30 гр
5. Давс 2 гр
6. Хар пвор 2 гр
7. Өндөг 3 ширхэг
8. Яншуй 45 гр
9. Парсли 50 гр
10. Амтат төмс 500 гр
11. Сүү 150 мл
12. Зөгийн бал 30 гр
13. Цөцгийн тос 120 гр
14. Кускус 60 гр
15. Амтат улаан чинжүү 30 гр
16. Бор мөөг 100 гр
17. Цагаан мөөг 100 гр
18. Улаан дарс 500 мл
19. Цагаан дарс 500 мл
20. Гурил 30 гр
21. Үрлэн лооль 130 гр
22. Шинэ розмарин 20 гр
23. Шинэ ганга 20 гр
24. Ягаан сонгино 80 гр


Хоол хийх арга:

Хонины махыг угааж, цэвэрлээд том хэсгээр эсвэл хувилан хэрчиж амтлаад 5'-10' хором хөргүүрт амраана. Халаасан тостой хайруулын тавганд хийж, гадаргууд хайрс тогттол шарна. Талхны хатаамлаар бүрхүүл үүсгэж болно. 220 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 8'-12' хором битүү жигнэж гаргаад 10'-20' хором амраана. Амтат төмсөнд анхны боловсруулалт хийж, жижиглэн хэрчиж жигнэх эсвэл бага зэрэг шингэнд жигнээд нэгэн жигд болтол нухна. Бэлэн болсон нухаш дээр халаасан сүү, зөгийн бал, цөцгийн тос нэмж, давс хар пвороор амтыг тохируулна. Бие бүтэц шингэвтэр байж болно. Кускус дээр халуун ус хийж  5 хором дэвтээнэ. Угааж цэвэрлэсэн амтат улаан чинжүү, парслийг хярж хэрчээд цөцгийн тосонд шахаад дэвтээсэн кускус нэмж давс болон бусад ааг амттанаар амтыг тохируулна. Мөөгөнд анхны боловсруулалт хийж нимгэн хавтгай хэрчинэ. Ягаан сонгиныг угааж цэвэрлээд хярж хэрчинэ. Халаасан тостой саванд сонгино мөөгөө хуураад мах шарсан шүүс ( мах шахсан хайруул дээр дарс хийж буцалгаад шүүх ) болон тахианы шөл, хуурсан гурил нэмж өтгөртөл дунд зэргийн галаар чанана. Бэлэн болохоос 5 хормын өмнө давс, пвороор амтыг тохируулна.


Хоолны түүх:

Хонины мах бол монголчууд бидний түгээмэл, өргөн хэрэглэдэг махны нэг билээ. Уг махыг чанаж идэхээс гадна амтлаж, шарж болдог.

(Бурхан эмэгтэй хүнийг, түүний хос болох Адамын хавиргаар бүтээжээ. Хавирганаас бүтсэн хүн нь ертөнцийн бүх “хүн”-ий эх боловч эр хүйстэнээс хамаарч байдаг, хоёрдогч гэсэн утгыг агуулах ажээ. Энэ бол Авраамын шашны номлол. Харин монголчууд бид эрт дээр үеэс мал, ахуйгаа даган нүүдэллэж ирсэн удамтай учраас “хавирга”-ны талаар арай л өөр ойлголттой. “Эргэж уулзахад ээж сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан” гэдэг шиг, хавирга мөлжих дургүй, тэр бүү хэл хонины шарсан хавирга идэх дургүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй. Рой Чэпмэн Эндрюс хэмээх америк эр өнгөрсөн зууны 20-иод оны эхэнд Монголыг “Эртний хүний өлгий” хэмээн эндүүрэн ирээд аварга том "лууны яснууд"-ыг, манай өмнийн говиос олсон түүхтэй. Тэдгээр яснуудыг юуных болохыг нь тааж ядан тээнэгэлзэж байх үед, нутгийн олон түүнийг “ямар нэгэн амьтны яс” гэдгийг нь төвөггүйхэн таамаглаж байсан нь, Монголчууд эрт дээр үеэс мал ахуйтайгаа ойрхон өсөж, аливаа амьтны анатомийг гайхалтай сайн мэдэж байсантай холбоотой биз ээ. Энэ бол лууны яс биш ээ, энэ бол аварга том амьтны яс байна. Тэр хүзүүнийх нь ясыг хараач, тэр хавирга сүвээг нь ээ… гэхчлэнгээр төвөггүйхэн ямар амьтны яс болохыг нотолж байсан нь, ид шидэд итгэгч эртний өрнө, дорныхноос эрс ялгарч байсан гэдэг.)