ХАМГИЙН ХҮНДТЭЙ ҮХЭЛ

Өнөөдөр Си Си ТВ-гээр Бээжингийн их сургуулийн багш Юй Дань нэрт профессор "Жуанзыгийн гүн ухааны" сургаалын талаар сонирхолтой яриа хийж байхыг анхааралтай сонсов. Түүний туурвисан "Жуанзы" гэсэн алдартай судар байдгийг манай гүн ухаан сонирхогч залуус мэдэх буй за.

Жуанзы насан турш ханилсан эхнэрээ өөд болоход "Түмпэн дэлдэж дуу хуур үүсгэж байсан" хэмээх домог нь түүний үхлийг үзэх үзлийн тод илрэл юм. Хүйзы нэртэй нэг гүн ухаантан түүн дээр хүрэлцэн ирээд яаж байгааг нь асуухад "Эхнэр маань энэ насыг дуусгаад шинэ төрөл авч байгаа нь баярлууштай хэрэг биш гэж үү?" хэмээн хариулсан байдаг. Тэр өөрөө өөд болохын өмнө шавь нар нь хэрхин оршуулах талаар асуухад "Өндөр уулын орой дээр аваачаад хаячихаарай." гэж л дээ. Олон шавь нар нь түүний саналыг зөвшөөрөхгүй "Хүндтэй сайхан оршуулна." гэхийг сонсоод Жуанзы хариуд нь: "Хатан дэлхийг дэвсэж хан тэнгэрээр хучуулаад нар саран чимэг, од гариган шигтгээ гялтгануулсаар нөгөө ертөнцөд очихоос илүү хүндтэй оршуулгын ёслол гэж хаана байх билээ? Та бүхэн намайг алт мөнгөн авсанд хийлээ ч гэсэн хорхой шавьжийн хоол болоод дуусах нь тодорхой бус уу?" хэмээн амыг нь тагласан гэдэг. Бодвол тэр дагуу оршуулсан буй за. Ер нь үхлийн тухай Жуанзы Богд "Үхлээс битгий айгтун. Бас үхэхийг хүсээд байх хэрэг юун." хэмээн товч тодорхой сургасан байдаг.

Нэвтрүүлэгт оролцож байсан нэгэн америк эрдэмтэн "Би ч хувьдаа үхлээс тэгтэл айгаад байдаггүй. Харин өвдөлтийг тэсэж чаддаггүй болохоор түүнтэй холбоо бүхий нэг асуулт тавья.

Өрнөдөд эдгэршгүй хүнд өвчтөн хүн өөрийн хүсэлтээр амар хялбар үхэх асуудал ихээхэн хүчтэй яригддаг. Энэ тал дээр Жуанзыгийн сургаалд юу гэж үздэг юм бол?" гэхэд Юй Дань профессор торох зүйлгүй шууд хариулсан нь: "Таны наад тавьсан асуулт орон зай цаг хугацааны хувьд дэндүү их алслалттай байна. Ер нь гагц Жуанзы гэлтгүй хятадын гүн ухаантнууд зөв сайхан амьдрах бөгөөс зовиургүй санаа амар нүд аньж болдог хэмээн үзсээр ирсэн нь л дээ." хэмээн хариулж байгаа нь манай өвөг дээдсийн энэ талын сургаалтай яв цав нийцэж байлаа.

Жуанзыгийн "Гаднаа хувирч дотроо үл хувирмуй" хэмээх сургаал залуу уншигчдын хувьд анхаарууштай санагдав. Залуу байхад гадаад орчин хийгээд нийгмийн ахуй байдалд дасан зохицож чадахгүй тэр хэрээр бухимдан зовних явдал бишгүйдээ л нэг байдаг шүү дээ. Хамт ажиллаж, сурдаг хүмүүс санаанд чинь нийцэхгүй байх гэх мэт. Хувь хүн бүхэл бүтэн гадаад орчныг тэр чигээр нь өөрчилж өөрийн санаанд нийцүүлнэ гэж юу байхав. Харин өөрөө тэрхүү гадаад орчинд уусан нийцэж хувирах нь л ухаант хүний ёс бөлгөө гэсэн санааг эхний хоёр үг нь илэрхийлж байгаа хэрэг юм. Манай ухаант өвөг дээдэс ч гэсэн чухам энэхүү ёсонг "Сохрын газар сохор, доголонгийн газар доголон" гээд аль эрт хэлчихсэн байдаг л даа. Харин хэдийгээр гаднаа тийнхүү хувирч байгаа боловч дотроо хүн чанар, хүний мөс, ноён нуруугаа гээж хувирч болохгүй гэсэн санааг дараачийн гурван үг нь илэрхийлжээ. Тавхан үгийн дотор ямар гүнзгий санаа илэрхийлж байна вэ?

Юй Дань профессор энэ тал дээр нэгэн сонирхолтой жишээ дурьдав. Өндөг, лууван, цайны навч гурвыг нэгэн зэрэг буцламгай халуун усанд хийгээд чанавал хагас цагийн дараа лууван нь хэлбэрээ алдаад нухаш болон хувирах нь тодорхой. Харин өндөгний хальсны өнгө бага зэрэг хувирах боловч дотроо хатууран болсон байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл дээрх хоёр юмс дотоод мөн чанараа алдаж байна гэсэн үг. Харин цайны навчны дотоод мөн чанар хувирахгүй хэлбэр дүрсээ хэвээр хадгалахын зэрэгцээ тансаг амт анхилуун үнэрээрээ олон түмнийг тэтгэж байдаг бус уу? Хувь хүн нийгэмдээ түүн лүгээ адил оршихыг Жуанзыгийн дээрх сургаал өгүүлж байгаа юм гээд яриагаа үргэлжлүүлсэний зах зухаас товч дурьдахад ийм буюу.