Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 21, 2017

Өнөөдрийн 10 / Admin
2017 оны 11 сарын 21

1. Оффшор данстай дараагийн монгол хүмүүсийн талаар баримт дэлгэлээ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийнхэн оффшор бүсэд данс бүртгэлтэй хүмүүсийг зарлаж байгаа. Энэ хүрээнд Монголоос бүртгэгдсэн дараагийн оффшорчдын жагсаалтыг гаргасан байна. “Paradise papers” жагсаалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү Б.Батхишиг, “Энержи ресурс” ХХК-ийн Б.Батцэнгэл, “Моннис” группийн Б.Чулуунбаатар, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван гэх мэт 16 хүний нэрсийн жагсаалт дэлгэгдлээ. [Time.mn]

2. МАН-ын Их хурал эхэллээ

МАН-ын дарга М.Энхболд улс  төрийн илтгэлээ  танилцуулж дууссаны дараа Мандатын комисс нь мэдээлэл хийв. Тус хуралд нийтдээ 1309 төлөөлөгч оролцуулахаар сонгосон. Үүний хэд нь ирснийг Мандатын комисс албан ёсоор танилцуулах юм. Мандатын комисс нь есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Солтан, Л.Энхболд, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Ховд аймгийн намын хорооны дарга Д.Галсандондог, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Ч.Сугар ажиллаж байна. [Gogo.mn]

3. Тайваньд Монгол Улсын иргэн ял сонсчээ

Энэ онд манай улсын зургаан иргэн Тайвань улсад гэмт хэрэгт холбогдсоноос нэг нь тус улсын шүүхээс ял сонссон байна. Тодруулбал, Монгол Улсын иргэн С.А нь тус улсад энэ оны дөрөвдүгээр сард жуулчны журмаар очсон ч энэ хугацаанд халаасны хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Тэрээр гурван удаагийн үйлдлээр нийт 1660 ам.доллартай тэнцэх тайвань доллар хулгайлжээ. Түүнийг цагдаа нар саатуулан шалгаж эхэлсэн байна. Улмаар С.А-д холбогдох хэргийн шүүх хурал саяхан болж, Тайванийн шүүхээс түүнд нэг жил долоон сарын хорих ял оноожээ. [Medee.mn]

4. О.Баасанхүүг МАХН-аас хөөж буй талаар мэдээлэл хийлээ

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга нар өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын нэр хүнд унагаж, Улстөрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн учир МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцсон талаар мэдээлэл хийлээ. Намаас түүнийг ийнхүү хөөх болсон шалтгаан нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн зэрэг үйлдэл гаргасантай холбоотой гэж тайлбарлав. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Бага чуулган, намын их хурлыг хуралдуулахыг бусдад уриалж, хуурамч, намын бус гишүүдийн гарын үсгийг цуглуулсан зэрэг олон үйлдэл гаргаж байгаа учраас түүнийг намын гишүүнчлэлээс хасчээ. [News.mn]  

5. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Бармаш” ХХК-ийн 150х54 метрийн хэмжээтэй төмөр краказан дээвэртэй тоосгон барилга дотор “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгаа, агуулахын зориулалтай сендвичен барилга, дээвэр, тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30-р ангийн 6 тасаг,  65 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр 17 цагийн турш ажиллаж, галыг бүрэн унтраасан билээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон  Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Хэргийн газрын үзлэг хийхэд барилгын хийц нурах аюултай учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж,  үргэлжлүүлэн шалгах аж. [Shuud.mn]  

6. Мугабе огцрох нөхцлийг хүлээн зөвшөөрлөө

Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе цэргийнхэн, сөрөг хүчинтэй тохиролцоонд хүрч албан тушаалаасаа огцрох нөхцлийг хүлээн авчээ. Цэргийнхний гол шаардлагад Ерөнхийлөгчийн гэр бүлийг хамгаалалтад авах, түүний хувийн өмч хөрөнгөнд халдахгүй байх гэсэн нөхцлийг Роберт Мугабе хүлээн зөвшөөрсөн байна. [Cnn.com]

7. Африкийн тамирчид анх удаа өвлийн олимпийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо

Өвлийн Олимпийн түүхэнд анх удаа Африк тивээс тамирчид өрсөлдөхөөр болсон нь Нигери улсын бобслей (чарга) төрлийн тамирчид боллоо. 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн наадамд оролцох эрхийг Сеун Адигун, Акуома Омеога, Нгози Онвумере нарын гурван бүсгүйгээс бүрдсэн баг авчээ. [Ikon.mn]

8. Цахим мөнгө "Bitcoin"-ын ханш дээд амжилт тогтоолоо

Олон улсад идэвхтэй арилжаалагдаж буй цахим мөнгө "Bitcoin"-ын ханш даваа гарагт 8200 ам.долларт хүрчээ. Сарын өмнө ханш нь 5500 ам.долларт хүрч байсан юм. "Bitcoin"-ын ханшийн өсөлт энэ онд 850 хувиар өссөн гэж Чикагогийн хөрөнгийн биржийн шинжээчид ярьжээ. Одоогийн байдлаар зах зээлд 137 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний "Bitcoin" арилжаалагдаж байгаа аж.

[Time.mn]

9. “Southgobi resources” компанийн гүйцэтгэх захирлыг БНХАУ-д саатууллаа

“Southgobi Resources” компанийн гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг аравдугаар сарын 11-нд залилангийн хэргээр БНХАУ-ын Рижао хотын хорих ангид саатуулжээ. Өнгөрсөн даваа гарагт “Southgobi Resources” компани Б.Аминбөхийг түр хугацаанд ажиллах боломжгүй гэх шалтгаанаар Бин Ваныг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. [Bloombergtv.mn] 

10. Олон нийтийн сүлжээнд гэмт хэргийг сурталчилбал хариуцлага хүлээдэг болно

ОХУ-ын эрх баригчид  Олон нийтийн сүлжээнд эрүүгийн гэмт хэргийн тухай сурталчилсан, тараасан, түгээн дэлгэрүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх хуулийн төслийг хэлэлцэхээр зэхэж байна. Уг хууль батлагдсанаар өсвөр насныхныг гаж буруу зан үйл, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд уруу татсан гэх мэт асуудлыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх юм. Тухайлбал, олон нийтийн сүлжээгээр “Цэнхэр халим” тоглоомыг тоглож, өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлоход хүргэж байв. Холбогдох хуульд энэ тухай илүү нарийвчлан тусгасан гэж хууль санаачлагчид ярьжээ.[Tass.ru]