МАН-ынхан өнөөдөр шинэ даргаа сонгоно

Нийтлэл / Өглөөний сонин
2017 оны 11 сарын 21

МАН-ын XXVIII Их хурал өчигдөр эхэллээ. Хурлын тэргүүлэгчдийг бүсчилсэн байдлаар есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Тухайлбал төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийнхээр Я.Содбаатар, говийн бүсийнхээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан нарын тэргүүлэгч энэ удаагийн хурлыг удирдан зохион байгуулахаар дэмжигдсэн байна.

Хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьсан бөгөөд түүнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм.

Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм. Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай. Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгосон нь бидний маргашгүй давуу тал билээ.

Намын эв нэгдлийн асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах боломжтой гэж үзэж байна. Эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, залуучуудын төлөөллийг оролцуулан боловсруулах энэхүү “Намын эв нэгдлийн хөтөлбөр”-т намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх сахилгыг намын гишүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүддээ төлөвшүүлэх, тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулдаг, хэрэгжилтийг нь дүгнэж хянадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв юм.

Манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц юм.

Монгол Ардын Нам буруудсаныг засаж, уруудсаныг өөд татна гэж Монголын ард түмэн итгэж, хүлээсээр байгааг мартаж хэрхэвч болохгүй.

Сонгуулийн үр дүн нь зөвхөн нэр дэвшигчийн хувийн амжилт биш, нам хэмээх үндэсний хэмжээний байгууллагын бодлогын ялалт, хамтын хүчин чармайлтын үр дүн юм.

Засаглалын бүх түвшинд хариуцлага, сахилгыг чангатгаж, шударга ёсны зарчмыг чанд сахих, авлигаас ангид байх нь нам урт хугацаанд тогтвортой оршин тогтнохын үндэс мөн.

Гишүүд, дэмжигчидтэйгээ ямагт хамт, ойр байх зарчмыг лоозогнолоос салгаж, энгийн бодит үйл ажиллагаа болгох нь шинэчлэлийн чухал зорилтын нэг юм. Намын үүр, хороодын ажил гишүүд рүүгээ л чиглэх ёстой.

Намаа засах, шинэчлэх түүхэн тодорхой шийдвэрийг энэ Их хурлаараа Та бид гаргаж, намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэх учиртай. Улмаар намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийг төрөө засах, түмнээ амар түвшин болгох амин чухал асуудлыг шийдэх түлхүүр хэмээн үзэж, энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллахыг уриалж байна.

Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс төрийн тогтвортой байдал, Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг бид тууштай баримталбал зохино. Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна.

Тус намын хурлын төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулсан. Хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

XXVIII Их хурал өчигдөр түр завсарласаны дараа “Монгол Ардын намын дүрмийн шинэчлэл”, “Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”, “XXVIII Их хурлаас уриалга” зэрэг салбар хуралдаануудаар үргэлжлсэн. 

Энэ удаагийн хурлаас МАН-ын гишүүд шинэчлэл, хариуцлагын тогтолцоог сайжруулахыг хамгийн ихээр хүсч байгаагаа хэлж байсан. Мөн эв нэгдлээ хадгалан дотооддоо харилцан ойлголцохыг чухалчилж байгаа аж. МАН-ын шинэ даргаа сонгох, эв нэгдлийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэхээр ирсэн 1309 төлөөлөгчийн 1074 нь намын анхан шатны төлөөлөл бол 236 нь Удирдах зөвлөлийг төлөөлж байна.

МАН-ын 211.000 гишүүнийг төлөөлж намын XXVIII Их хуралд 1283 төлөөлөгч сонгогдсоны 696 нь буюу 53.2 хувь нь анх удаагаа сонгогдсон хүмүүс байна.

МАН-ын Их хуралд хамгийн олон сонгогдсон буюу 11 дэх удаагаа сонгогдож байгаа нь 1990-1991 онд МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор Г.Очирбат /88 настай/ юм. Мөн 2008-2012 онд УИХ-ын дарга, 1992 оноос хойш УИХ-ын гишүүнээр 6 удаа сонгогдсон, Гавьяат эдийн засагч, Удирдахуйн ухааны доктор Д.Дэмбэрэл. 1984-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном /84 настай/, 1990 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж /82 настай/ нар 10 дахь удаагаа сонгогдсон аж. 

Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Төлөөлөгчдийн 235 буюу 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд,514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан,419 буюу 32 хувь нь 46-60 насныхан, 97 буюу 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүн намын ахмад, дунд, залуу үеийхнийг бүрэн төлөөлж намын залгамж холбоог илэрхийлж чаджээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө залуу халуун нас, эрдэм мэдлэг, авьяас чадвараа харамгүй зориулсан ахмад үеийнхний төлөөлөл болж 98 настан XXVIII Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоны хамгийн ахмад нь 100 настай, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны нарийн бичгийн дарга асан Монгол улсын баатар П.Шагдарсүрэн байна. 

Тус намын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэгч намаа бүхий л талаар бэхжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн залуучуудын төлөөлөл 235 хүн тус Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоны хамгийн залуу нь 22 настай Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн Т.Цэнд-Аюуш ажээ.

XXVIII Их хурлын төлөөлөгчдийн 1172 буюу 89.5 хувь нь дээд боловсролтой, доктор, доктор профессор, дэд профессор 41, магистр зэрэгтэй 270 буюу 21 хувь байна. Мөн 286 буюу 22 хувь нь эдийн засагч, 220 буюу 17 хувь нь инженер. Түүнчлэн 158 хуульч, 161 багш, 49 эмч, 400 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологч бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогджээ. Харин бизнес эрхлэгчдийн төлөөлөл 321 буюу 24.5 хувь байна.

Намын Их хуралд 244 буюу нийт төлөөлөгчдийн 19 хувь нь намын бодлого шийдвэрийг олон түмэнд хүргэх, сурталчлах, намын үйл ажиллагааг гардан удирдан зохион байгуулах хариуцлагатай үүрэг хүлээсэн, намын үндэс суурь, түшиг, тулгуур болсон сум, дүүргийн намын хороо, баг, хорооны намын үүрийн дарга, дэд дарга нар байна. Намын Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 717 буюу 55 хувь нь намын шат шатны байгууллагад сонгуульт үүрэг хүлээж сонгогдсон намын идэвхтэн сонгуультнууд. Намын Их хурлын төлөөлөгчдийн 548 буюу 42 хувь нь аймаг, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нар. Төлөөлөгчдийн намд элссэн оноор авч үзвэл, 1954-1960 онд элссэн 4, 1961-1990 онд элссэн 219, 1991-2000 онд элссэн 316, 2001 оноос хойш элссэн 792 гишүүн байна. XXVIII Их хуралд төрийн өндөр гавьяа цол хүртсэн 17 төлөөлөгч оролцож байгаа юм.

МАН-ын Их хурлыг үйл явцыг ажиглагчдын хувьд өнөөдөр “тогоондоо зодолдох дайны тэмцэл өрнөнө, үндсэндээ цусгүй дайн болно” хэмжээ байна. Учир нь өнөөдрийн хурлаас МАН-ын шинэ дарга тодорно. Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, МАН-ын гишүүн Г.Майцэцэг нар нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Гэвч Г.Майцэцэгийн хувьд Их хуралд оролцох мандат аваагүй тул өчигдөр хуралд оролцож чадаагүй буцсан. 
Мөн Бага хурлын болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ тодруулах юм.