Би Барилгачдын 106-д амьдардаг байлаа

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 11 сарын 22

Монголын ахмад архитекторуудын нэг Ц.Бат-Эрдэнэ 1972 онд нийслэлд суурьшиж, Румынид хамт сурч байсан бүсгүйтэйгээ гэр бүл зохиожээ. Түүний амьдралын түүхээр аялж, тухайн үеийн Улаанбаатар хотын өөр нэгэн өнгө төрхтэй танилцлаа.


РУМЫНИД ТӨГССӨН ТАВАН АРХИТЕКТОР

1960-1970-аад онд Монгол улс боловсон хүчнээ маш сайн бэлтгэсэн юм. Бүх социалист орон руу хүмүүсээ явуулж, сурган боловсруулж байлаа. Би ч гэсэн тэр үеийн хүн л дээ. Барилгын яамнаас бидний зургаан нөхдийг Румынийн Архитектурын институтэд хуваарилсан юм. Румынид архитектур болон анагаах ухааны чиглэлээр зургаан жил суралцдаг. Харин бид хэлний бэлтгэлтэйгээ нийлээд долоон жил сурсан юм. Тийш явсан зургаан хүүхдийн тав нь сургуулиа төгсөж чадсан. Тэдний нэг нь манай эхнэр Д.Сарантуяа. Бид хоёр мэргэжил нэгтэй болохоор Монголд ирээд олон төсөл дээр хамт ажилласан.

Тухайн үед социалист Румынь улсыг бусад социалист орнууд гадуурхаж, ад үздэг байлаа. Тийм болохоор ч тэр үү, Румынид суралцсан хүмүүс ажлын талбар дээр үнэлэгдэхэд бэрх байсан.

РУМЫНИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НИКОЛАЕ ЧАУШЕСКУ

Румынийн алдарт ерөнхийлөгч Николае Чаушескуг манайхан их шүүмжилдэг. Харин тэр улсад амьдарч байсан миний хувьд түүнийг муулах шалтгаан байхгүй. Чаушеску ард түмнийхээ амьдралыг маш сайн мэддэг, үргэлж өөрийн биеэр явж хөдөө аж ахуйгаа шалгаж, санаа тавьдаг байсныг би мэднэ. Тэрбээр Румынийн 21 мужийн архитектурыг өөр өөрийн өнгө төрхтэй болоход нөлөөлсөн. Барууны орнуудад томоохон соёлын барилга байгууламж баригдахад Чаушеску архитекторуудаа тийш томилж, судалгаа хийлгэдэг байсан юм. Ингэснээр нийслэл Бухарест гэлтгүй Румынь тэр даяараа өөрийн гэсэн архитектурын хэв маягийг бүтээсэн. Оросоос М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуультай адилхан өндөр барилгыг Румынид барьж бэлэглэхэд иргэд нь “Хаана ч байдаг нэг хэвийн барилга босголоо” хэмээн их дургүйцсэн гэдэг. Румынийн сэхээтнүүд надад гайхалтай гэгээрсэн хүмүүс шиг санагддаг байлаа.

Манай их сургуулийн профессоруудын ихэнх нь Европт суралцаж, төгссөн болохоор архитектурын охь болсон бүтээлүүдийн тухай заадаг байсан. Румыньчууд дан ганцаараа социалист режимийн зарим итгэл үнэмшлийн эсрэг зогсдог байв. Тухайлбал, тэр үед “социалист ах дүү орон” гэсэн ойлголт байсныг та мэдэх байх. Харин Румыньчууд энэ ойлголт дахь “ах” хэмээх үгийг ямар нэгэн оронд ноогдуулахыг хүсдэггүй байсан. Тэд эн тэнцүү харилцааг эрхэмлэж байсан бөгөөд хэн нэгнийг амжилтдаа эзэн суулгахыг хүсээгүй юм.

1971 онд Чаушеску эхнэртэйгээ хамт Монголд төрийн айлчлал хийсэн. Ю.Цэдэнбал дарга түүнийг хүлээн авч байв. Тэд 1968 оны Чехийн үймээний тухай ярилцахад, зөвхөн оросын хэвлэл мэдээллийг уншдаг байсан Цэдэнбалд Чаушеску улс төрийн үймээн болсон оронд өөрийн биеэр айлчлал хийж, нөхцөл байдалтай танилцаж байхыг зөвлөсөн гэдэг. Чаушеску тэнд “үймээн” босохоос долоо хоногийн өмнө айлчилж байсан учраас ард түмний бослого байгаагүйг хэлж байлаа. 

АРДЧИЛЛЫГ ДЭМЖСЭН АРХИТЕКТОРУУД

Архитекторуудын ажилд тухайн орны эдийн засаг, техник технологи, шинжлэх ухаан маш их нөлөөлдөг. Аливаа архитектурын зураг эдийн засагтай нягт холбоотой байдаг. Социалист нийгэм солигдох үед эдийн засаг муудсанаар манай салбар хамгийн хүнд цохилтыг амссан. 1989 оны өвөл Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн болсон юм. Үүний хүрээнд манай Архитекторуудын эвлэл өдөрлөг зохион байгуулж, перестройка гэх сэдвийн дор яриа хэлэлцүүлэг өрнүүлэхээр шийдсэн. Тухайн үед би Архитекторуудын эвлэлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Манай залуус цуглаж, эдийн засгийг сайжруулах тухай хэлэлцэж зүрхэлсэн. Улс орны болж бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилж эхэлсэн. Бид “Улс, техник технологи хөгжихгүй байхад бид юу хийх юм бэ?” гэдэг асуултыг хүмүүст тавьж байлаа. Тэр үед бид 30 гаруй настай байсан юм. Ид юм хийж бүтээх насандаа үргэлж аж ахуйн бодлоготой, амьжиргааны бүтээл, зураг зохион бүтээж яваадаа сэтгэл дундуур байлаа. Тухайн үеийн таван эвлэлийн гишүүд энэ цуглаанд маш идэвхтэй оролцсон. Ялангуяа Урчуудын эвлэлийнхэн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Манай эвлэлийнхэн нийгмийн хөшүүн байдлыг ингэж анх үймүүлсэн юм.

Тус цуглаан дээр ардчиллын алтан хараацайнууд явж байсан гэж манай залуус ярьдаг. Тэд янз бүрийн цуглаанд оролцож, хүмүүсийн хандлагыг танддаг байж л дээ.

Архитекторууд улс төрийн хэрэгт ерөөсөө оролцоогүй. Алтан хараацайнуудтай адил гадаа жагсаж, хүмүүсийг манлайлж явсангүй. Бидэнд улс төр, нийгмийн тухай ойлголт байгаагүй болохоор ардчиллын үзэл санааг эхлүүлээд л орхисон.

БАРИЛГАЧДЫН 106

Би 1972 онд эхнэртэйгээ хамт их сургуулиа төгсөж ирээд Улаанбаатарт суурьшсан. Барилга, архитектурын комиссоос бид хоёрт V сургуулийн хажуу талын Барилгачдын 106 дугаар байранднэг өрөө орон сууц хуваарилж байлаа. Энд манай гурван хүүхэд төрж, өсч торнисон болохоор их дотно санагддаг. Эхнэр маань бурхан болоод 10 жил болж байна. Тэр маань Монголын анхны докторын зэрэгтэй хот төлөвлөлтийн эмэгтэй мэргэжилтэн байсан юм. Барилгачдын 106- д хуваарилагдсан байр маань тусдаа гал тогоотой хэрнээ ванны өрөөгүй, дан ганц 00-ийн өрөөтэй байсан. Бид төмөр ваннд усанд ордог байлаа. Тэр байранд барилгын салбараас төрж гарсан бүх хүмүүс аж төрдөг байсан. Тэр үед орон сууц олдохгүй хэцүү байсан болохоор ганц өрөө байр олдсонд бид баярласан. Бүр сүүлд 1980-аад онд л байраа томсгох боломжтой болж байлаа. Би архитектор хүний хувьд сайхан уран бүтээл ярих учиртай байтал үргэлж амьжиргааны зүйл хийж, ярьсаар 70 нас хүрсэн. Гэвч залуус дундаа, хамт олонтойгоо, хайрт хань, хүүхдүүдтэйгээ сайхан амьдарсан. Тэр үед ур чадвараар нь бус, нэг шатны талбайд олон айл багтааж, хэмнэлт гаргасан тохиолдолд сайшаагддаг байсныг эс тооцвол би юунд ч сэтгэл дундуур явдаггүй.

Социализмын үед бүтээгдсэн сайхан архитектур гээд дурдахаар барилга нэг их байдаггүй. Миний бодлоор Лениний музей, Зайсан толгой, 1000 хүний кино театр гэгддэг Тэнгис кино театр зэрэг
намын зүгээс анхаарсан томоохон төслүүд л сайхан болж чадсан. Харин одоо бол юм өөрчлөгдсөн. Хүссэнээ ярьж, хийж болдог болсон.

ӨНӨӨГИЙН УЛААНБААТАРЫН АСУУДАЛ

Улаанбаатарын хамгийн том асуудал бол бөөгнөрөл, төвлөрөл юм. Архитектор Г.Одон, манай эхнэр Д.Сарантуяа бид гурав Дархан, Сэлэнгийн анхны хүн амын нутагшил, суурьшилын ерөнхий төлөвлөлтийг эхлүүлж байлаа. Хуучнаар үүнийг Район төлөвлөлт гэж нэрлэдэг байсан юм. Ерөнхий төлөвлөлт боловсруулахад төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсийг оролцуулдаг. Жишээ нь геологичид, зоотехникчид, төмөр замчид ирж, хариуцсан салбараа төлөөлөн судалгаанд оролцдог байсан. Хүн амын нутагшил, суурьшилын ийм төлөвлөлт өнөөдөр их дутагдаж байна. Иймэрхүү судалгаа хийж, шинэ хот суурин барих хэрэгтэй. Мэдээж шинэ хот өөрөө өөрийгөө тэтгэх эх үүсвэртэй байх хэрэгтэй. Хархорин хотыг хоёр дахь нийслэлээ болголоо гэхэд тэнд аялал жуулчлалыг сэргээх шаардлагатай. Эрдэнэт хот гэдэг бодит жишээ бидэнд байна шүү дээ. Эрдэнэтийн ГОК үйлдвэр тэнд бий учраас ямар сайхан хөгжиж цэцэглэсэн билээ...

Хот сууринг өөрөөр нь хөгжүүлэх боломж манайд бий. Уул уурхайнуудын төслүүдэд нийгмийг хөгжүүлэх бодлого нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд л болчих зүйл.

Бид Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг гаргахдаа Сүхбаатарын талбайг урагшаа, Зайсан руу задгай байх ёстой гэж үзэж байсан. Талбайг хааж өндөр байшин барихгүй гэсэн зарчимтай байж билээ. Монголчууд эрт үеэсээ нүүдлийн соёлтой байсан ч нийслэлтэй ард түмэн гэдгийг мартаж болохгүй. Тэр үеийн хотын зохион байгуулалтыг бид эрхэмлэн баримталж байлаа. Гэвч зах зээл эхэлснээр зохион байгуулалт алдагдсан. Түүнчлэн бид Туулын эргээр барилга байшин төлөвлөхөд дургүйцэж байсан. Учир нь, гол голдрилоороо урсаж байгаа нь хангалттай биш, үүний сацуу голын ай савд, ойр орчинд чийг хадгалагдаж байх ёстой юм. Хотын бөөгнөрлийн бурууг өнөөдөр архитекторуудаас хайж байна. Мэргэжил нэгтнүүд маань улс төржилтийн горыг амсаж л явна. Улаанбаатарт үндэсний архитектур гэдэг ойлголтыг сэргээх хэрэгтэй. Яаж илэрхийлбэл монгол үндэсний архитектур болох вэ гэдэг ч бас амаргүй ажил. Социализмын үед Соёлын төв өргөөг барьж байхад анх үндэсний архитектур гэх ойлголтыг гаргаж байлаа. “Хоёр дахь гандан” болгохгүйн тулд тэр үеийн архитекторууд янз янзаар л үзсэн. 2000 хүний суудалтай өргөө тухайн үед асар том байгууламж байсан. Тиймээс III, IV хороололд барих байсныг нь болиулж, талбайн зүүн талд босгосон юм. Гандан, сүм, хийд эрт үеэсээ нэг л загвартай байсаар ирсэн. 1000 зул өргөхөд гал асч, тортог их хэмжээгээр үүсэх гэхчлэн хэцүү байдаг. Бас хадаг самбайгаар ороосон мод, баганууд өтөж, нурж унадаг. Тэгвэл Европын католик, ортодокс шашны сүмүүд орчин үеийн хэрэгцээнд нийцсэн, шинэлэг загвартай байж болоод л байна. Бид ч бас тийм арга замыг судлах хэрэгтэй.

Нийтлэлийг: З.Золбоот
Эх сурвалж: "НийслэлGuide" №66/ 2017 11 дүгээр сар