Г.Майцэцэг: Улс төрийн хүрээний эрчүүд аймхай, увайгүй байна

Ярилцлага / Э. Сайнзаяа
2017 оны 11 сарын 21

"Exclusive" брэндийн үүсгэн байгуулагч Гансүхийн Майцэцэг МАН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдэн олны шүүмжлэлд өртөв. Тэрбээр Польшийн Люблин хот дахь Мария Кири Сквадов их сургуулийг төгсөж, 2009 онд "Exclusive" брэндээ  үүсгэн байгуулж өдгөө 100 гаруй ажилтантай компани удирдаж буй юм.

Таныг МАН-ын гишүүн биш гэсэн хариу өгсөн сонслоо. Юу болсон юм бэ?

Манай намын дүрмийн 4.1.2-т зааснаар өөрөө нэрээ дэвшүүлэх эрх нь байгаа.  Гэтэл “Та Баянгол дүүргийн МАН-ын 121 дүгээрт харьяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдоогүй байгаа тул намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэсэн хариу тайлбар явуулсан байсан. Ямар учир тогтоогдоогүй юм бэ гэхээр Ц.Цэрэндэжид гэх хүн намайг энэ үүрийн гишүүн байгаагүй гэсэн. Барин тавин ингэж худлаа ярьж болохгүй шүү дээ. 2010 онд намайг намд элсэж орж байх үед Ц.Цэрэндэжид эгч нарийн бичгийн дарга хийж байсан. Энэ маш болчимгүй үйлдэл. Энэ зөвхөн Майцэцэг, Цэрэндэжид хоёрыг муухай харагдуулах биш МАН-ыг муухай харагдуулаад байгаа байхгүй юу.

Уг нь Та энэ үүрийн гишүүн мөн юм уу?

2010 онд би үүрийн гишүүн болж байсан. Манай үйлдвэр ч БГД-ийн 20-р хороонд байдаг. Би өөрөө ХУД-т амьдардаг. Гэхдээ яагаад энд ирсэн гэхээр МАН-ын тухайн удирдлагууд, БГД-ийн Засаг дарга Л.Амгалан “Манай намд элсэж орж байгаа юм бол ямарч байсан энэ дүүргээ үйлдвэржилттэй болгоно” гэж хэлсэн. Үйлдвэрийн нээлт дээр Л.Энх-Амгалан гишүүн ирсэн. Энд зураг нь ч байна. 2010 оны хоёрдугаар сараас үйлдвэржилтийн хөтөлбөр хэрэгжүүлж иргэдийг ажлын байртай болгох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хөтөлбөрийн хүрээнд манайх үйлдвэрээ энд нээсэн юм. Шинэ журам гарч үүрийн гишүүн юм бол тухайн дүүрэгтээ амьдардаг байх хэрэгтэй гэсэн журам нэмэгдсэн юм байна. Тэгэхээр надад нэр дэвших эрх зүйн үндэс байхгүй байгаа биз. Хүмүүс намайг намд ажилласан гээд байгаа юм. Нам гэж юу юм бэ, улсын бодлого гаргадаг л газар биздээ. Намд хүн итгэл үнэмшлээрээ ордог.

Танд намын батлах хэн өгч байсан юм бэ?

Л.Амгалан дарга батлах гардуулж өгч байсан. Надад бүх баримт нь байгаа. Гэрч ч бий.

МАН-ыг яагаад сонгосныг тань мэдмээр байна?

МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. Хамгийн гол нь социализмын үед үйлдвэржилтийг ямар гоё авч явж байлаа даа. Тухайн үед хэрэгжүүлж байсан хөтөлбөр нь надад маш их таалагдаж байсан. Миний өвөө насаараа гурилын үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хийсэн. Манай өвөө эмээ хоёр хоёулаа МАН-ын гишүүн байлаа. Түүнээс биш би энэ намд ашиг сонирхол харж ороогүй. Намд элсэж орсноор нэг ч сандал ширээ горилж байсангүй. Энэ намаар далайлгаж би зээл авч байсангүй. Миний үүрэг юу юм гэхээр би Монгол Улсдаа үйдвэржилтийг хөгжүүлэх ёстой л гэж бодсон. Тэр л чин хүсэл зорилгоороо ажиллаад явж байна. Өнөөдөр ч гэсэн хичнээн намын даргад нэрээ дэвшүүлсэн ч гэсэн ажил дээрээ буцаад ирчихсэн ажлаа хийгээд байж байна. Зүгээр нэг л юмыг би үнэхээр эгдүүцэж байна. Өнөөдөр намаа шинэчлэе, нам болохгүй байна гэж их ярьдаг. Намынхаа дүрмэнд манай намын гишүүн л бол та хэн ч байсан нэр дэвших эрхтэй гэж заасан байдаг. 200 мянган хүнийг төлөөлж байгаа бодлого гаргаж байгаа том нам байж ганцхан хүний үгээр миний итгэл үнэмшлийг няцааж байгаад харамсалтай байна. 

Яагаад намын даргад нэр дэвших болсон юм?

Би зүгээр л 28-р их хуралд төлөөлөгчөөр орохыг хүссэн. Яагаад гэхээр манай нам 2016 онд үнэмлэхүй ялалт авсан. Намын мөрийн хөтөлбөр ард түмэнд таалагдсан. Хүмүүсийн хүсэн хүлээж байсан зүйл гэвэл ажлын байр байсан. Ажлын байр, нэмэгдүүлэх, хүмүүс ажилтай орлоготой байх, үйлдвэржилттйг дэмжих хөтөлбөр гээд л байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Аж үйлдвэржилтийн 4-р хувьсгал гэсэн хөтөлбөр яваа. Тэнд ерөөсөө үйлдвэржүүлнэ гэсэн байгаа. Тэгэхээр би намынхаа их хуралд орж яагаад болохгүй гэж. Би үйлдвэрлэгч хүн. Хүний нутагт үйлдвэрлэл эрхлэж байгаад монголдоо ирсэн. Монголд юу нь болохгүй байна, яагаад байна гээд л шантрах байсан бол би аль хэзээний шантрах байсан. Гэтэл бид нар өөрсдөө ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэржилтийг нэмэхгүй бол улсыг хэн хөгжүүлэх юм бэ. 

Эрх барьж буй намын даргын суудалд Та өөрийгөө бэлдэж амжсан гэж боддог уу?

Намын дарга ард иргэдтэйгээ ойр байх хэрэгтэй. Гэтэл манай намын дарга нар ажаад байхад их вакумлагдсан байдаг. Эргэн тойрондоо дандаа даргаа, даргаа гэж гүйдэг хүмүүсээр хүрээлүүлчихсэн болохоор яг үнэнийг нь хэлэх хүмүүсээс тусгаарлагдчихсан. Үе үеийн намын лидерүүд чин сэтгэлээсээ эх орныхоо төлөө ажиллаж байсан гэдэгт би итгэдэг. 3 сая иргэн бүгд монголынхоо төлөө зүрх нь цохиолж байгаа.

эрвээ би намын дарга болвол хамгийн түрүүнд улстөрийн уучлал үзүүлнэ. Талцал хуваагдлыг арилгана. Болоод өнгөрсөн юмыг сөхөж нэгнээ шантаажлах тусам бид ухраад байна. Таслан зогсоох энгийн арга нь зүгээр л уучлах. Би нэр дэвшиж,  дарга болъё гэж зүтгээгүй. МАН бол зуун жилийн түүхтэй хамгийн ардчилалтай нам гэдгийг би харуулахыг хүссэн. Манай намын дүрмэнд хэн ч нэр дэвших эрхтэй гэсэн байгаа биздээ. Гэхдээ би чадсангүй.

Яагаад эмэгтэй хүн дарга болж болдоггүй юм. Эмэгтэйчүүд бүгдийг нуруун дээрээ үүрч явж байна. Эрчүүд юу хийгээд байгаа юм. Дарга хийгээд л хоорондоо хэмлэлцээд байгаа биздээ. Эмэгтэй хүн бол эеийг сахиулдаг. 

Таныг шүүмжилж байгаа хүмүүс олон байгааг анзаарсан байх. Энэ талаар юу хэлэх вэ?

Би заавал хэн нэгэнд таалагдах ёстой юу. Миний хийсэн хувцсыг хүн таалж авдаг. Харин би бусдад таалагдах гэж хичээдэггүй. Хүн ганц л амьдрана. Өөрийнхөөрөө байх шиг сайхан юм хаа байна. Би үзэл бодолдоо үнэнч. 

Таныг өөр намын гишүүн байсан, хэзээ МАН-д элсчихэв гэсэн хардлага хүмүүсийн дунд байна. Энэ тал дээр та ямар тайлбар тавих вэ?

2013 онд би Ерөнхий сайд Н.Алтанхуягийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үед Европ буюу Польшийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилласан. Намайг мөн УИХ-ын гишүүн асан Г.Уянгын байгуулсан Тусгаар тогтнол, эв нэгдэл намын гишүүн гэж боддог юм шиг байна лээ. Тийм юм огтхон ч байхгүй. Харин 2015 оны есдүгээр сард 170 сая төгрөгийн бараагаа үнэгүй тараана гэж зарлаад чадаагүй. Дараа нь, УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай уулзаж, түүний тойргийнх нь иргэдэд тараасан. Хэлсэн амандаа хүрсэн гэсэн үг. Үүнтэй маань холбож, намд нь элссэн гэж ойлгосон байх. Бараа тарааснаас өөрөөр холбогдсон юм байхгүй шүү дээ.

Таныг Х.Баттулгыг дэмжиж байсныг санаж байна?

Би дэмжсэн. Гэхдээ энэ талаар хүмүүс бас их буруу ойлголттой байдаг. Би УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувь эзэмшдэг компанитай мөнгөний асуудалтай байсан. Түүнийгээ шийдүүлэхээр залгатал хэвлэлийн төлөөлөгч нь “Баянхонгорт ирж учраа ол” гэж хэлсэн. Тэр дагуу нь очсон. Сүүлдээ мөнгөний асуудлаа шийдэх нь бүү хэл шоронд хүртэл хоригдсон. 

Хэд хоног хоригдсон юм бэ?

Азаар нэг л өдөр болсон. 

Саатуулагдсан юм байна. 

Тиймээ. Өөр юм байхгүй. Тэр үедээ их бухимдсан. Одоо бол нэг намын гишүүн, журмын нөхөд гэдэг утгаараа би Л.Элдэв-Очир гишүүнийг уучилсан яваа.

Яагаад таныг саатуулсан юм болоо?

Айсан юм байлгүй. Би одоо ч учрыг нь олоогүй байна. Элдэв-Очир манай компанид өртэй байсан. Намайг бүр согтуу солиотой авгай гэж доромжилсон. Би зодуулсан ш дээ. Надад зураг ч байгаа. Намайг Х.Баттулгаас мөнгө аваад очиж бужигнуулсан гэж ойлгосон юм шиг байна лээ. Улс төрийн хүрээний эрчүүд их аймхай, увайгүй байна. Байгаа байдал нь бүр нэг жудаггүй, хүүхэн шиг. Өөрсдийн ямарч үнэт зүйлгүй болчихсон. Ингэлээ гээд би намаасаа гарахгүй. Амьдралд минь өшөө нэг зорилго өглөө. Энэ намыг нам шиг нам болгохын төлөө өөрийнхөө хүчийг зориулна. Улс төржилтөө одоо зогсоомоор байна. Ард түмэнд аль нам байх нь хамаатай биш. Тайван байхыг л хүсч байгаа. 

Та ингэхэд өөрөө хэр улс төр сонирхдог хүн бэ?

Улс төр судлаач гэж мэргэжил байдаг болохоос улстөрч гэсэн мэргэжил байхгүй. Би улстөрч болно гэж боддоггүй байхаа. Миний энэ үйлдэл бас улстөржилт үү? Хүмүүс тэгж дүгнээд байх шиг байна. Энэ бол зүгээр л хүний амьдралаас урган гарч байгаа үйл явдал, явц шүү дээ. 

Нэг хэсэг Чингис бонд-оос авсан таны зээлийн талаар асуудал дэгдэж байсан. Яаж шийдэгдсэн бэ?

Чингис бондоос 750 сая төгрөг авсан. Манай санхүүжилт арилжааны банкаар хийгдсэн. Барьцаа хөрөнгөө тавиад банктайгаа учраа олчихсон. Арилжааны банкаар судлагдаад шийдэгдчихсэн асуудал. Үүнд санаа зовох зүйл байхгүй. Банкнаас авсан арилжааны л зээл шүү дээ. 

Холбоотой мэдээ