Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 22, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 22

1. У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдлоо

МАН-ын Их хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, намын шинэ даргыг сонгох нууц санал хураалтын үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын даргаар сонгов. Хуралдаанд 211 мянган гишүүнийг төлөөлөн 1309 төлөөлөгч оролцож намын даргыг сонгох саналаа өгснөөс урдчилсан дүнгээр 63 хувийн саналаар У.Хүрэлсүх ялалт байгуулжээ. Тэрбээр, “Монголын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. МАН-ын эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж ажиллах болно. УИХ дахь 33, 32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна” гэж хэлэв. [Ikon.mn]  

2. Ерөнхийлөгчийн сонгуульд хандив өгсөн ААН, иргэдийн нэрс ил боллоо

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал болон хандив өгсөн ААН, иргэдийн жагсаалтыг Үндэсний аудитын газраас олон нийтэд тайлагнасан билээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 1,436 иргэнээс 2,589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая төгрөг нийт 2,807.2 сая төгрөг, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1,643 иргэнээс 3,275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая төгрөг нийт 3,525.5 сая төгрөг, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 2,476 иргэнээс 2,827.2 сая төгрөг хоёр хуулийн этгээдээс 30 сая төгрөг нийт 2,857.2 сая төгрөгийн хандив тус тус өгсөн байна. [Itoim.mn]  

3. С.Эрдэнэболд АЗХ-ны тэргүүн боллоо

АЗХ-ны тэргүүнийг сонгох сонгууль дуусчээ. АЗХ-ны шинэ тэргүүнээр АН-ын шилдэг залуу боловсон хүчний нэг С.Эрдэнэболд сонгогдлоо. Тэрбээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн дийлэнхид ялалт байгуулж 5293.64 санал буюу нийт 63.4 хувийн саналаар Ардчилсан Залуучуудын холбооны шинэ тэргүүн болжээ. Шинээр сонгогдсон тэргүүнийг ирэх арванхоёрдугаар сарын 4-нд хуралдах Ардчилсан залуучуудын холбооны VIII Их хурлаар батламжлах юм. [Eagle.mn]  

4. Малын тэжээлийн импорт өмнөх жилээс 10 дахин өсөх төлөвтэй байна

Энэ онд Монгол Улс ОХУ-аас 400 мянга тонн өвс, малын тэжээл импортлох болсон байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс бараг 10 дахин өссөн үзүүлэлт болжээ. Өнгөрсөн зун хуурайшилт ихтэй байсны улмаас хадлан багассан нь ийнхүү малын тэжээлийн импортын хэмжээнд нөлөөлсөн байна. Импортын малын тэжээл нийлүүлэх эрхийг "Од групп", "Тайшир өргөө", "Намуран", "Оргил шивээт" зэрэг компаниуд авчээ. Эдгээр компаниуд хорголжин тэжээл, тэжээлийн овьёос зэргийг импортолно. Харин дотоодын үйлдвэрлэгчдээс "Хүчит тэжээл" компани 30 гаруй аж ахуйн нэгжид малын тэжээл нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа юм байна. Улсын хэмжээнд энэ өвөл 1.2 сая тонн өвс тэжээл шаардлагатай байгаа аж. [Gogo.mn]  

5. Монгол Улс дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг эзлэх хэмжээний ноолуур бэлтгэдэг

Монгол Улс 25 сая ямаатай бөгөөд жилд 9400 тонн ноолуурыг зах зээлд нийлүүлдэг байна. Энэ нь дэлхийн зах зээлийн 40  орчим хувийг эзлэх хэмжээ бөгөөд цаашдаа түүхий эдийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах боломжтойг  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас онцолж буй юм. 
Итали улс нь  ноос, ноолуур самнах, ээрэх машин зэрэг хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Монгол Улс хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбартаа тус улсын техник технологийг нэвтрүүлэх санхүүжилтийн дэмжлэг хүссэнийг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Де Фэлип нааштайгаар хүлээн авч асуудлыг судлан хамтран ажиллахаар болсон байна. [Montsame.mn]  

6.  Умард Солонгосыг “терроризмыг ивээн тэтгэгч”-ээр зарлав

АНУ Умард Солонгосыг “терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалт”-д  дахин орууллаа. Пхеньян цөмийн болон пуужингийн туршилтууд удаа дараа хийж, бүс нутгийн болоод дэлхийн энх тайван байдалд аюул заналхийлж байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдсэн байна. [Montsame.com]

7. Ангела Меркел: Германыг тогтворгүй байдалд оруулснаас сонгууль явуулсан нь дээр

Эвслийн Засгийн газар бүрдүүлэх яриа хэлэлцээ нь бүтэлгүйтээд байгаа энэ үед улсаа тогтворгүй байдалд оруулснаас сонгууль явуулсан нь дээр гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Тэрбээр ээлжит бус сонгууль явуулж магадгүй талаар Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайертай уулзаж санал солилцсон байна. [Bloombergtv.mn]

8. Окинавад америк цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн тоо 6000 дөхжээ

Японы Окинава арлын цагдаагийн газраас мэдээлснээр АНУ-ын 147 цэргийн алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүд 1972 оноос 2015 оны хооронд 129 хүчирхийллийн хэргээр ял шийтгэгджээ. Тус улс дахь америк цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн тоо 6000 дөхсөн нь орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг төрүүлсэн байна. [News.mn]  

9. Хятад-Лаосыг холбосон төмөр зам 2021 онд ашиглалтад орно

Хятад-Лаосыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2021 онд дуусаж, тухайн жилийнхээ арван хоёрдугаар сард ашиглалтад орохоор болжээ.Нийт 414 километр үргэлжлэх энэхүү төмөр зам нь Хятадын Юньнань мужтай хиллэдэг Лаосын хойд хэсэгт орших Ботен хотыг нийслэл Вьентьян хоттой холбох юм. Харин бүтээн байгуулалт дуусахад Хятадын төмөр замын сүлжээтэй холбогдоно. [Gogo.mn]

10. Ирэх онд газар хөдлөлт нэмэгдэхийг анхаарууллаа

АНУ-ын Геологийн нийгэмлэгийн мэргэжилтнүүд ирэх онд дэлхий дахинд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэхийг анхаарууллаа. Тэдний мэдээлснээр хүн амын тоо ихтэй бүс нутаг, улс орнуудад газар хөдлөлт нэмэгдэх аж. Геологийн нийгэмлэгийн жил тутмын уулзалтын үеэр Америкийн томоохон их сургуулийн эрдэмтэд судалгаагаа танилцуулсан байна. Колорадогийн их сургуулийн эрдэмтэн Рожер Билхэм “Дэлхийн эргэлт, газар хөдлөлт нь хоорондоо харилцах хамааралтай. Энэ тэнцүү байдал алдагдах магадлалтай байгаа тул ирэх онд газар хөдлөлт нэмэгдэх аюултай байна” гэжээ.[Time.mn]