“Уянга яруу” хос цомог таны сонорыг мялааж, сэтгэлийг тань амирлуулна

Энтертайнмент / Time Admin
2017 оны 11 сарын 23

“Уянга яруу” хос цомог таны сонорыг мялааж, сэтгэлийг тань амирлуулна

Зөөлөн хатуу орчлонгийн

Зүггүй аашнаас нөмөрлөөд

Зүүдний харгуйд хөтөлсөн

Зүрхний нандин хань минь хэмээх уянга яруу, утга төгөлдөр мөрс бол С.Алтанцэцэгийн үг, Н.Бат-Өлзийн үг Хань дууны эхлэл мөрт юм. Энэхүү дууны эгшигт хэмнэл, хослох дуун эгшгийг танд өргөн барьж байгаа цомог бол “Уянга яруу” билээ.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, нэвтрүүлэгч Ядамсүрэнгийн Болорчимэгийн бие даасан хос цомог худалдаанд гарчээ. Нэвтрүүлэг Я.Болорчимэг нь хоёр дахь бие даасан хос цомгоо “Уянга яруу” хэмээн утга төгөлдөр нэршил дор сонсогч танд өргөн барьж байна.

“Уянга яруу” хос цомог нь хоёр cd-ээс бүрдэж байгаа юм. МУСТА, Нэвтрүүлэгч Я.Болорчимэгийн дуулж, эгшиглүүлсэн дууны дээжис багтсан нэг цомогт Аав, Ээжийн элбэрэлт хайрыг магтан дуулж, амраг сэтгэлийг хослуулан жиргэж, хань ижлийн нандин бүхнийг багтааж өгсөн онцлогтой.

Намрын шөнөдөө саран холдоод зүүд манана

Найман шаргал морьд үүрсээд зөгнөл ханьсана

Инээхэд тань наран ургаад сэтгэл цэлмэнэ

Ирмэхэд тань цэцэгс гунхаад шувууд жиргэнэ хэмээн эгшиглүүлсэн яруу найрагч С.Оюунчимэг, Хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од нарын гайхамшигт бүтээлийн нэг бол Хайрын зөн дуу юм. Энэхүү дууг  Я.Болорчимэг зүрхэнд цохилуулж, сэтгэлд эгшиглүүлж,  харцанд бадамлаж, аманд аялагдах хэмжээнд амилуулж чадсан нь гайхамшигтай.

 Энэрэлт сайхан харцтай учирсан хэн бүхэн

Хайрлахын зөнд хөтлөгдөн явахдаа

Тэр л залууд сэтгэл алдарч

Хайрын үлгэрт автаж,

зүүдэндээ ч Гиюүрэлд автан бодлогошрох нь

Амраг нандин сэтгэлээ хорьж дийлэлгүй, Ханийн жаргалд умбан суухдаа

 Аав ээжийнхээ нөмөр нөөлгийг бодох шиг тийм л гоо тансаг, утга төгөлдөр, уянга яруу мэдрэмжийг та авах боломжтой юм. Энэ л танд дуу сонсохын зэрэгцээ нэгэн насны амьдрал, хайр дурлал, залуу насны эгшигт агшин бүрээ дурсан санахад тань туслах болно.

Уянга яруу” хос cd-ний нэг нь сонсогч, уншигч та бидний зүрхэнд гагнагдаж, сэтгэлд хоногшиж, чихэнд уянгалж байдаг яруу найргийн сор бүтээлийг нэвтрүүлэгч, СУИС-ийн ярих урлагийн танхимын багш Я.Болорчимэг амилуулжээ.

Үг бүр нь амьдрал, өрнөл бүхий яруу найргийн үгэн цацлыг таны сонорт мялааж, зүрхэнд булиглуулах торгомсог мэдрэмжийг танд хүртээх Уянга яруу үгэн эгшиг баринтлагдсан нь гайхалтай.

“Хонгор нэгхэн бүсгүй би чинь

Хорвоогийн жамаар хадамд очжээ

Эр хүн чиний эхнэр болж

Энгэр зөрсөн хань чинь болжээ

Аавын хүүг учран хайрлаж

Алаг зүрхээ уялган хайлгаад

Ариун голомт гэрийн эзэн

Амраг чамдаа гэргий болжээ

хэмээн уяхан бас санааширсан, бодолд ээрэгдсэн бүсгүй хүний ялдамхан үгэн цацал нь олон бүсгүйн аав, ээжийн гэрээс гарч айлын эзэгтэй, эрийн гэргий болсон эгшигт хором бүрийг өөрийн эрхгүй санагдуулж, бодолд ээдэрсэн он цагийн хэлхээсийг танд дурсамжтай тань хөглөн авчрах болно. Энэ бол Уянга яруу цомгийн үгэн өчил юм.

 Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон хэмээн бүсгүй хүний итгэл төгс, эрэмгий үгэн бамбар нь Монгол хүн бүрийн бардамнал, омогшлийг төрүүлэх болно.

Аягатай цайтай аав ээжийн 

Амны хишиг түшиж төрсөн

Айлын ганц охин болохоор би

Амаа булаасан ааштай явж дээ хэмээн Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн үгийг нь зурж, уран шаглаж бүтээсэн Бөмбөл эрдэнэ найраглалийн бясалгаж, бас догдолж, автаж уншсан нь Я.Болорчимэгийн яруу найргийг амилуулах ондоошил, бас бардамнал, чадвар нь юм.

Я.Болорчимэгийг Уянга яруу цомгийн найраглалийн хэсгээс та Миний эх орон гэж цээжээ дэлдэж, сэтгэлээ огшоохын сацуу Дөчин насны босгийг алхах торгон мэдрэмжийг амсч, Гэргий хүний гэгэлзсэн үгсээр сэтгэлээ дэвтээж, сайн цагийн мянган бурхантай учран золгох болно.

Нэвтрүүлэгч Ядамсүрэнгийн Болорчимэгийн өлгийдөж, өнөөдөр та бидэнд өргөн барьж байгаа “Уянга яруу” цомог миний, таны сонорыг мялааж, сэтгэлийн бахдал, зүрхний баясал, хайрын бурам, амьдралын хүүрнэл, аз жаргалын огшил, аав ээжийн энэрэх сэтгэл, амьдралын ханийн нөмөр нөөлгийг тань мэдрүүлэх утга төгөлдөрийг оршоох болно.