Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 24, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 24

1. Д.Амарбаясгаланг МАН-ын генсекээр улираан сонголоо

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр/2017.11.23/ болж, нийт гишүүдийн 74.5 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн даргаар улираан сонголоо. Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгох дүрэмтэй учир намын дарга У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг санал болгосон байна. Харин заалнаас МАН-ын гишүүн Б.Баярмагнайг дэвшүүлжээ.  Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 74.5 хувь нь Д.Амарбаясгаланд саналаа өгснөөр ийнхүү улиран сонгогдсон байна. [News.mn]

2. Унаж амиа алдсан дөрвөн иргэн хамгаалах бүс зүүгээгүй байжээ

Баянзүрх дүүргийн V хороонд байрлах 204 дүгээр байрны гадна дулаалгын ажил хийж байсан дөрвөн хүн 8 давхраас унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг хэргийн талаар шинжилжээ. Ажилчид орон сууцны 7, 8, 9 давхрын айлын гадна дулаалгын ажил хийхээр 3 залгаас бүхий дүүжинт өргүүр ашиглан цонхны гадна амлагааны хуучин шаврыг авч байсан бөгөөд энэ үед дүүжинт өргүүрийн залгаасны боолт шувтарч унасны улмаас осол гарчээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэж байсан дүүжинт өргүүр нь техникийн аюулгүй байдал хангагдаагүй байжээ. Мөн өргүүр дээр ажиллаж байсан дөрвөн иргэн хувийн хамгаалах бус хэрэглээгүйгээс амь насаа алдсан байна. [Gogo.mn]  

3. Тусгай дугаарын утаснууд биеэ үнэлэлтийг зуучилж байна

Цагдаагийн байгууллагын гэнэтийн шалгалтаар Баянгол дүүрэгт байрлах нэр хаяггүй сауны газарт зургаан эмэгтэйн биеийг үнэлүүлж байсан нь ил болов. Тэдний хоёр нь насанд хүрээгүй бөгөөд нэг нь жирэмсэн байсныг шалгалтын явцад тогтоожээ. Тэгвэл гулгаа массаж, биеэ үнэлэлтийг зуучлагч боловсон хэлбэр нь тусгай дугаар бүхий утаснууд болжээ. Өөрөөр хэлбэл, тусгай дугаарт зараа мессэжээр өгснөөр тухайн тусгай дугаарын сайтад, фэйсбүүк дэх хуудсанд нь байршдаг байна. Тухайлбал, 151999 дугаар бүхий msgzar сайтад гулгаа массаж хийх, санхүүгийн тусламж авах зэрэг биеэ үнэлэх зарууд олноор нийтлэгдсэн байна. Уг сайт нь "Садар самууныг сурталчилсан ямар нэгэн зар, мэдээлэл явуулахыг хориглоно!" хэмээн бичсэн байх боловч сайтын нүүрэнд харагдах эхний таван зар бүгд ийм утгатай, холбогдох утасны дугаартайгаа байлаа. [Time.mn]  

4. Шүлхий өвчний улмаас Мандал суманд 260 үхэр устгажээ

Улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Ялангуяа Сэлэнгэ аймгийн зарим газар нутагт хорио цээр тогтооход хүрсэн билээ. Мөн шүлхий өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Онцгой комисс Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргаад байна.Түүнчлэн Мандал сумын өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг энэ сарын 20-24-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоожээ. Сүүлийн мэдээгээр зөвхөн Мандал суманд 372 үхэрт шүлхийн ил шинж тэмдэг илэрснээс 260-ыг нь устгаад байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Сэлэнгэ аймагт 34 мянга гаруй малыг вакцинжуулахаас 29 хувийг нь хамруулаад байгаа аж. Одоогийн байдлаар шуурхай арга хэмжээнд 1.2 сая төгрөгийг зарцуулжээ. [Eagle.mn]  

5. Ажил эхлэх, тарах үед автобусны тоог нэмнэ

Улаанбаатар хотод  өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан автобус хоорондын интервал холдож, хүлээлгийн хугацаа нэмэгдэх, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэрэг хүндэрлүүд гарч байгаа юм. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй үед үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухайлбал автобуснуудын тоог нэмэхээр болжээ. Гэхдээ зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийх аж. Үүнд: 8 аж ахуйн нэгж, байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн хэрэгслийн өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн байна. [Ulaanbaatar.mn]  

6.  Бат хааны тухай кино Орост нээлтээ хийлээ

Оросын ноёд, жанжинууд Монголын Бат хааны эсрэг тэмцэж буй үйл явдлыг өгүүлэх “Коловратын домог” кино өчигдөр Москвад нээлтээ хийлээ. Уг бүтээл нь 1237 онд Оросын хаад ноёд олон хуваагдаж, Монголын хаан Батын эрхшээлд орсон цаг үеийг харуулах бөгөөд тал нутгийн хааны эсрэг тэмцэж буй баатарлаг орос эрсийн тухай өгүүлнэ. Киноны гол дүрийн Коловратад жүжигчин Илья Малаков тоглосон бол Бат хааны дүрийг Александр Цой бүтээсэн байна. [Time.mn]

7. Баривчлагдсан хунтайж нарыг эрүүдэн шүүж байна гэв

Энэ сарын эхээр баривчлагдан саатуулагдсан Саудын Аравийн эзэн хааны гэр бүлийн гишүүд болон бизнес эрхлэгчдийг шоронд Америкийн хувийн цэргийн компанийн ажилтнууд эрүүдэн шүүж байна гэж Их Британийн “Daily Mail” сонинд бичжээ. Хувийн хөлсний цэргүүд нь өмнө нь “Blackwater” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан аж. Тэд энэ удаад хунтайж нарыг баривчлагдсан зодож, тамлаж, доромжилж, нугалж авахыг оролдож байна хэмээн тус хэвлэлд бичжээ. [Montsame.mn]  

8. Дэлхий нийтээр “гэрлийн бохирдол”-д өртөж эхэлжээ

Улс орнууд, хотуудын гэрэлтүүлэг нэмэгдсэнээр хүн төрөлхтөн шөнийг мэдрэхээ больж байгааг “гэрлийн бохирдол” гэж нэрлэдэг болжээ. 2012 оноос 2016 оны хооронд жил бүр дунджаар хиймэл гэрэлтэй гадаа орчны хэмжээ 2 хувиар нэмэгдэж ирсэн байна.  Шөнийн хиймэл гэрэлтүүлэг нь зөвхөн хүнд биш, бас амьтан ургамлын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа гэж "Science Advances" сэтгүүлд бичжээ. Тухайлбал Өмнөд Америк, Африк, Азийн ихэнх орнуудын гэрэл ихээр нэмэгдсэн бол АНУ, Испани улсуудынх нэг түвшинд байгаа гэнэ. [ikon.mn]

9. Путин Сирийн асуудлаар Иран, Туркийг яриа хэлэлцээнд урив

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн иргэний дайнд цэг тавих асуудлаарх яриа хэлэлцээнд Турк, Ираны ерөнхийлөгчдийг урьжээ. Харин Сирийн босогчдын тал Саудын Арабт хуралдахдаа энхийн хэлэлцээ байгуулахын өмнө өвөр хоорондоо нэгдэхийг чухалчилж, ерөнхийлөгч Башар аль Ассадыг огцруулах шаардлага тавихаар шийдсэн юм. Путиныг хар тэнгисийн эрэг дээр Эрдоган, Рухани нартай яриа хэлэлцээ хийж байгаа зуур Сирийн босогчдын бүлэглэл өчигдөр Саудын Арабын Рияад хотын тансаг зочид буудалд хуралдсан юм. [News.mn]

10. БНХАУ нүүрсний уурхайгаа ирэх онд 7000 болгож бууруулна

БНХАУ-ын Засгийн газар нүүрсний олборлолтоо бууруулах зорилтоо 2018 онд бүрэн биелүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг тус улсын Хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгдсэн байна. БНХАУ-ын Засгийн газар 2015 онд 10800-аар хэмжигдэж байсан нүүрсний уурхайн тоог ирэх онд 7000 болгож бууруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд эрх баригчид гаднаас орж ирэх импорт болон дотоодын олборлолтод хязгаарлалт тавьж зах зээлийг тэнцвэржүүлэх арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Нүүрсний хэрэглээ танагдаж эхлэхтэй зэрэгцээд шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээ өснө гэж шинжээчид таамаглаж байна. [Bloombergtv.mn]