Монголын даатгалын салбарын нийт хөрөнгө 251 тэрбум төгрөгт хүрчээ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 11 сарын 24

Монголын санхүүгийн салбарын чухал нэгэн тулгуур болсон Даатгалын зах зээл 83 жилийн түүтэй. Зах зээлд шилжиж, улмаар өнгөрсөн 10 жилд тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ тогтмол өсөж, өнөөдрийн байдлаар 251.7 тэрбум төгрөгт хүрснээр эрсдэл даах чадварын хувьд 2007 оныхоос даруй 9.0 дахин нэмэгджээ.

Даатгалын өдрийг тохиолдуулан энэ салбарынханд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тэрбээр, “Санхүүгийн зохицуулах хороо цаашид даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч даатгуулагчдад улам ойртон хүрсэн, хүртээмжтэй, хялбар, хямд арга ажиллагаанд шилжүүлэн хөгжүүлэх бодлого баримтлан, энэ чиглэлээр зохицуулалтын механизмуудыг шинэчлэх, боловсронгуй болгохоор ажиллаж байна. Зах зээлд оролцогчид, мэргэжилтнүүд, төрийн зохицуулагч та бидний хамтын хүчин чармайлтаар Монгол Улсад даатгуулах соёл түгэн дэлгэрч, амьдралын чанар дээшлэн, хүн ардын сайн сайхан цогцлон бүрдэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.” хэмээн хэлжээ.