“ОННЦ ДҮМД” бол өөрийн гэсэн өнгө аястай оригинал монгол ТВ шоу

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 11 сарын 24

Өнгөрсөн аравдугаар сарын 15-нд Vol+ сувгаар цацалтаа хийсэн “Оннц дүмд” ТВ шоу үзэх юмгүй шахам байсан монголын телевизүүдийн хувьд шинэлэг уур амьсгал нэмлээ. Бид гол дүрийн жүжигчин, арын фонын зураач, дууны эвлүүлэгч Ц.Бат-Оргилоос ярилцлага авсанаа хүргэж байна. Тэрбээр шинэ контент, ажлыг чанаржуулах үүднээс үзэгчдээс дэмжлэг хүсч, хулгайн видео хийхгүй байхыг уриалсан юм.

“Оннц дүмд”-д дээр үеийн монголчуудын амьдралын хэв маягийг сонгох болсны учир юу вэ?

Анх орчин цагийн нийгэм дэх болохгүй, бүтэхгүй зүйлс гардаг анимэйшн хийх санаатай байсан. Явцын дунд зохиол маань хоёр гурван ч удаа өөрчлөгдсөний эцэст “Одоогийн нийгмийн нүүр царайг Дээр үеийн маягаар гаргах” санаан дээрээ тогтсон юм.

“Оннц дүмд”-ийн багийг танилцуулна уу. Танай багийнхан цөөхүүлээ хэрнээ олон талын авьяастай хүмүүс шиг санагдсан...?

Найруулагч, зохиолч, зураач, хөгжмийн зохиолч, хоолойны жүжигчин О.Баярсайхан /Rokit Bay/, туслах найруулагч, аниматор, эвлүүлэгч, графикч Г.Анхныбаяр, туслах аниматор, ам тааруулагч, хянан тохиолдуулагч Л.Тэмүүлэн, гол дүрийн жүжигчин, арын фонын зураач, дууны эвлүүлэгч Ц.Бат-Оргил гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Манай багийн залуучууд энэ ажлаасаа огт өөр мэргэжилтэй ч хийж буй анимэйшндээ маш дуртай байгаа. Өдөр бүр шинэ зүйл сурч өөрсдийгөө байнга хөгжүүлж байна.

Танай бүтээлийг үзсэн залуучууд америкийн The Family Guy-тай харьцуулж ярих нь их байсан. Энэ харьцуулалт хэр үндэслэлтэй санагдсан бэ?

Америкт The Family Guy–аас өөр насанд хүрэгчдэд зориулсан асар олон анимэйшн байдаг. Манайхны хувьд ихэнх нь Family Guy–ыг мэддэг учраас харьцуулаад байх шиг байна. Манай шоу бол тусдаа, өөрийн гэсэн өнгө аястай оригинал монгол ТВ шоу юм.

The Family Guy-ийн франчайз нь 2 тэрбум долларт хүрсэн гэдэг. Та бүхэн энэ төслөө гадаадын зах зээлд гаргах тухай бодож байгаа юу?

Одоохондоо энэ талаар бодсон юм алга. Монголдоо байхдаа л хулгайд алдаад байгаа болохоор жаахан итгэл муутай байна. Жишээ нь, фэйсбүүк хуудсууд, ютүүб сувгууд өөрсдийн хандалтыг ихэсгэхийн тулд манай ТВ шоуг ямар ч зөвшөөрөлгүйгээр интернэтэд байрлуулчихдаг. “Оннц дүмд” нь 18-аас дээш насныханд зориулагдсан гэдгийг та мэдэх байх. Бага насны хүүхдүүдийн үзэх боломжийг хязгаарлахын тулд оройн цагаар телевизээр гаргаж байгаа. Гэтэл зөвшөөрөлгүйгээр хуулж, онлайн үзэх боломжийг нээж өгснөөр ямар ч шүүлтүүргүй болгочихож байгаа юм. Мэдээж шинэ контент, ажлыг чанаржуулах үүднээс үзэгчдийн дэмжлэг хэрэгтэй байна. Хүмүүс хулгайн видео үзээд байж болно л доо, гэхдээ тухайн салбар тэр хэмжээгээрээ хөгждөггүй юм шиг санагддаг.

Нийгмийн өөрчлөлтийг урьдчилан харж, хүүхэлдэйн кинондоо тусгах нь үзэгчдийн сонирхлыг илүү ихээр татна гэж боддог уу. Мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, нийгмийн идэвхтэй байх зэрэгт анхаарал хэр хандуулдаг вэ?

Өнөөгийн нийгэмд хөндөж болох маш олон сэдэв байгаа болохоор урьдчилан харах шаардлагагүй байна. Нийгэмд яг одоо тохиолдож байгаа зүйлсийг шууд л зохиолдоо буулгаж байна даа.

Цувралдаа монголын урлаг, соёлыг тусгаж өгсөн нь сонирхолтой санагдсан. Тухайлбал, Өвгөн хуурч, Дашчойлин хийдийн загвартай монгол гэрүүд цувралыг чимж байна. Цаашид иймэрхүү дүрс тогтмол гарах уу?

Манай ТВ шоу яг төдөн оны тухай гэж тодорхой заагаагүй, зүгээр л дээр үеийн гэсэн тодотголтой болохоор ганцхан цаг үед хамаарах зүйлсийг гаргах зорилгогүй байна. Иймээс монголын эртний эд зүйлс, зан үйл бүгдээс нь бага хэмжээгээр ч гэсэн оруулахыг зорьж байгаа.

Дүрс гэснээс The Simpsons, South Park, Family Guy гээд бүгд л cameo appearance буюу алдартай хүний дуу хоолой, дүрийг ашиглаж ямар нэгэн баатрыг амилуулдаг. Cameo-г танай хоёрдугаар бүлэгт Rokit Bay буюу Пунцагийн гэгээн дүрээр гарч ирсэн гэж харсан. Цаашид хэнийг оролцуулах бодолтой байна вэ?

Зочноор орж байгаа олны танил хүмүүс хэд хэдэн ангид гарна. Жишээ нь, хоёрдугаар ангид Монгол телевизийн сэтгүүлч, хөтлөгч С.Чимгээ эгч маань зочноор орж Сандагийн ээж болох настай хүний дүрийг амилуулсан. Долоо хоног бүр нэг шинэ анги гарч байгаа болохоор олны танил оролцогчид маань гэнэтийн бэлэг байх ёстой юм.

Насанд хүрэгчдэд зориулсан хүүхэлдэйн киног багачууд нууцаар үзчихдэг гэм бий. Хараалын үг хэлж байгаа нь тэдэнд догь санагдах магадлал ч өндөр. Тиймээс эцэг эхчүүд үүнд дуртай байхгүй нь мэдээж. Тэдний шүүмжлэлийн эсрэг ямар арга хэмжээ авах вэ?

Энэ байдлаас сэргийлэх үүднээс бид оройн цагаар телевизээр, мөн насны хязгаартайгаар цацалт хийдэг. Тэгэхээр хүүхдүүд үзэх боломж нь багасна гэсэн үг. Харамсалтай нь, дээр хэлсэнчлэн хулгайгаар онлайн тавьж байгаа фэйсбүүк хуудас, ютүүб сувгууд хүүхдүүдэд ямар ч шүүлтүүргүйгээр хүргэж байна.

Цаашид төсөлдөө ямар шинэчлэл хийх вэ?

Дараа дараагийн ангиудын хийцийг сайжруулж, илүү чанаржуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Хөдөлгөөн, анимэйшн зэргээ бага багаар сайжруулаад байвал үзэгчдэд урамтай байх болов уу.

Ярилцлагыг: З.Золбоот

Эх сурвалж: "НийслэлGuide" №66/ 2017 11 дүгээр сар