Харүмафүжигийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Спорт / Time Admin
2017 оны 11 сарын 23

Японы хууль сахиулагчид Сүмо бөхийн ёкозүна Харүмафүжигийн хэргийг прокурорт шилжүүллээ. Хэвлэлүүд цагдаагийн эх сурвалжаас эш татаж их аваргыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрсан гэж мэдээлж байна.

Харүмафүжи, Таканоива нар бусад бөхчүүдийн хамт караокед дуулж байхад анхны сөргөлдөөний асуудал үүссэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тухайн үед ёкозүна түүнийг караокены удирдлагаар цохисон гэх мэдээлэл тархаад байна. Улмаар караокенаас гарч уушийн газарт орсны дараа Харүмафүжи өөрийг нь түүнтэй ярьж байхад үл хүндэтгэн гар утсаа гарган ирж ярьсан Таканоивад гар хүрч зоджээ. 

Мөн цагдаа нар 27 настай Таканоиваг худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй гэж шалгаж байна. Цагдаа нар залуу сүмочийг тухайн үед яг юу болсон тухай төдийлөн санахгүй, тодорхой бус мэдээлэл өгч байна гэж үзжээ.

Хэргийн газарт ёкозүна Какурюү, сэкиваке Тэрүнофүжи нар болон Японы хэд хэдэн сүмоч байсан аж. Цагдаа нар ёкозүна Какурюү, Хакүхо нараас мэдүүлэг авахаар төлөвлөжээ. Хакүхо саяхан Таканоиваг шар айрагны шилээр цохиогүй гэж ярьсан юм. Шар айрагны шилээр цохисон эсэх асуудалд мөрдөх ажиллагааны үеэр байцаалт өгсөн хүмүүс өөр өөр зүйл ярьсан нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байна гэж Японы хэвлэлүүдэд онцлов.