Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 23, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 23

1. Жуулчин Стив Нэшийг хөнөөсөн Б.Гантулгад 16 жилийн ял оногдуулжээ

Монгол Улсад өнгөрсөн оны наймдугаар сард ирсэн Их Британийн жуулчин Стив Нэшийн амь насанд нь халдсан Б.Гантулгад өнгөрсөн баасан гарагт болсон шүүх хурлаар 16 жилийн ял оногдуулсан тухай өмгөөлөгч Кэйран Митчел BBC-д мэдээлжээ. Стив Нэш 2016 оны наймдугаар сарын 31-нд Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутагт 3000 гаруй метрийн өндөртэй уулнаас парапланаар нисэхээр явж байв. Гэвч Стив замдаа явж байхдаа нутгийн иргэний халдлагад өртөж дээрэмдүүлж, амиа алдсан юм. Тухайн үед гэмт хэрэгтэн түүний түрийвч, пасспорт болон зарим эд зүйлийг дээрэмджээ. Түрийвчинд нь хагас сая төгрөг байсан гэдэг. [Time.mn]

2. Багш, эмч нарыг ипотекийн зээлийн хөтөлбөрт тусгайлан хамруулна

Ирэх онд ойролцоогоор 4000 орчим айлыг орон сууцжуулах боломжтой гэдгийг Барилга, Хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Урьдчилсан тооцооллоор 2018 онд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 200 гаруй тэрбум төгрөг орж ирнэ. Энэ мөнгөөр эргэн ипотекийн зээлийг санхүүжүүлэх шийдвэр гарчээ. Мөн ирэх оны төсөвт ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ хөрөнгөөр зорилтот бүлэг, Төрийн албан хаагч, ялангуяа багш, эмч нарыг тусгайлан ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах зорилт тавин, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар салбарын сайд мэдээллээ.  [Gogo.mn]  

3. 2017 онд Засгийн газрын өр 1.3 тэрбум ам.доллараар нэмэгджээ

Монголбанкнаас мөнгө санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өчигдөр цаг үеийн мэдээлэл хийв. Монголбанкны захирлуудын мэдэгдэж буйгаар банкны системийн хэмжээ дэх чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ хэвийн төвшинд байгаа аж. Мөн сүүлийн зургаан сарын байдлаар банкин дахь төгрөгийн хадгаламж өсөлтэй гарчээ. Харин анхаарал татсан нэг үзүүлэлт нь Монгол Улсын өрийн хэмжээ байв. Энэ сарын байдлаар манай улсын өрийн хэмжээ 26 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2017 онд  Засгийн газрын өр 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдэж 6.2 тэрбумд хүрсэн байна. Харин Монголбанкны өр 1.9 тэрбумд хүрсэн бол үлдсэн нь хувийн хэвшил, төрийн өмчит компаниудын өр юм байна. [Itoim.mn]  

4. Шүлхий өвчний улмаас Мандал сумын сургууль, цэцэрлэгийг хаалаа

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2017 оны арваннэгдүгээр сарын 20-24-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоожээ. Мөн нийслэлд уг өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир, Ар гүнтийн  даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэрийг гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналтын постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна. [Time.mn]  

5. Монгол Улс жилд 70 тэрбум төгрөгийн сав, баглаа боодол үйлдвэрлэж байна

Монгол Улс жилдээ 330 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Үүний 30 орчим хувь буюу 70 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлыг дотооддоо үйлдвэрлэж байна хэмээн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ. Хүн амын өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд тодорхой нөлөө үзүүлдэг сав, баглаа боодлын талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсныг мэргэжилтнүүд тодотгож байна. Салбарын яамнаас хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр таван зорилтот төслийг боловсруулжээ. [Montsame.mn]

6.  Хойд Солонгостой худалдаа хийсэн компаниудад хориг тавилаа

АНУ-ын эрх баригчид Хойд Солонгостой худалдаа арилжаа хийсэн БНХАУ-ын компаниудад хориг арга хэмжээ авлаа. Хориг арга хэмжээнд багтсан Хятадын бизнес эрхлэгч Сун Сидоны “Дандон донян индастриал” компани Хойд Солонгост 28 сая ам.доллар өртөг бүхий автомашин, автомашины мотор, электрон механизм, радио долгионы төхөөрөмж, хөнгөн цагаан, төмөр зэргийг нийлүүлж байсан аж. Пхеньяны үй олноор хөнөөгч зэвсэг үйлдвэрлэж байгаа нь  “Дандон донян индастриал” гэх мэт компаниудтай салшгүй холбоотой гэнэ. [Time.mn]

7. “Uber” алдагдсан мэдээллээ нууцлахын тулд хакеруудад мөнгө төлжээ

2016 онд гарсан кибер халдлагын улмаас 57 сая хүний мэдээллийг такси дуудлагын Uber компани алдаж байсан нь өчигдөр ил болжээ. Алдагдсан датад таксины жолооч нарын болон үйлчлүүлэгчийн аль алиных нь хувийн мэдээлэл байсан байна. Үүнийгээ нуун дарагдуулахын тулд Uber мэдээллийг хулгайлсан хакеруудад $100,000 төлж, устгуулж байсан гэнэ. [Ikon.mn]

8. Хойдын цэргийн оргосон бичлэгийг дэлгэлээ

Хойд ба Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүсээр дамжин  оргосон умардын цэргийн бичлэгийг Өмнөд Солонгос дахь НҮБ-ын цэргийн командлалаас ил болгожээ. Долоон минут үргэлжлэх бичлэгт арваннэгдүгээр сарын 13-ний өдөр “эвлэрэх тосгон”-ы харуулын хамгаалалтын хэсэгт чухам юу болсныг тодорхой үзүүлсэн байв. НҮБ-ын цэргийн командлагч, генерал Винсент К. Брукс өмнөдийн цэргийнхний энэ үйлдлийг цагаа олсон ажиллагаа гэж сайшаажээ. [News.mn]

9. “Rio Tinto” Чилийн “Chemical and Mining Society”-ийн 32 хувийг худалдан авах санал хүргүүлэв

“Rio Tinto” нь өнөөгийн ханшаар 13 тэрбум ам.долларын үнэлгээтэй Чилийн “Chemical and Mining Society”-ийн 32 хувийг худалдаж авах санал хүргүүлжээ. 2013 оноос хойш литийн карбонатын ханш гурав дахин өсөхийг дагаад энэ онд “Chemical and Mining Society”-ийн хувьцааны ханш хоёр дахин өссөн байна. Тиймээс компанийн гуравны нэгийг эзэмшилдээ авахын тулд 4.8 орчим ам.доллар шаардах ажээ. [Bloombergtv.mn]

10. Зимбабвегийн шинэ Ерөнхийлөгч тангарагаа өргөнө

Зимбабве улсын дэд Ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва лхагва юм уу пүрэв гарагт төрийн тэргүүний хувиар тангараг өргөхөөр болжээ. Шинэ Ерөнхийлөгч нь ирэх оны наймдугаар сарын эцэс хүртэл буюу хуучин Ерөнхийлөгч Роберт Мугабуеийн бүрэн эрхийн хугацаа дуустал төрийн эрхийг барина. Зимбабвегийн Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны есдүгээр сараас өмнө болно.[Montsame.mn]