Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 28, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 28

1. Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээх талаар санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүллээ. Уг албан бичигт “Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл  үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.” хэмээжээ. Мөн өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад цаазын ял хэрэглэгдэж байгаа бөгөөд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага нилээд чанга байдаг талаар дурджээ. [President.mn]  

2. BBC Монголын гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөнджээ

Их Британийн ВВС агентлагийн сурвалжлагч Грейс Браун Монголын гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн сурвалжлага бэлтгэжээ. Тэрбээр нийтлэлээ “Би тусламж гуйсан ч хэнч ирээгүй” хэмээн гарчигласан байна. Грейс Браун гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон 36 настай Цэрэнхандтай уулзаж ярилцжээ. Тэрбээр хотод ирж сургуульд сурч байхдаа нөхөртэйгээ танилцаж, улмаар гэрлэсний дараа хүчирхийлэлд өртөх болсон байна. Цэрэнхандыг нөхөр нь гурван хүүхдийнх нь өмнө зодож, хүчирхийлж байсан тухайгаа нулимс дуслуулан ярьжээ. Нөхөр нь түүнд 2009 онд гар хүрсний улмаас бүсгүйн нэг нүдний хараа 90 хувиар муудсан байна. [Time.mn]  

3. Монголын 13 банк улиралд 242 тэрбум төгрөгийн ашигтай  ажиллажээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан “Банкуудын өрсөлдөөний тойм” III улирлын тайланд  13 арилжааны банкууд санхүүгийн тайлангийн нийлбэр дүнгээр нийт 242 тэрбум төгрөгийн ашигтай  ажиллажээ.  Банкууд  өмнөх оны мөн үетэй харьцуулбал энэ онд  105 тэрбум төгрөгөөр илүү ашигтай ажилласан байна. Том ангилалд багтаж буй гурван банк 64 хувиар, дунд ангиллын гурван банк 67 хувиар тус бүр ашгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бол жижиг банкуудын ашиг 26 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. 13 банкны харилцах ба хадгаламжийн хэмжээ 15.2 их наяд төгрөгтэй тэнцэж байна. [News.mn]  

4. Японы хэвлэлээр Хакухо шүүмжлэлд өртлөө

Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 сарын башё эхлэх үеэр гарсан дуулиан намжаагүй байна. Энэ бол их аварга Харүмафүжи Д.Бямбадорж болон маэгашира Таканойва А.Баасандорж нартай холбоотой хэрэг юм. Уг хэрэгт хүн бүр өөрийн байр сууринаас хандаж байгаа. Харин Хакүхо аварга, “Би Харүмафүжи болон Таканойва хоёуланг нь эргээд дэвжээндээ гараасай гэж хүсэж байна” гэж хэлсэн нь Японы сүмо бөхийн холбооныхонд таалагдаагүй бололтой. Учир нь сүмо бөхийн холбооноос уг хэрэгт хараахан шийтгэл ноогдуулаагүй байгаа юм. Энэ талаар Японы хэвлэлд, “Хоёр сумочийн хэрхэхийг Хакүхо шийдэх эрх мэдэлгүй. Ер нь сүүлийн үед Хакүхо өөртөө ялимгүй бардаж, биеэ тоож байгаа. Сүмо бөхийн холбоо үүнийг зүгээр ингээд хараад байж болохгүй” гэжээ. [Shuud.mn]  

5. Хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна

Өнөөдрөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ. Энэ сарын 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд нутгийн баруун хагаст цас орж,  цасан шуурга шуурна. Салхи 29,30-нд тал хээрийн нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. [Montsame.mn]