Японы сүмо бөхийн холбооноос Харүмофүжид зодог тайлах шийдвэрийг тулгалаа

Спорт / Time Admin
2017 оны 11 сарын 28

Японы Сүмо бөхийн холбооноос ёкозүна Харүмофүжигийн залуу бөхөд гар хүрсэн асуудлаас үүдэж түүнд хатуу шийтгэл оногдуулна гэж өчигдөр мэдэгдлээ.

Тус холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөлийн дарга Масата Китамүра мэдэгдэхдээ “Сүмо бөхийн дэг жаяг, нэр хүндэд сэв суулгасан Харүмофүжид хатуу шийтгэл оногдуулна” гэжээ. Түүний ярьснаар энэхүү хатуу шийтгэл нь Монголын их аваргыг зодог тайлуулах шийдвэрт хүргэх аж. Сүмо бөхийн холбооноос энэ тухай шийдвэрлэж, Харүмафүжид санал болгосон байна.

2010 онд ёкозүна Асашёорюү хүнд гар хүрсэн, мансууруулах бодис хэрэглэсэн ноцтой асуудал үүсч, Сүмо бөхийн холбооноос түүнд зодог тайлах тухай санал хүргүүлж, улмаар уг шийдвэр биелэлээ олсон юм. Яг ийм үйл явдал одоо Харүмафүжид тохиолдож байна.

Мөн Сүмо бөхийн холбооныхон ёкозүна Хакүхогийн асуудлыг авч хэлэлцжээ. Ингэхдээ түүнийг 40 дэх түрүүгээ авсны дараа хэвлэлийнхэнд хандан Харүмафүжи, Таканоива нарыг дахин дэвжээнд харахыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Энэ нь сүмогийн ёс жаягийг хатуу баримтлах ёстой их аварга бөхийн хувьд байж боломгүй яриа байсан гэж Сүмо бөхийн холбооныхон дүгнэжээ. Китамүра “Хакүхо сүмогийн үзэгчдэд энэ тухай юу хэлэхийг хүссэн юм бэ” хэмээн хэвлэлд ярьсан байна. Тэрбээр Хакүхог  Харүмафүжид тохиолдсон хэргийг үгүйсгэж, Сүмо бөхийн холбооноос зөрсөн, өөр бодолтой байгаа гэж тодорхойлжээ.