Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 27, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 27

1. Хакухо:  Би 2020 оны Токиогийн олимпийн наадамд оролцохоор, бэлдэж байна

Японы мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башёд Ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлснээр, бөхийн замнал дахь 40 дэх түрүүгээ авлаа. Японы Эзэн хааны цомыг 40 дэх удаагаа хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал NK телевизэд өгсөн ярилцлагадаа, “Манай аав 1964 онд Токиогийн зуны олимпийн наадамд оролцож байсан. Би 2020 оны Токиогийн олимпийн наадамд аварга цолтойгоор оролцохыг хүссэн. Тиймээс би биеэ бэлтгэж байна.” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр Макүүчи зиндаанд 1000 дахь даваагаа авахыг ойрын үеийн зорилгоо болгоод буй талаар ярив. Ирэх онд тэрбээр 30 даваа авбал энэ зорилгодоо хүрэх юм. [News.mn]  

2. Хойд туйлд аялах эрхийн төлөө монгол эмэгтэй өрсөлдөж байна

Б.Сарантуяа хэмээх монгол бүсгүй Хойт туйл руу аялах эрхийн төлөө “Fjallraven Polar” санал хураалтад оролцож байна. Энэхүү санал хураалт нь Хойт туйл руу аялах боломжийг олгодог бөгөөд экспедиц аялагчдын дунд санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан ялагч нь Хойт туйлд болох нохой чарганы уралдаанд оролцох эрх гарддаг юм. Уг санал хураалт шалгаруулалтад өмнө нь манай улсаас 2015 онд "Цэрэн турс" ХХК-ийн ерөнхий захирал Э.Цэрэндолгор оролцон ялагч болж Хойт туйлыг зорьж байсан юм. [Eagle.mn]  

3. Ерөнхийлөгч Х.Баттулга: “Говь” шиг 2-3 үйлдвэр хэрэгтэй

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн бямба гарагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа. Тэрбээр өөрийн ажиллаж байсан яамдаар ойрын хугацаанд очихоор болсон нь тус яамнаас эхэлж байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч, “ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн бага салбар болж хувирсан. Сайд Б.Батзориг хөнгөн үйлдвэрийн салбараас төрөн гарсан боловсон хүчний хувьд уналтад ороод байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор босгоход онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр, “Бид дэлхийн ноолуурын 30 хувийг хангадаг. Гэтэл боловсруулж, бүтээгдэхүүн болгож гаргаж чаддаггүй. Энэ бол бодлогын алдаа. “Говь” шиг 2-3 үйлдвэр хэрэгтэй. Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой.” хэмээв. [President.mn]  

4. Улс тунхагласны баярын барилдаанд Ч.Санжаадамба тав дахь түрүүгээ авлаа

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, "Анхдугаар үндсэн хууль" батлагдсаны түүхт 93 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат Монгол Улсын аварга Ч. Санжаадамба түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат улсын гарьд Ө. Бат-Орших үзүүрлэлээ.  Энэхүү барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон буюу зургаа,  Ч.Санжаадамба аварга тав дахь удаагаа түрүүлж байна. Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой анх удаа түрүүлж байсан бол 2013 онд хоёр дахиа 2015 оноос хойш гурван жил дараалан манлай бөхөөр тодорлоо. [Gogo.mn]  

5. “Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэллээ

Канадын Food network-ийн бүтээл, "Chef in your ear" шоуны Монгол хувилбар болох "Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ хүргэж эхэллээ. Өчигдөр нэвтрүүлгийн эхний дугаар гарсан юм. Нэвтрүүлгийн эхний дугаарт “Хөх баг” буюу тогооч П.Ганбат, оролцогч Никель Ганбаа нарын эсрэг “Улаан баг”-ийн тогооч Г.Тэнгис, оролцогч МУГЖ Б.Сарантуяа нар өрсөлдлөө. Тэд энэ дугаарт Lamb chops буюу Хонины шарсан хавирга хийсэн юм. Ингээд хоолны жорыг та бүхэнд хүргэе. [Time.mn]  

6.  ХБНГУ-ын Социал Демократ нам эвслийн ЗГ бүрдүүлэх асуудлыг эргэн харж байна

ХБНГУ-ын сөрөг хүчин Канцлер Ангела Меркельтэй эвслийн Засгийн газар бүрдүүлэх, хамтран засаг байгуулах эсэх асуудлыг эргэн харж байна. ХБНГУ-ын Канцлерыг эрх мэдлээ хадгалан үлдэхэд нь туслахад бэлэн гэдгээ сөрөг хүчин ийнхүү илэрхийлсэн байж болзошгүй. Сөрөг хүчний тэргүүн Мартин Шульцийн хувьд цөөнхийн Засгийн газар байгуулах саналтай байгаа юм. Харин Ангела Меркель сонгууль явуулсан нь дээр гэсэн байр суурьтай байна. [Bloombergtv.mn]

7. Гадаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “тагнуул” гэж тооцох тухай хуульд В.Путин гарын үсэг зурлаа

Орост үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “гадаадын агент” гэж бүртгэх тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт гарын үсэг зуржээ. Оросын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тухай шинэчилсэн хуульд зааснаар, хэрвээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллага гадаад улс орноос санхүүжилт авдаг л бол “гадаадын агент” гэж бүртгүүлэх ёстой ажээ. Мөн гадаадаас санхүүжилт авдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд нь “гадаадын агент” гэх статустай төрийн бус байгууллагуудтай адил үүрэг хариуцлага хүлээх ажээ. [Montsame.mn]

8. Сингапурт жолоочгүй автобусаар үйлчилнэ

Сингапур 2022 оноос жолоочгүй автобусыг олон нийтийн хэрэглээнд танилцуулахаар зэхэж байна. Эдгээр автобус нь зорчигчдыг хот, тосгодод хүргэхээс гадна галт тэрэг болон автобусны зогсоолд хүргэхэд туслах юм. Ингэснээр гурван саяас дээш тооны хүн амтай хотуудад жолоочгүй нийтийн тээврийн технологиор дамжуулан ажиллах хүчний хомсдолоос гарна гэж Засгийн газар нь үзэж байна. [Gogo.mn]

9. Хойд Солонгосын оргодол цэргийн эмчилгээний өндөр зардлыг хэн төлөх нь тодорхойгүй байна

Өмнөд Солонгосын хоёр Солонгосын нэгдлийг хариуцсан яам мэдэгдэл хийж, Хойд Солонгосын оргодол цэргийн эмчилгээний зардлыг засгийн газрын холбогдох яам, агентлагууд хэлэлцсэний дараа хаанаас төлөхийг шийднэ гэж мэдэгджээ. Түүнд хэд хэдэн удаа хагалгаа хийж, эмчилсний дараа гарсан зардал нь 100 сая вон ($92,000) болсон байна. Одоогоор энэ мөнгийг ямар байгууллага хариуцах нь тодорхойгүй байгаа гэнэ. Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Эмчилгээний зардал маш өндөр байгаа тулд бид холбогдох яам, агентлагуудтай зөвшилцөж, хэрхэн төлөхийг шийднэ” гэж сэтгүүлчдэд ярьжээ. [Ikon.mn]

10. Египетэд халдлага боллоо

Баасан гарагт Египетийн сүмд халдлага гарч, 235 хүн амиа алдсан тухай BBC мэдээллээ. Синайн хойгт байрлах уг сүмд зэвсэгт этгээдүүд дайран орж, их хэмжээний бөмбөг дэлбэлэн гал нээсэн байна. Халдлага үйлдэгсэд хэргээ хүлээгээгүй ч Суфи урсгалын эсрэг удаа дараа үйл ажиллагаа явуулаад буй Исламын зэвсэгт бүлэглэлээс үүдэлтэй гэж тус улсын Засгийн Газраас үзжээ. Ингээд Египетийн цэргийн хүч Исламын зэвсэгт бүлэглэлийн гол байршил болох Синайн уулархаг бүст агаарын цохилт өгч эхэлсэн байна. [Ub.life]