Ө.Бат-Орших: Тариа ургах тусмаа бөхийдөг шиг даруухан байхыг хичээдэг

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 11 сарын 28

Увс аймгийн Улаангом сумын харьяат, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихтой ярилцсанаа хүргэе.

Улс тунхагласны баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд шөвгөрч, үзүүрлэлээ, баяр хүргэе. Түрүү булаалдан барилдахад тань итгэл тавин, дэмжиж буй бөх сонирхогчид олон байгаа нь анзаарагдаж байсан. Тухайн өдрийн барилдаанаа дүнэн яриач?

Улс тунхагласны баярт зориулсан хүчит бөхийн барилдаан сайхан боллоо. Гарьд цол хүртсэнээсээ хойш аль болох олон барилдаанд оролцох, шөвгөрч барилдахыг хичээж байгаа. Түрүүлэх бөх тэр өдрөө их өөр байдаг гэж бөхчүүд ярьдаг. Улс тунхагласны баярын барилдаанд үзүүрлэсэндээ их баяртай байгаа. Өөрийнхөө хэмжээнд сайхан барилдсан.

Өнгөрсөн зун Улсын баяр наадмаар та мөн л үзүүрлэсэн. Нутгийн зон олон тань, таныг дэмждэг бөх сонирхогчид дээлийн тань захыг мушгиад л суусан байх.

Төрийн наадмын үзүүр түрүүнд гарч барилдана гэдэг хүн бүхэнд тохиогоод байхгүй ховор хувь тавилан гэж би сүсэглэж явдаг. Ер нь аливаа барилдаанд түрүүлнэ гэдэг хувь тохиол. Наадмын барилдаанд Ц.Содномдорж арслан маань түрүүлсэнд би баярлаж явдаг. Арслангийн маань асгаруулсан хөлс, хийсэн хөдөлмөр, түүнийг түрүүлээсэй гэх түмэн олны хүсэл, хүлээлт тэр бүхэн минийхээс илүү байсан байна. Тиймээс Ц.Содномдорж арслан маань түрүүлсэн гэж ойлгож, баярлаж явдаг.

Бөхчүүд хамгийн сайхан даваа, хамгийн сайхан цолыг Заан цолны даваа гэдэг. Таны хувьд өнгөрсөн наадмаар заан цолны болзолыг нутгийн бөх С.Мөнхбат аваргаар биелүүлсэн. Гэхдээ тэр даваа, мөч олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Та тухайн үеийн мэдрэмжээ эргэн дурсаач?

С.Мөнхбат аварга бид хоёр хар багаасаа нөхөрлөж найзалж яваа хоёр л доо. Бэлтгэлийн үеэр ганц хуушуур, гоймонгоо хувааж идээд явж байсан үеүд бидэнд олон бий. С.Мөнхбат маань 2005 онд Сүхбаатар аймгийн наадамд барилдан, аймгийн заан болж, дараа жил нь би Увс аймгийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртэж байлаа. Найзыгаа аймгийн арслан болгочих гээд л хамтдаа  аймгуудын наадамд явдаг байлаа. Ингэж яваад 2009 онд цэргийн наадмаар хоёулаа үзүүр түрүүнд үлдэж, найз маань цэргийн арслан болж, би үзүүрлэн, аймгийн арслан цолондоо чимэг нэмж байлаа. Тэр жилээ хоёулаа улсын наадамд барилдаж, би харцага цол, найз маань начин цол хүртэж байв.  Бидний дунд олон жилийн сайхан нөхөрлөл бий, цаашдаа ч байна. Тэрийгээ бодож найз маань Төрийн наадмын том даваа болох заан цолны даваанд намайг авч, заан цолны босго алхуулсан. Тухайн үед сэтгэл хөдлөл дээд цэгтээ  хүрсэн ч “Цааш давах ёстой. Батлах ёстой шүү” гэсэн бодолдоо бат байж, сэтгэлээ дарж, чангалсан. Дараагийн даваанд олимпийн аварга Н.Түвшинбаяраараа давж, гарьд цолны болзол хангасандаа баярлаж байгаа.

“Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэдэг ч та бүхний хувьд наадмаас наадмын хооронд бэлтгэл юугаа чамбайруулж, хүлээдэг биз. Энэ жилийн бэлтгэлээ хэр сайн базааж байна. Ирэх жил юунд зорьж байна?

Цолоо бататгаж, шөвгөрч, сайхан барилдахын төлөө бэлтгэлээ таслахгүй, цалгардуулахгүй хийхийг хичээж л байна даа.

Наймдугаар ангиасаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн талаар тань уншиж байлаа. Анхны наадам, анхны цол тань юу байв?

2004 онд Увс аймгийн Ховд сумын 70 жилийн ойд барилдаж дөрөв давж байснаас өөрөөр сумын наадамд барилдаж үзээгүй. Сумын цол ч байхгүй.  Залуу бөх байгаад 2006 онд аймгийнхаа наадамд түрүүлж,  аймгийн арслан цол хүртэж байсан.

Сумын ч цолгүй бөх аймгийн наадмаас арслан цол авчихна гэж төсөөлөөгүй л байх даа?

Тэгэлгүй яахав. Аймгийн начин болчих юмсан л гэж хүсч явсан үе шүү дээ.

Ижий аав тань их л баярласан байх даа?

Тэр жил Их монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ой тохиож байсан болохоор аав ээж хоёр маань гэртээ баярын нэвтрүүлэг үзээд, аймгийн арслан цол хүртсэнийг маань мэдээ ч үгүй сууж байсан. Бөхийн багш н.Бат-Очир маань намайг дагуулж гэрт очоод “Хүү нь аймгийн арслан боллоо” гээд хэлэхэд аав, ээж маань баярлаад л үнссэн дээ. Тэгээд тэр дороо л нисэх буудал явж, Улаанбаатарт ирсэн.

Улсын наадамд зодоглох гэж үү?

Тийм. Аймгийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн зардлыг аймгийн Засаг даргын тамгын газраас гаргаж явуулж байсан. ЗДТГ-ын хүмүүс нисэх буудал дээр “Аймгийн арслан” цолны үнэмлэхийг гардуулж өгөөд, нисгэж байлаа. Ингэж л улсын наадамд, шүтэж хайрлаж явдаг бөхчүүдийнхээ дэргэд зодоглож үзсэн юм.

Таны аав барилддаг уу? Та эхээс хэдүүлээ вэ?

Аав маань барилддаггүй. Би гурван эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй айлын том хүүхэд. Эрэгтэй дүү маань оюутан болоод манайд амьдардаг. Аав ээж маань нутагтаа энх тунх сайхан амьдарцгааж байна.

Тамирчин хүний амжилтын ард сайхан хань ижил байдаг. Та гэр бүлийн хүнээ танилцуулаач. Хэрхэн учирч байв?

Бүхий л тамирчдын ар гэр том үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс зөвхөн миний ар гэр гэлтгүй бүхий л тамирчдын ар гэр, хань ижил нь мундаг, сэтгэлтэй хүмүүс байдаггэж ойлгодог. Тэдний хөдөлмөр сэтгэлийн илрэл нь тамирчдын амжилтаар гардаг гэж бодож байна. Миний ханийг н.Чинцэцэг гэдэг. Бид нутагтаа танилцаж, гэр бүл болцгоосон. Хоёр  хүүхэдтэй.

Эхнэр тань үйл урладаг уу. Дээл, малгай, зодог шуудгийг тань хэн урладаг вэ. Хэчнээн зодог шуудаг, дээл, монгол гуталтай вэ?

Дийлэнх бөхчүүдийн зодог шуудгийг Монгол бөхийн өргөөнд байдаг урланд хийдэг. Бас “Саран зодог” гээд үндэсний бөхийн зодог шуудаг, малгай, дээл, гутал урладаг урлан бий. Тэднээр л хийлгэдэг дээ.

Бэлтгэл, барилдааны үеэр зодог шуудаг урагдах, хөлсөнд, угаалтад түлэгдэх гээд элэгддэг. Бас биеийн жингээс хамааралтай солих шаардлага гардаг. Арав орчим дээлтэй. Харин гуталдаа дасчихдаг болохоор байн байн солиод байдаггүй. Гурван гуталтай.

Та зан чанарыг яаж тодорхойлох вэ? Таны барилдааныг бөх сонирхогчид хурдтай гэж дүгнэдэг. Зан чанартай тань холбоотой юу?

Зангаа тодорхойлж ёстой мэдэхгүй юм. Хүмүүс “Дуугүй” л гэдэг. Барилдааны тухайд цаг зав, мөнгөө төлөөд бөх үзэхээр ирсэн үзэгчдийг уйдааж, чилээгээд байхыг хүсдэггүй. Барилдаж байгаа бөхчүүд ч ядарч цуцаад байлгүй хурдхан барилдвал сайхан гэж боддог.

Та бас тулааны спортоор хичээллэж, амжилт ч гаргаж явсан юм байна лээ. Энэ спортоос гарсан шалтгаан юу байв?

Оюутан ахуй цагтаа сонирхож, хичээллэж явсан үе бий. Хүний эх л болсон хойно хүүхэд нь гэмтэж бэртэх вий гэж зодоо юм байлгүй ээж маань дургүйцэж, болиулсан.

Та дуулгавартай, сайн хүү байх нь ээ?

(инээв) Сурагч байхдаа гэр-сургууль, гэр- бөхийн секц-сургууль гэсэн маршрутаар л явдаг байлаа. Айлын том хүүхэд дүү нартай үлгэрлэх ёстой шүү дээ.

Бөх хүн ямар жудагтай, зан чанартай байх ёстой гэж та боддог вэ?

Тариа ургах тусмаа бөхийдөг гэж сайхан үг бий. Аль болох даруухан сайхан байхыг л хичээдэг дээ. Ямар ч улс үндэстний бахархал, үндэстэн байгаагийн баталгаа нь тухайн улс үндэстний өв соёл, урлаг спорт нь байдаг шүү дээ. Түүгээрээ гадныханд танигддаг. Тэр агуу зүйлийн өчүүхэн ч гэлээ  хэсэг болж, тэр соёлыг тээж яваадаа бахархдаг. Тиймээс олныхоо дунд, олонтойгоо эв найртай, даруу төлөв явахыг хичээдэг.

Та бахархаж, үлгэрлэж явдаг бөхчүүдээ дурдвал?

Үндэсний бөхийн том цолтой аваргуудыг бүгдийг нь хүндэлж, хайрлаж явдаг. Хорьдугаар зууны манлай бөх Х.Баянмөнх аварга, Монгол наадамд хамгийн олон удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аварга, энэ цаг үед сайхан барилдаж байгаа Г.Өсөхбаяр дархан аварга, А.Сүхбат дархан аварга, Д.Сумъяабзар аварга, Б.Ганбат арслан, Д.Рагчаа гарьд, И.Доржсамбуу гарьд гээд сайхан бөхчүүд байна. Эднийгээ хүндэлж, эдэн шигээ сайхан бөх болохсон гэж хичээж явна даа.

Сүүлийн жилүүдэд Увс аймгийн харьяат бөхчүүд амжилттай сайхан барилдаж байна. “Увсын бөхчүүд амь нэгтэй, нэгнээ их дэмждэг” гэх яриаг бөхчүүдээс сонсож байлаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

Увсынхан гэтгүй нутаг нутгийн бөхчүүд баг хамт олон болж, жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тиймээс найз нөхөд, хамт олон болсон байдаг. Гал дотроо бөхчүүд эрэмбэ дэс дараатай, нэгнээ хүндэлсэн, том цолтой бөхчүүдээсээ үг сонссон, тэд нь залуучууддаа чадах мэдэх зүйлээ зааж өгдөг дэг жаяг үндэсний бөхөд байдаг. Энэ нь үндэсний бөхийн сайхан өв соёл энэ шүү дээ. Бөхийн бүхий л галд энэ жаяг бий. Ялгарах зүйл байхгүй, бүгд л адилхан монгол аавын хөвгүүд.

Монгол гэснээс саяхан “Монгол бахархлын өдөр” тохиож, бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд улсын том цолтой олон бөхчүүд оролцсонгүй. “Алтан бүс” наадамд явсанд нь шүүмжлэл ч нэлээд гарлаа.

Хүмүүс янз бүрээр ойлгож, ярьж байх шиг байна. Тухайн барилдаан дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа. Эхний жил Ч.Санжаадамба аварга, хоёрдахь жил нь П.Бүрэнтөгс арслан, гурав дахь жилд нь Р.Пүрэвдагва арслан түрүүлсэн. Миний хувьд өнгөрсөн жил очиж барилдаад шөвгийн наймд үлдэж байсан. Энэ жил тэр амжилтаа бататгах зорилготой яваад, мөн шөвгийн наймд үлдэн барилдсан.

“Алтан бүс” барилдааны тухайд зун долоодугаар сард манай бөхчүүдэд урилга ирүүлсэн. Урилгын дагуу онгоцны ирэх, явах зардал, очоод байрлах буудал, хоолны мөнгө гээд бүх зүйл тухайн үед баталгаажсан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр жил бүр өөр өөр өдөрт тохиодог. Энэ жил 11 дүгээр сарын 19-нд “Алтан бүс” барилдаантай давхцсан тул ийм асуудал үүслээ. Түүнээс мөнгө хайгаад “Алтан бүс” наадмыг сонгоод явсан зүйл байхгүй.

Өвөрмонгол бөхчүүдийн манай бөхчүүдээс ялгарах онцлог, давуу тал нь юу анзаарагдсан бэ?

Өвөрмонгол бөхчүүд гар гартайгаа, хөл нь хөлтэйгээ барилддаг. Зодог шуудаг нь өөр болохоор барьцны хувьд бидэнд эвгүй байсан. Барьцандаа дасах гээд алдаа гаргах, санамсаргүй гар, хөлд нь хүрвэл унасанд тооцдог болхоор даваа алдах тохиолдол манай бөхчүүдэд гарсан.

Монголын бөхийн холбооноос үндэсний бөхийн барилдаанд улсын том цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар шинэ журам гаргасан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

Хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна. Зарим нь болж байна гэж байхад зарим нь бөхчүүдэд хүндрэлтэй зүйл тулгарч байна. Үндэсний бөх бол мэргэжлийн спорт биш. Бөхчүүд Үндэсний бөхийн холбооноос цалинжаад, цалингаараа амьдраад явах боломжтой бол энэ журам хэрэгжихэд асуудал гарахгүй байх. Тиймгүй тохиодолд бөхчүүдийн ард үр хүүхэд, амьдрал ахуй байгаа. Тэднийгээ тэжээх, гэр бүлээ авч явахын тулд бөхчүүд ажил, бизнес хийх тохиолдлууд бий. Тиймээс заалны барилдаан бүрт оролцоод байх цаг зав нь олддогүй асуудал үүсдэг юм билээ. Энэ асуудлыг аль аль талаас нь л харж ойлгох хэрэгтэй байх.

Та БХИС-ын бөх гэж дуудуулдаг. Тус сургуультай хэзээнээс холбогдов. Таныг одоо тус сургуульд багшилдаг гэж сонссон?

Би 2003 онд ахлах сургуулиа төгсөөд Батлан хамгаалах их сургуульд менежмент, төрийн захиргааны удирдлага мэргэжлээр дөрвөн жил суралцсан.  2007 оноос өдийг хүртэл сургуулийнхаа “Спорт сургалтын төв”-д үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Амжилтад маань хамт байдаг хамт олондоо баярлаж явдаг.

Тамирчдад туслаж дэмждэг олон байгууллага байдаг. Та ярилцлагаар дамжуулан талархсан сэтгэлээ илэрхийлж болно.

БХИС-тайгаа холбогдоод 14 жил болсон байна. Я.Чойжамц генерал захиралтай Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хамт олондоо их баярлаж талархаж явдаг. Түүнчлэн “Хөх сүлд” группийн хамт олон, “Монгол керамик” компанийн захирал н.Мандахбаяр, “Гарьд зам” компанийн хамт олондоо, бөхөд хайртай бөхийн төлөө сэтгэлтэй, тусламж дэмжиж явдаг нутгийн сайхан ах нартаа баярлаж, талархаж явдагаа илэрхийлье.

Та бөх хүнийхээ хувьд юунд зорьж, тэмүүлж явна вэ?

Миний хувьд ч гэлтгүй, үндэсний бөхөөр барилдаж байгаа бүхий л бөхчүүд, ер нь аль ч спортоор хичээллэж байгаа тамирчид уулын оргилд гарахыг л хүсдэг.

Таны болон тантай адил зүйлийг хүсч буй олон сайхан тамирчдын хүсэл биелэх болтугай. Олон түмнийхээ хайр хүндлэлийг дааж, цолоо ахиулахын ерөөл өргөе.

Их баярлалаа. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуучууд, бөхчүүддээ өндөр амжилт хүсэн ерөөе. Тэднийг дэмжиж туслаж явдаг нутаг нутгийн ахан дүүс, гэр бүл үр хүүхэд, аав, ээж ах дүүст нь, үндэсний бөхийг шимтэн үздэг монгол түмэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гэрэл зургийг: Б.Одгэрэл