Харүмафүжи уучлалт хүсээд, зодог тайлж буйгаа мэдэгдлээ

Спорт / Time Admin
2017 оны 11 сарын 29

Исэгахама ояката болон шавь ёкозүна Харүмафүжи нар өнөөдөр өглөө Японы сүмо бөхийн холбоонд өөрийн хүсэлтээр зодог тайлах өргөдлөө хүлээлгэн өгснийхөө дараа 14:00 цагт хэвлэлийн хурал зохион байгууллаа.

70 дахь ёкозүна Харүмафүжи хэвлэлийн хурлын үеэр Сүмо бөхийн холбооноос, сүмогийн үзэгчдээс уучлалт хүсч, багштайгаа зөвлөлдсөний үндсэн дээр өөрийн хүсэлтээр зодог тайлах өргөдлөө өгч байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Таканоивад хандан “Ёс зүйтэй зөв амьдраарай. Цаашдаа улам хичээгээрэй. Сүмо бөхийн ухамсар, хүндлэлийг ойлгож ухамсарлаж яваарай” гэжээ.

33 настай Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлах хүсэлтийг нь Сүмо бөхийн холбоо хүлээн авч, түүний хүссэнээр нь шийдвэрлэсэн ч тэрбээр холбоонд үлдэх боломжгүй гэнэ. Учир нь тэрбээр Япон улсын иргэншилгүй гэж “Kyodo” агентлаг мэдээллээ.

Тэрбээр 2001 оны нэгдүгээр сард сүмо бөхөд анхны барилдаанаа эхэлж 2004 оны арванхоёрдугаар сард дээд зиндаанд дэвшсэн. Макүүчид озеки цолтойгоор 4, ёкозүна цолтойгоор 5 удаа түрүүлжээ.

Холбоотой мэдээ