Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 дүгээр сарын 30, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 11 сарын 30

1. Харүмафүжи зодог тайлахаар боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр Японы сүмо бөхийн холбоонд өөрийн хүсэлтээр зодог тайлах өргөдлөө хүлээлгэн өгчээ. Үүний дараа тэрбээр 14:00 цагт хэвлэлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 70 дахь ёкозүна Харүмафүжи хэвлэлийн хурлын үеэр Сүмо бөхийн холбооноос, сүмогийн үзэгчдээс уучлалт хүсч, багштайгаа зөвлөлдсөний үндсэн дээр өөрийн хүсэлтээр зодог тайлах өргөдлөө өгч байгаагаа мэдэгдсэн байна. 33 настай Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлах хүсэлтийг нь Сүмо бөхийн холбоо хүлээн авч, түүний хүссэнээр нь шийдвэрлэсэн ч тэрбээр холбоонд үлдэх боломжгүй гэнэ. Учир нь тэрбээр Япон улсын иргэншилгүй гэж “Kyodo” агентлаг мэдээллээ. 
[Time.mn]  

2. Монгол Улсад 117 улсын 25 мянга гаруй иргэн оршин сууж байна

Монгол Улсад 117 улсын 25 мянга гаруй иргэн оршин сууж байгаа талаар Гадаадын иргэн, харьяатын газар мэдээлжээ. Эдгээр иргэдийн 41 хувийг хөдөлмөр эрхлэх зорилготой оршин суугчид бүрдүүлж байгаа бол гадаад иргэдийн 29 хувь нь гэр бүлийн болон хувийн шалтгаанаар Монгол Улсад амьдарч байна. Үүнээс гадна 1999 оноос хойш гадаадын иргэнд үрчлүүлсэн монгол хүүхдийн тоо 266 хүрээд байгаа бөгөөд эдгээрээс 80 орчим хувийг АНУ-ын иргэд үрчилж авсан байна. Ихэвчлэн Япон, Итали, Герман, Франц улсын иргэд Монголоос хүүхэд үрчлэн авчээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1900 гаруй цагаач иргэн байгаагаас 700 орчим нь ОХУ, 1200 орчим нь БНХАУ-ын иргэн бий гэдэг статистик үзүүлэлт байдаг аж. [Medee.mn]  

3. ОХУ-аас 100 тэрбум рублийн зээл авахаар ярилцаж байна

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдаж байгаа талаар Ерөнхий сайд мэдэгджээ. Энэ зээлийг дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, хоёр талын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Дашрамд дурдахад хөрш орнууд болон гол түнш орнуудтай хөгжүүлж байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч нийт бараа эргэлтийн 64.2 хувь буюу таван тэрбум ам.долларын худалдааг Хятадтай, 12.3 хувь буюу 950 сая ам.долларын худалдааг Оростой хийжээ. [Gogo.mn]  

4. Х.Баттулга: Эрдэмтэн мэргэдээ сонсдог болох хэрэгтэй

“Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт хэлэлцүүлэг Иргэний танхимд өчигдөр боллоо. Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдсан уг нээлттэй хэлэлцүүлэгт ШУА, их дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын 100 гаруй эрдэмтэд оролцжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, “Өнөөдөр улс орны тулгамдсан байдлыг та бүхэн мэдэж байгаа. Гадаад өр 26-30 тэрбум ам.долларт хүрлээ. Газрын доорх баялаг болон бусад баялаг өдөр шөнөгүй Монгол Улсын хилээр гарч байна. Өнөөдөр та бүхэн нэгдэж хэлэлцэн, судалгаа хийж, зохион байгуулалттай байх хэрэгтэй байна. Тиймээс эрдэмтэн мэргэдээ сонсдог болох хэрэгтэй” хэмээжээ. [Shuud.mn] 

5. Оргил ачаалалтай үеэр үйлчилгээнд явах автобуснуудын тоог нэмлээ

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн. Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут,  Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдэн 2017 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжүүлэн эхлүүлээд байна. [Ulaanbaatar.mn]  

6.  В.Путин олон хүүхэдтэй гэр бүлд зориулж тусгай ипотекийн зээл гаргана

Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр, гурав болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулж орон сууцны уян хатан нөхцөлтэй, урт хугацааны шинэ зээлийн хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Түүний төсөөлснөөр одоо тус улсад орон сууцны моргейжийн зээлийн жилийн хүү 6 хувьтай байгаа аж. Харин олон хүүхэдтэй гэр бүлүүдийн амьдрах нөхцлийг сайжруулахын тулд тэдэнд энэ хүүгээс бага, илүү урт хугацааны орон сууцны зээлийн хөтөлбөрийг санал болгох юм байна. Төрөөс татаас олгох хэлбэрээр хэрэгжих уг хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сараас эхэлнэ гэж мэдэгджээ. Ингэхдээ 2-3 өрөө байрны сонголтууд байх болно гэж албаныхан ярьсан байна. [Time.mn]  

7. Ромын пап Францис Мьянмарын удирдагчтай уулзлаа

омын пап болон Ан Сан Су Чи хоёр  өчигдөр Мьянмарын нийслэл Нейпьидо хотод уулзсан байна. Дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж буй Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын асуудлыг уг уулзалтын үеэр Ромын пап шууд хөндөөгүй байна. Пап хэлэхдээ “Нийгмийн гишүүн бүрийн эрх ашгийг хамгаалж, хүндэтгэвэл Мьянмарын ирээдүй гэрэлтэй, амар тайван байх болно” гэжээ. Үндэстний цөөнх болох рохинжачуудыг цэргийн хүчээр “цэвэрлэх ажиллагаа”-гаа зогсоо гэж олон улс Мьянмарын удирдагч бөгөөд Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чи-д шахалт үзүүлсээр байгаа юм. Ан Сан Су Чи ч Ромын паптай уулзах үеэрээ рохинжачуудын тухай дурдаагүй байна. [Montsame.mn]

8. Хойд Солонгосын дүрвэгчдийг нутаг буцаажээ

Эх орноосоо зугтаж яваад Хятадын нутаг дэвсгэрт баригдсан Хойд Солонгосын дүрвэгсдийг эх оронд нь буцаажээ. Умардын 10 иргэн арваннэгдүгээр сарын эхээр хууль бусаар, нууцаар хил нэвтэрч, улмаар Хятадын харуулуудад баригдсан юм. Харин умардаас зугтаж, Өмнөд Солонгост очсон нэгэн эр тэдгээр баригдсан хүмүүсийн дунд эхнэр, дөрвөн настай хүү нь байгаа хэмээн мэдэгдэж, Хятадын дарга Си Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нараас тэднийг нутаг буцаахгүй байхыг хүсч, захидал бичсэн ч дүрвэгсдийг нутаг буцааж, шоронд хорьсон гэх мэдээллийг тэр олж авчээ. [News.mn]

9. Японы эргээс олдсон “Сүнстэй завь”-нд найман хүний цогцос байжээ

Японы баруун хойд хэсэгт орших Акита аймгийн эрэг дээрээс олдсон модон завин дотор найман хүний цогцос байжээ. Амьд хүнгүй, дотроо цогцостой завийг “Сүнстэй хөлөг” гэж нэрлэдэг бөгөөд Японы эрэг дээр гарч ирдэг Хойд Солонгосын загасчдын хөлөг байх гэж таамаглаж байгаа аж. NHK агентлагийн мэдээлснээр долоон метрийн урттай хөлөг Ога хотын эрэг дээр ням гарагт гарч иржээ. Завины сэнс, чиглэл заах төхөөрөмжүүд нь алга болсон байсан бөгөөд зарим цогцсынх нь яс нь цухуйсан байсан аж. [Gogo.mn]

10. Месси дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч

Испанийн Каталонийн “Барселона” багийн аргентин довтлогч Лионель Месси дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлэх болов. Саяхан байгуулсан гэрээ ёсоор Мессигийн жилийн цалин 43 сая евро болжээ. Түүний нутаг нэгт тамирчин Карлос Тевес Хятадын “Шанхай Шеньхуа” багт жилийн 38 сая еврогийн цалинтай “ажиллаж” байгаа билээ. Бразилийн хөлбөмбөгч Нэймар Францын “ПСЖ” багт жилийн 36 сая еврогийн цалинтай хөдөлмөрлөж байгаа. [Wikimon.mn]