АСЕМ-тай холбоотой нийт 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 11 сарын 28

АСЕМ-тай холбогдуулан Үндэсний Аудитын Газраас санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийхэд АСЕМ-ын үйл ажиллагааг зохион байгуулж явуулсантай холбоотой хэд хэдэн зөрчил илэрчээ. Тиймээс Үндэсний Аудитын Газраас ажлын хэсэг томилогдон АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд эрсдэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Тухайлбал, Гадаад харилцааны сайдын төсвийн багцад улсын төсвөөс 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум, нийт 23.6 тэрбум төгрөг батлагдсанаас 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 19.3 тэрбум, нийт 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой нийт 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тиймээс АСЕМ-д зориулж дараах эх үүсвэрүүдээс зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлд эрсдлийн аудит хийхээр болсон байна. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө
  • Гадаадын хандив, тусламж
  • Хөгжлийн банкны хөрөнгө
  • Бусад эх үүсвэр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар “АСЕМ”-ыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан байна. Үүнд:

Үндэсний зөвлөлийн дарга: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Үндэсний зөвлөлийн дэд дарга: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Үндэсний зөвлөлийн гишүүд:

  • Сангийн сайд Б.Болор
  • Сайд, ЗГХГ-ын дарга С.Баярцогт
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл
  • Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр
  • Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар
  • УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа
  • Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Б.Батбаяр
  • Ерөнхий сайдын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнх төр
  • ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав

Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга:

  • ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг