АПУ ХК-ийн 25 хувийг Хайнекен компани эзэмших болжээ

Эдийн засаг / Time Admin
2017 оны 11 сарын 28

90 гаруй жилийн түүхтэй АПУ компанид Монголын шингэн хүнсний салбар болон хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагджээ. Энэ бол дэлхийд алдартай ХАЙНЕКЕН болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэсэн хэрэг юм.

Судалгаа шинжилгээ, боловсруулалт, бэлтгэлийн ажил 2 жил орчим үргэлжилсэн бөгөөд 2017 оны 8-р сард АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас дэмжин, 10-р сард Монголын хөрөнгийн биржийн зөвшөөрөл гарч, 11-р сард Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрсөн шийдвэр гарснаар АПУ ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, тус компанийн хувьцааны 25 хувийг эзэмшигчээр ХАЙНЕКЕН компани бүртгэгджээ.

Үүний үр дүнд АПУ ХК-ийн нийт гаргасан хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг болох бөгөөд нэгдлийн тухай мэдээллийг нийтэд хүргэсэн өдрөөс хойш хувьцааны ханш тасралтгүй өссөнөөр МХБ дээрх хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болох боломж бүрдэнэ.

Өдгөө дэлхийн 70 гаруй улс оронд 165 үйлдвэр ажиллуулан, дэлхийн шар айрагны хэрэглээг тодорхойлж, хөгжлийг манлайлж буй ХАЙНЕКЕН компани АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноор компанийн засаглалын хөгжлийн шинэ шатанд гарч, шингэн хүнс үйлдвэрлэлийн шилдэг ноу-хауг нэвтрүүлж, үйл ажиллагааны ашигт байдлыг сайжруулан, экспортыг тэлж, импортыг орлон, дотоодын эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой байх болно хэмээн компанийн удирдлага үзэж байна.