“ДАШТ 2018”-ын албан ёсны зурагт самбар гарлаа

Спорт / Time Admin
2017 оны 11 сарын 29

ОХУ-д ирэх оны зун зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний албан ёсны зурагт самбарыг өчигдөр Москвагийн метронд олон нийтэд танилцууллаа.

Самбарыг зураач Игорь Гурович зохион бүтээсэн байна. Уг самбарын ерөнхий дүр зураг нь социализмын үеийн, тэр дундаа 1920-иод оны ажилчин ангийн хэв маягийг илэрхийлсэн бөгөөд зураг дээрх хөлбөмбөгчин нь Оросын алдарт хаалгач Лев Яшин юм. Түүний хааж буй бөмбөгний нэг талд дэлхийн бөмбөрцгийг илэрхийлжээ.

Лев Яшин ЗХУ-ын шигшээ багийн хамтаар 1958, 1962, 1966, 1970 оны дэлхийн аваргад оролцож байсан юм. Хамгийн өндөр амжилт нь 1966 оны дөрөвдүгээр байр юм. Тэрбээр Олон улсын хөлбөмбөгийн холбоооноос хамгийн шилдэг тоглогчид олгодог “Ballon d'Or” шагналыг хүртсэн цорын ганц хаалгач билээ.