“Д.Сэржмядагийг хилээр нэвтрээгүй” гэж Эрээний цагдаагийн газраас мэдэгджээ

Орон нутаг / Time Admin
2017 оны 11 сарын 29

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалажээ.

Замын-Үүд сумын сургуулийн сурагч найман настай охин сураггүй болоод 26 хонож байгаа ч сураг гараагүй байгаа асуудлаар тус сумын цагдаагийн хэлтсээс мэдээлэл өгчээ.

Одоогоор Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан 13 цагдаагийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм байна. Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн аж.

Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээлийг хүргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн газарт хамтран ажиллах "Санамж” бичгийн хүрээнд албан бичиг, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас С охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурважлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэсэн мэдээллийг өгчээ.