"Сүр данзан царайлах" гэж юу гэсэн үг вэ?

Хүрэлсүх ерөнхий сайд саяхан засгийн газрын хуралдаан бололтой нэг арга хэмжээний үеэр "Битгий сүр Данзан царайлж бай" гэсэн утгатай зүйл ярьсан нь олон нийтийн сүлжээгээр өргөн цацагдаж эхлэлээ. Би өдий олон жил бичиг судар шагайсан хүний хувьд "Сүр Данзан царайлах" гэсэн хэллэгтэй өнөө хэр тааралдаж байгаагүй болохоор чухам ямар утга учиртайг нь ухан ойлгож чадсангүй. Бодохуйяа "Сүр бадраах", "Сүржигнэх" гэсэн утгыг сүүлийн үеийн хүүхэд залуучууд ингэж ярьдаг болсон юм болов уу даа гэж таасхийгээд өнгөрлөө.

Өчигдөр миний бие "Хүндэтгэлийн үг хэллэг" хэмээх бичлэг оруулсан. "Төр төмбөгөр, ёс ёмбогор" хэмээх сайхан үгийн цаана хүндэтгэлийн үг хэллэг нь төрт ёс лугаа ахан дүү, амраг садангаас өөрцгүй хамаатай юм шүү хэмээх утга агуулагдан байж таарна. Өөрөөр хэлбэл "төрийн хүний зангарга", "төрийн хүний намба төрхийг" илтгэх гол хэв шинж үг хэлээр дамжин илэрхийлэгдэн гардаг болохоор манай төрийн түшээд яруу сайхан монгол хэлнийхээ хүндэтгэлийн үг хэллэгийг бүхний түрүүнд сурч эзэмшээд зөв сайхан хэрэглэх тал дээр түүчээлэх учиртай юм аа гэдгийг энэ бичлэгээрээ дамжуулан хэлэх гэсэн бөлгөө.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр сөрөг намынхныгаа шүүмжлэн үг хэлж байх зуур: "Ямар бандий юм бэ?" хэмээн хэлж байсныг олон уншигч санаж байгаа буй за. Гудамжинд залуус хоорондоо "Ямар шог юм бэ?", "Ямар бандий юм бэ?" хэмээн хэлж байвал ондоо хэрэг. Харин монгол хэлэнд маань энэ утгыг арай өөрөөр илүү хурц илэрхийлэх өргөн боломж байдгийг төрийн түшээд маань анхаараасай билээ. "Хүмүүн өчүүхэн бөгөөс үг хөнгөн" гэх буюу "Хааны үг тоглоом төдий зүйл биш" гэх зэргээр дорно дахины холбогдох сургаал, зүйр үгсийг нэлээд урт жагсаан бичээд байж болох л доо.

Гуч шахам жил ном эрдмээр сайхан нөхөрлөж яваа номын садан Гомбожавын Мэнд-Ооёо ах маань надад сүүлд хэвлэгдсэн нэг бүтээлээ дурсгахдаа "Хүний үнэ цэнэ өгүүлэн ярьж буй үг хэлэндээ буй." хэмээх сайхан үгийг тэрлэн бичсэнийг сөхөн харах болгонд нүдэнд дурайн сэтгэлд гэгээ татуулах шиг санагддаг.

Өчигдөр Монгол улсын ерөнхийлөгчөөс соёл урлагийн ажилтны улсын зөвлөлгөөнд оролцогсдод хандаж ирүүлсэн илгээлтэнд "МУ-ын түүх бол дэлхийн түүх, Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ." гэсэн утгатай зүйл бичсэнийг уншаад чамгүй гайхсанаа нуух юун. Монголын түүх бол монголын түүх. Дэлхийн түүх бол дэлхийн түүх л биз дээ? "Дэлхий дахины түүхэнд монголын түүх хүндтэй байр суурь эзлэж, хүн төрөлхитний соёлд монгол соёл маань жинтэй хувь нэмэр оруулж ирсэн" гэдэг утгаар хэлсэн бол ондоо хэрэг. Ер нь тиймэрхүү утгатай үг хэлэх гэсэн байх даа хэмээн бас л гүжирдэн ойлгож сэтгэлээ бага боловч тайтгаруулснаа нуух юун.

Манайх гэлтгүй дэлхийн бусад улс орнуудын удирдагч нар ч энэ мэтээр алддаг юм аа. Ноднин жил Хятадын Сүжоу мужид болсон "Их хорийн дээд хэмжээний уулзалтын" үеэр хятадын удирдагч Си Зинь Пин "Хөдөө аж ахуйг хөгжүүлж хөлтэй худалдааг дэгжүүлэх" хэмээх алдартай хэлц үгийг "Хувцас хунараа задгайлан худалдаа арилжааг дэгжүүлэх" хэмээн уншаад бөөн сенсааци дэгжээж билээ. Ажигч гярхай уншигч тэр андуурсан ялгааг олж харж чадах болов уу гээд дор жинхэнэ болон андуурсан хоёр хувилбарыг нь ханз үсгээр зэрэгцүүлэн тавья. 《通商宽农》《通商宽衣》

Хятадын жирийн уншигчид ердөө нэг цаг бололгүй сүлжээгээрээ түрүүчээсээ эхлээд шуугиад явчихсан. "Бид арай ийм соёлгүй бүдүүлэг удирдагчтай юм биш биз дээ?", "Их хорийн төрийн тэргүүнүүдийн өмнө стриптиз үзүүллээ." . . . . . .гэх зэргээр. Тэгээд ердөө нэг цагийн дараа тэр талын бүх бичлэг блоклокдож нам гүм болсон нь Хятадын сүлжээний цагдан сэргийлэч нар хэр зэрэг түргэн шуурхай ажилладгийг батлан харуулж билээ.

Харин манайд болохоор ийм төрлийн үг хэлийн алдаатай үйлдлийг бараг ид бах болгож байгаа юм шиг олон нийтийн сүлжээгээр чөлөөтэй цацаад байх юм. Хамгийн гол нь ийм буруу зөрүү үг хэллэг, илэрхийлэл чинь өөрсдийг чинь шүтэн бишрэх нь холгүй байгаа олон тооны хүүхэд залууст нөлөөлж мэдэхийг төрийн түшээд маань анхаараасай билээ. Хувь хүний үг хэл үйл ажиллагаа удалгүй түүх болон ард хоцорно. Харин өнө мөнхөд орших учиртай монгол төрд энэ мэт буруу жишиг бүү халдварлан үлдээсэй гэдэг үүднээс энэ бичлэгийг оруулав.