Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 1, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 12 сарын 01

1. Манай улсад ДОХ-ын халдвар тээгч 249 иргэн байна

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхий дахинаа ДОХ-ын халдвар тээгч 36.7 сая иргэн байдаг гэх таамаг судалгааг ДЭМБ-аас гаргасан. Тэгвэл манай улсад ДОХ-ийн вирус тээгч 249 иргэн бүртгэгдээд байна. Өвчилсөн нийт тохиолдлын 42 хувь нь 15-24 насны залуус аж. Түүнчлэн 37 хувь нь эрэгтэй, 63 хувь нь эмэгтэй бөгөөд халдвар дамжсан байдлын 99.5 хувийг эрэгтэй эмэгтэй, болон эрэгтэй эрэгтэй хүмүүсийн бэлгийн хавьтлаар халдварласан нь тодорхой болсон байна. Харин эмнэлгийн орчинд буюу зүү тариураар, цусаар, жирэмсэн эхээс хүүхдэд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн ДОХ-ын халдвартай 14 эмэгтэйгээс эрүүл саруул 20 хүүхэд төржээ. [Time.mn]

2.Нүүрсний тээвэрлэлтийн зохицуулалтын талаар Ройтерс мэдээлжээ

Нүүрс тээвэрлэлтэд  үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор манай улсын Засгийн газар зарим нэг зохицуулалт хийж эхэлснийг Ройтерс агентлаг мэдээлжээ. Энэ нь Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх болсон шийдвэр юм. Энэ оны долоодугаар сараас өмнө өдөрт 1200-1500 ачааны автомашин хил нэвтэрч байсан бол одоо өдөрт 500-600 болж буурсан. Үүнээс болж Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн 239 км замд ачаалал эрс ихэсч 140 км урт дараалал үүсээд байгаа юм. [Gogo.mn]  

3. Гэмтлийн эмнэлэгт нэг өдөрт 600 хүн ирж байна

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жирийн үед хоногт дунджаар бэртэж, гэмтсэн гэх 450 орчим хүн үйлчлүүлдэг. Харин өвлийн улиралд энэ тоо нэмэгдэж, 600-д хүрдэг гэж эмч, сувилагч нар ярилаа. Эмч нарын ярьж буйгаар настай хүмүүс явганаас унаж бэртсэн тохиолдол өвлийн улиралд эрс нэмэгддэг байна. Мөн гэмтсэн хүмүүсийн тал хувь нь эмнэлэг дээр согтуу ирдэг бөгөөд хоногт 400 хүн ирсний 200 нь согтуугийн улмаас гэмтэж бэртсэн байдаг аж. Түүнчлэн өвлийн гэмтэл, осгож даарах, хөлдөх, хатуу мөсөн дээр унах зэргээс болж насан туршдаа хөдөлмөрийн чадваргүй болох, хамгийн хүнд хэлбэрээр гэмтэх магадлал байдгийг эмч нар анхааруулж байна. [News.mn] 

4. Монгол Вьетнам улсын худалдааны  бараа эргэлтийг 70 гаруй сая ам.доллар хүргэнэ

Монгол Вьетнам  улсын худалдааны  бараа эргэлт 40 гаруй сая ам доллартай тэнцэж байна. Худалдааны эргэлтийг цаашид 50 сая ам.долларт хүргэх, хоёр жилийн дараа 70 сая ам.доллар болгох зорилтыг тавин ажиллаж байна. Манай   улсаас  Вьетнам улсад экспортлох хонь, ямаа, үхэр, адууны гүн хөлдөөсөн махны эрүүл ахуйн гэрчилгээг тохирч, эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг  ХХААХҮ-ийн Сайд  Б.Батзориг   Вьетнам Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  хатагтай Доан Тхи Хыөнгд тавьжээ. Уг хүсэлтийг Элчин сайд дэмжин ойрын хугацаанд дээрх ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Улмаар ХХААХҮЯ-наас Монгол, Вьетнам улсын хооронд махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд  шууд нислэгтэй болох асуудлыг судлахаар болжээ. [Montsame.mn]  

5. АНУ-ын Элчин сайдын яамнаас талархал илэрхийлжээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаадын иргэд зорчиж явсан тээврийн хэрэгсэл осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 09-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нарыг тус сумын Мандах багийн нутаг “Сүүжийн-Овоо” гэдэг газар цасанд суусан байсныг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалсан байна. Тэгвэл Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Онцгой байдлын ерөнхий газарт Талархал ирүүлжээ. [Ub.life]  

6.  Хойд Солонгос шинэ пуужингийнхаа зургийг нийтэлжээ

Хойд Солонгосын эрх баригчид уржигдар шөнө туршсан “Hwasong-15” нэртэй пуужингийнхаа зургийг нийтэлжээ. AP-ийн мэдээлснээр энэхүү зургийг тус улсын Хөдөлмөрийн намын албан ёсны цахим хэвлэлд байрлуулсан байна. Барууны шинжээчид “Hwasong-15”-ын зурагтай болсондоо ихэд олзуурхаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд үзүүлэнгийн зориулалттай хиймэл гэх дүгнэлт хийхэд эрт байгаа аж. Учир нь хэмжээний хувьд өмнө нь туршсан “Hwasong-14” пуужингаас харьцангуй том юм. Тиймээс илүү их шатахуун тээж, хол зайг туулж чадсан гэнэ. [Time.mn]

7. 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд роботуудад 800 сая хүн ажлын байраа алдана

2030 он гэхэд дэлхийн хэмжээнд роботуудад 800 сая хүн ажлын байраа алдана гэж бизнесийн удирдлагын чиглэлээр компаниудад зөвлөгөө өгдөг “МакКинси Глобал Институт” компанийн судлаачид мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав. “МакКинси Глобал Институт” компанийн судлаачид нь саяхан дэлхийн 46 улс орон ба 800 ажил мэргэжлийг хамруулсан судалгаа хийсний дүнд "2030 он гэхэд өнөөдрийн ажлын байрнуудын  тавны нэг хувьд нь роботууд ажиллах нь" гэсэн тооцоо гаргажээ. [Montsame.mn]

8. Хорватын генерал шүүх хурлын үеэр хор ууж амиа хорложээ

Өчигдөр Гаагийн олон улсын шүүх хурлын үеэр Боснийн Хорватын генерал Слободан Праляк 20 жилийн ял сонссон даруйдаа хор ууж, амиа хорлосон хэрэг гарчээ. 90-ээд оны Балканы хойг дахь дайны үеэр өдүүлсэн гэмт хэргийн шүүх хурлыг Хорватын телевизээр шууд дамжуулж байжээ. Театр киноны найруулагчаас армийн генерал болж дэвшсэн Слободан Пралякийн энэ үйлдлийг телевизээр үзсэн хүмүүс түүний ээлжит драм гэж бодсон байна. 72 настай Слободан Пратяк Гаагийн шүүхийн ойролцоох эмнэлэгт нас барсан гэнэ. Жижиг шилтэй хор уухаас өмнө Пратяк “Шүүгчдээ, Слободан Пратяк бол дайны гэмт хэрэгтэн биш. Би эсэргүүцэж байна” хэмээн орилжээ. [News.mn]

9. Ши Зиньпин “Жорлонгийн хувьсгал”-ыг үргэлжлүүлнэ гэжээ

БНХАУ-ын удирдагч Ши Зиньпин Хятадын дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор ариун цэврийн өрөөг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх ёстой гэжээ. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарыг сайжруулахын тулд олон нийтэд зориулсан үйлчилгээний байгууламжуудыг нэмж байгуулах шаардлагатай гэсэн байна. Эрх баригчид ч ариун цэврийн өрөөний хувьсгал зөвхөн аялал жуулчлалыг сайжруулаад зогсохгүй, тухайн бүсэд амьдарч буй иргэдэд ашигтай гэж үзэх болжээ. Тус улс 2018-2020 оны хооронд дахин 64 мянган ариун цэврийн өрөөг шинээр байгуулна хэмээн төлөвлөгөөндөө тусгажээ. [Gogo.mn]

10. "Moody's" агентлаг "Монгол Улсын эдийн засгийн чадавх"-ыг "доогуур" гэж үнэлэв

Монгол Улсын зээлжих зэрэглэл "CAA1” буюу “Тогтвортой" байгаа нь эдийн засаг өсөх боломж бололцоо өндөр байгааг илтгэж байна гэж “Moody's” агентлаг мэдэгдлээ. Нөгөө талаас эдийн засгийн төрөлжилт тааруу байгаа учраас түүхий эдийн ханшийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай байгааг онцолжээ. Үүний нөлөөгөөр өнгөрсөн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон төсвийн орлого тогтворгүй байсан юм. “Moody's”-ийн жилийн тайланд дурдсанаар" Монгол Улсын эдийн засгийн чадавх"-ыг "доогуур", "институтийн болон төсвийн чадавх"-ыг "маш доогуур", "сөрөг өөрчлөлт буюу эрсдэлд өртөмтгий байдал"-ыг "өндөр" гэж үнэлжээ. [Bloombergtv.mn]