Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

Нийслэл / Admin
2017 оны 12 сарын 03

Өнөөдөр “Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. НҮБ 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг аж. 

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын дөрвөн хувийг эзэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийн ядуурлын түвшин бусад өрхөөс хоёр дахин их, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 хувь нь ажилгүй, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 хувь нь сургуульд хамрагдаагүй, бичиг үсэг мэдэхгүй, 3-5 насны насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн тоон үзүүлэлт гарчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 25 ажилтан тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх ёстой. Үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд торгууль ногдуулахаас эхлээд бусад хариуцлага хүлээдэг ч аж ахуйн нэгжүүд дээрх хуулийн заалтыг төдийлөн хэрэгжүүлэхгүй байгааг мэргэжилтнүүд шүүмжилдэг юм.