Хордлого ажилчдын эрүүл мэндэд цаашид хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй байна гэв

Орон нутаг / Time Admin
2017 оны 12 сарын 04

Өнгөрсөн сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид  угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт  ирсэн талаар бид мэдээлсэн. Маргааш нь буюу 12 дугаар сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн яам, Халдвартын эмнэлгийн хамтарсан эмч нарын баг Дархан-Уул аймгийг зорьж, өвчтөнүүдэд үзлэг хийсэн байдаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Төмөрлөгийн үйлдвэрийн 31 ажилтан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн эмнэлэгт хэвтээгүй ч өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 20 гаруй ажилтан байгааг эх сурвалж хэллээ.

Өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгааг халдвартын тасгийн эрхлэгч н.Мөнхбатаас тодруулахад “Одоогоор 31 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Бүгдийнх нь биеийн байдал дунд зэрэг. Амь насанд аюулгүй” гэсэн юм. Эх сурвалжийн мэдээллээр төмрийг өндөр градуст хайлуулах явцад хий алдагдаж, газын болон төмрийн хийнд ажилчид хордсон байх магадлалтай аж. Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд нэгдсэн дүн гараагүй байна. Түүнчлэн ийм төрлийн өвчлөл манай улсад анх удаа гарч байгаа тул ийм хордлогод орсон иргэний эрүүл мэндэд цаашид ямар өөрчлөлт орохыг эмч нар хэлж мэдэхгүй байгаа аж.

Харин Төмөрлөгийн үйлдвэрт ямар шалтгаанаар угаарын хий гарсан, ажилчид яагаад хордлогод орсныг тодруулахаар тухайн үйлдвэрийн удирдлагуудтай холбогдоход “Манай үйлдвэрийн зарим хэсэг ажиллаж, зарим нь зогссон байдалтай байна. Угаарын хий дэгдсэн гэдгийг тогтоогоогүй байна. Холбогдох байгууллага дүгнэлтээ гаргаад мэдээлэл хийх байх. Бид мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.

Хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ч тодорхой мэдээлэл өгөхгүй байна.